Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд Олон улсын жолооны үнэмлэх эзэмших шаардлага тулгардаг. Иргэдийн энэхүү хэрэгцээнд тулгуурлан анх 2003 оноос “Жонон трэйвел” ХХК олон улсын жолооны үнэмлэх гаргаж эхэлжээ. Тус компани өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй хүн олон улсын жолооны үнэмлэх гаргуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Харин тус компаниас гаргасан Олон улсын жолооны үнэмлэх хуурамч гэдгийг Герман улсын шүүхээс нотолжээ. Эхлээд та бүхэнд баримтыг толилуулъя.
ХБНГУ-ын Нордхорн хотын шүүхээс Монголын иргэн Б.Ц-д хуурамч бичиг баримт эзэмшсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, 2011 оны 2-р сарын 14-нд яллажээ. Шүүхийн шийдвэрт:
Б.Ц нь 2010 оны 11-р сарын 15-нд Голланд Улсаас ХБНГУ-руу ВТТ-8390 бүхий дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байх хугацаанд Бад Бентхайн хотын Замын Цагдаагийн ажилтнууд зогсоож бичиг баримтын шалгалт хийхэд дараах зүйлүүд тогтоогдсон. Үүнд:
А. Тээврийн хэрэгслийг хүчин төгөлдөр бус жолооны үнэмлэхээр жолоодсон,
Б. Хүчин төгөлдөр бус жолооны үнэмлэх нь хуурамч гэдэг нь баримтаар тогтоогдсон.
Иймд эдгээр баримтуудыг үндэслэн ХБНГУ-ын Нордхорн хотын шүүх Танд 1638,50 еврогийн мөнгөн торгуулийг оногдуулж байна. Хэрэв Та 1638,50 еврогийн торгуулийг төлөх чадваргүй бол уг торгуулийн хэмжээг дүйцүүлэх 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулах болно хэмээн заасан байна.
Түүний өмгөөлөгчөөр Германы иргэн Мануэл Файзе ажилласан ч нэгэнт хуурамч бичиг баримттай нь нотлогдсон тул шүүхээс 699,99 еврогоор торгож, өмгөөллийн хөлсөнд мөн 500 евро тушаасан байна. Энэ хугацаанд иргэн Б.Ц нь эд материалын болоод сэтгэл санааны асар их хохирол хүлээсэн байна.
Хэрвээ өмгөөлөгч авч, зардал гаргаж ажиллаагүй бол 25 настай нэгэн Монгол залуу харийн шоронд ял эдлэх гарцаагүй нөхцөл байдал энд үүсчээ.
Хэргийн гол нь иргэн Б.Ц-д олон улсын жолооны үнэмлэх гаргасан “Жонон Трейвэл” ХХК нь хоёр жилийн өмнөөс олон улсын жолооны үнэмлэх гаргахаа больсон байна. Харин тус компани аялал жуулчлал, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Олон улсын жолооны үнэмлэх бол нэлээд ашигтай том бизнесийн тоонд ордог аж. Нэг үнэмлэхийг 120-150 доллараар гаргадаг бөгөөд нэг хүнээс 50-70 доллар ашиг олдог байна. “Жонон трэйвел” ХХК гурван жилийн өмнө “20 мянган хүнд олон улсын жолооны үнэмлэх гаргасан” гэж яригддаг байсныг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгвэл энэ олон иргэний хэд нь хуурамч бичиг баримттай харийн оронд машин жолоодож явааг таах аргагүй боллоо. Олон улсын жолооны үнэмлэх гаргах дүрэм журам, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал нь маш хатуу хяналттай байдаг ажээ. Гэтэл энэ үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн явдал нь нэлээд олон хүний оролцсон бүлэг залилангийн шинжтэй байгаа юм. Ганц нэг хүн олон улсын эрх бүхий бичиг баримтыг хуурамчаар үйлдэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс энэ хэрэгт гардан зохион байгуулагчид төдийгүй, томоохон албан тушаалтнууд ч оролцсон байхыг үгүйсгэх аргагүй.
Хамгийн гол нь хуурамч үнэмлэх гаргаж өгч иргэдийг хохироохын хажуугаар нэг тэрбум гаруй төгрөг залилсан этгээдүүд луйврын үйл ажиллагаагаа яаж үргэлжүүлж байгааг таахад бэрх. Олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй хүнд Олон улсын жолооны үнэмлэх гаргаж өгсөн “Жонон трэйвел” компани гэнэт энэ чиглэлийн бизнесээ зогсоосон нь анхаарал татаж байна. Монголын цагдаагийн байгууллага, хууль хүчнийхэн энэ тал дээр онцгой анхаарал хандуулахгүй бол Монгол улсын олон мянган иргэн хуурамч бичиг баримт эзэмшсэн хэргээр харийн шоронд ял эдлэх аймшигтай нөхцөл байдал бүрдээд байгааг иргэн Б.Ц-д тохиолдсон явдал нотлон харууллаа. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )