Улс төрийн намууд нууц болон ил аргаар “биеэ үнэлэх” нь хэдийнэ мода болон тэр хэрээрээ эрэлт ч ихтэй болсон гэж болохоор. Ялангуяа ардчилсан хувьсгалын гэх 1990-ээд оноос эхэлсэн энэ үзэгдэл өнөөдөр шал өөр зорилгоор хөврөх болж. Тэртээ 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын дараачаас олон намууд нэгдэн Ардчилсан гэх намыг нэгтгэж байсан үе үнэхээр түүхэн үе байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Харамсалтай нь тэрхүү түүхэн үеэр өнөө үеийнхэн маань устгаж эхэлж байх шиг. Уг нь бол анх Ардчилсан нам төрийн эрхийг түрэмгийлэгчдээс аваръя гэж Засгийн эрхэнд гарч байсан бол өнөөдөр төрийг дарангуйлагчдаас түмнээ аваръя хэмээн одоогийн Монгол Ардын нам, Ардчилсан намын эсрэг бусад жижиг намууд хөл гуйвах боллоо. Тэдгээрт Энхбаярын гэгдэх МАХН, Энхсайханы Үндэсний Шинэ нам, Энхбатын Ногоон нам, Жаргалсайханы Бүгд Найрамдах нам, Оюуны Иргэний зориг зэрэг улс төрийн гуравдагч жижиг намууд зүй ёсоор хэрнээ албан бусаар бичигдэж байна. Бас бус дурдагдаагүй жижгийн жижиг намууд өөрөөр хэлбэл, улс төрийн туршлага бага гэж нэрлэхүйц намууд бий. Дээр дурдсан намууд бол улс төрд өөрийн гэсэн байр суурийг бага ч болов эзэлж чадсан. Товчхондоо, УИХ, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай гэж хэлж болно. Магадгүй тэртээ 20 жилийн өмнөх Ардчилсан хувьсгалаар жижиг намууд нэгдэн одоогийн хүчирхэг Ардчилсан намыг бий болгоогүй байсан бол өнөөдөр улс төрийн намуудын тоо замбараагаа алдах байсан биз. Ер нь одоо байгаа улс төрийн намуудын тоог ч зарим судлаачид, мэргэжлийн хүмүүс шүүмжлэх нь бий. Үнэхээр хоёр сая гаруйхан хүн амтай манай улсад 20 гаруй улс төрийн нам идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж бодохоор их тоо байхаас ч яах билээ. Дуртай нэг нь нам байгуулж, дургүйгээ хүрэхээрээ бусадтайгаа нэгдэнэ, нийлнэ гэх улс төрийн намуудын “энгэр сул”, цаашлаад “биеэ үнэлэх” гаж үзэгдэл манай нийгамд, улс төрийн тавцанд толбо болтлоо тодоос тодоор хар суулгажээ гэмээр. Хамгийн энгийн жишээ л гэхэд, яг одоо цагт өрнөж л байна. Тухайлбал, Энхбаярын энгэр султай нам бусад намуудад сээтэн хаяж хамгийн эхэнд Энхсайханы намыг урхиндаа оруулж чадсан. Дараагаар нь даруухан жижиг намуудаас ганц нэгээр нь “чих”-дэж эхэлсэн. Одоо ч чихэдсээр л байгаа. Хамгийн сүүлд л гэхэд урьд өмнө Оюуны Иргэний зориг намтай “амраглаж” явсан Жаргалсайханы Бүгд Найрамдах намыг Энхбаяр өөрийн намдаа хамсаатан болгож чадсан. Жаргалсайханы нам ч яасан ч дуртай юм, өөрөө бараг гүйгээд очих нь холгүй Энхбаярын намтай амраглачихсаныг нь яана. Хөөрхий Жаргалсайханы намд эрх мэдэл л олдож байвал ер нь хэнтэй ч амраглахаас буцахаа байжээ. Энхсайхан ч яахав угаасб цайрсан толгой. Олон ч нам дамжиж, олон ч намыг нэгдүүлж, салгуулж сурсан толгой. Энхбаярын энгэр султай нам эвтэйхэн хүчирхэгжиж байх зуур бас өөр хоёр нам өөр хоорондоо нэг хөнжилд шургалчихлаа. Тэр нь Энхбатын ногоон нам, Оюуны Иргэний зориг нам хоёр. Энхбат ч яахав улс төрд карьер хөөж, эрх мэдэл олж авахын төлөө Оюуны намтай нэгдээ л биз. Харин Оюуны нам ямар зорилгоор Энхбатын намтай нэгдэх болов. Өнөөг хүртэл олон намтай “явалдсан”-ы эцэст Иргэний зориг намд хожсон юу байна вэ. Юу ч байхгүй шүү дээ. Аргагүй “архагшсан” нам тул хэдийд ч, хэнтэй ч нэгдэхээс ичихээ байсан нь энэ үү. Бараг холбогдоогүй нам, явалдаагүй улс төрч гэж Иргэний зориг намд үгүй биз. Нэг намтай нийллээ л гэж байдаг, удахгүй саллаа л гэж дуулддаг. Бүр улиг болчихсон гэх үү дээ. Ер нь манай улсад эрүүл улс төр гэж байна уу. Эсвэл бүгд “Улс төрийн замын халдварт өвчин” тусчихсан уу. Нам л гэхээрээ нэгэндээ сээтэгнэж, биеэ үнэлж бусадтай нийлдэг зуршлаасаа хэзээ салах юм бол доо.
Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал
Сэтгэгдэл ( 0 )