Монголын ураны баялаг хойд урд хоёр хөршөөс гадна арлын Япон зэрэг хэд хэдэн улсын хорхойг хүргэж, энэ салбар дахь далд тулааныг аль эрт эхлүүлчихээд байгаа. Монголын тал уранаа бүхэлд нь биш ч гэсэн нэлээд хэсгийг нь өөрийн эзэмшилд барьж үлдэхийн тулд “Мон-Атом” гэдэг төрийн өмчит компани байгуулан даргаар нь УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдинг томилсон юм. Тэрээр С.Баярын Зсгийн газрын үед Японтой гэрээ хийж 60 сая ам.доллар босгон энэ амжилтаа ахиулахын тулд дахиад Канадтай гэрээ хийтэл Орос ах нар дургүйцэж эхэлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Д.Медведев манайд айлчлах үеэрээ нэг их таатай хандаагүй. Тиймээс ч Монголын “Мон-Атом”, Канадын “Хан ресурс” компанийн хооронд байгуулсан санамж бичиг шуугиан тарив. Тэгэхээр нь манай Цөмийн энергийн газраас тэрхүү санамж бичгийг хүчингүй болгосон байна. Монголын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг монголчууд өөрсдөө эзэмших хуультай. Үүний дагуу уг санамж бичиг хийгдсэн атал хаанаас хэний нөлөөгөөр хүчингүй болгосны учрыг ойлгоход төвөгтэй болов. Р.Бадамдамдин ч энэ гомдлоо нуусангүй. Зарим эх сурвалжууд Сү.Батболд Оросуудад уранаа өгөх гэж ийм зүйл хийсэн гэж байна. Үнэн байж болох юм. 2009 онд Д.Медведев айлчлах үеэрээ “Хан ресурс”-ийн эзэмшиж байгаа хувийг авахаа улаан цагаан хэлээд буцсаныг учрыг мэдэх хүмүүс одоо хэлж эхэлж байна. Далд тулаан иймэрхүү замаар өрнөдөг аж.
Тэгвэл нөгөө талд Хятадын цөмийн эрчим хүчнийхэн Оросуудаас өрсөөд “Хан ресурс”-ын хувьцааг 52 сая ам.доллароор худалдан авах саналаа өгчээ. Тэдэнд бас хэн зуучлав гэдэг нь дахиад оньсого таахтай адил боллоо. Өнөөдөр Торонтогийн бирж дээр Орос, Хятад хоёр ана мана өрсөлдөж байгаа. Юуны төлөө вэ. Мэдээж зөвхөн Монгол дахь ураныг хамж авахын тулд тэд тулаанаа тэнд үргэлжлүүлж байна. Харин юмны эзэн сумны занги болсон Монголын талаас энэ хоёрын өрсөлдөөний дундуур олигтой юм огт хийлгүй, харин ч аль алинд нь тал алдахгүйг хичээж байна. Төрийн сэнтийг зайдалсан цөөн хэдэн хүн хувьдаа мөнгө саахын төлөө бас энд улайрч байгаа. Манайхаас зөвшөөрөл авалгүйгээр Торонтогийн бирж дээр Орос, Хятадын компаниуд Монгол гэсэн шошготой ураны нөөцөд өрсөлдөж байгааг ингэж ойлгохоос өөр яах билээ.
Монголын төр засгийн томчууд юу л болоод байна даа. Ураны нөөцөөрөө дэлхийд 15-д, Азид долоод ордог, цаашдаа 1,5 сая тонн нөөцтэй байх магадлалтай улсын хувьд бид уг нь том дуугарч байх ёстой. Эс тэгвээс их гүрнүүдийн идэш болоод дуусна. Харамсалтай нь сүүлийн үед Дорнод Монголын маань ураныг хэдэн дарга нар хааш нь зөөж, хэнтэй хувааж идэх гээд байгааг жирийн иргэд бүү хэл Монголынхоо талыг төлөөлж ураны үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа Р.Бадамдамдин ч тааж мэдэхгүйд хүрчээ. Оросын “Дорнод уран” компани манайхны эзэмших ёстой 51 хувь руу дайрч байна. Энэ компани нь Монгол Оросын хамтарсан гэх боловч далдуур Орос ах нар бүхэлд нь атгаад авчээ. Ер нь “Мон-Атом” манай хэдэн олигархиудын хэтэвчээ зузаалахын тулд чимээгүйхэн байгуулсан компани гэдгийг оросууд сайн мэдэж байгаа тул ийнхүү хүчээр түрж эхэлсэн нь ч нууц биш болж байна. Гагцхүү хэн нь хэдий хэмжээний мөнгө авах вэ гэдэг дээр томчууд толгойгоо гашилгаж, сүүлдээ “Дорнод Уран” гэх компани нь Оросынх уу, Монголынх уу, эсвэл Хятадынх уу гэдгийг ялгаж танихаа ч болив бололтой.
Энэ хооронд харин Канадын “Хан ресурс” манайд 20 гаруй сая доллароо хаян байж уран олборлох их ажлыг өрнүүлээд эцэст нь хамаг байдгаа Оросуудад алдаж Олон улсын арбитрын шүүхэд хандлаа. Шүүхийн маргаанд Монголын Цөмийн энергийн газар, “Мон-Атом”, “Дорнод Уран” гурав татагдахаас аргагүй болж байна. Хэвийн хэмжээнд ажлаа явуулж байсан канадчууд мөнгөө Монгол дахь нефтийн цооногт зүгээр булаад хаячихгүй нь мэдээж. Тэд Оросуудын хуйвалдааны мөн чанарыг шүүхийн эцсийн шийдвэрээр олон нийтэд дэлгэж өгнө гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Канадуудын 58 хувийн эзэмшлийг цуцалж, Оросын “Дорнод Уран” компанитай манайх ураныхаа ордыг хуваан эзэмших болсон нь ийнхүү шүүхэд дуудагдахад хүргэлээ. Ингээд Монголчууд наанадаж өмгөөллийн төлбөр төлөхөөс авахуулаад шатах болж байна. Манай дарга нар “Алтан дорнод Монгол”-ын С.В.Паушокийг олон улсын арбитрын шүүх дээр ялсан гэж баярлаад суугаад байх аргагүй боллоо. Канадуудад цэвэр тавиулж ч магадгүй. Яагаад гэвэл Канадуудад буруутгах аргагүй. Олон улсын арбитрын шүүх асуудлыг шийдэх гэсээр дор хаяж хоёр жил болно. Түүнээс илүү ч хугацаа зарцуулж болзошгүй. Энэ хэрээр манай уран олборлолт, хойд урд хоёр хөрштэй хийх атомын цахилгаан станцын түүхий эдийн нийлүүлэлт саатах болж байна. Ураны нийлүүлэлт хийж эхэлбэл манай эдийн засагт томоохон дэм хүч болох нь ойлгомжтой байна.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )