Монгол бүх нийтийн боловсролоор дэлхийд 40 дүгээрт ордог

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

“Бүх нийтийн боловсролын хяналт, үнэлгээний 2011 оны дэлхийн тайлан”-г танилцуулах уулзалт ярилцлага баасан гарагт боллоо.

Сенегалын Дакар хотноо 2000 онд болсон боловсролын Дэлхийн чуулга уулзалтаар 2015 он хүртэлх дэлхий дахины Бүх нийтийн боловсролын зургаан зорилтыг дэвшүүлсэн юм. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, халамжийг сайжруулах, бүх нийтээрээ бага боловсролтой болох, залуучууд, насанд хүрэгчдийн сурч боловсрох боломжийг үлэмж нэмэгдүүлэх, насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролыг 50 хувиар дээшлүүлэх, сургуульд хүйсээр ялгаварлахыг таслан зогсоох, боловсролын чанарыг сайжруулах гэсэн зорилтууд дээрх зургаан зорилтод багтаж байгаа юм. Дакарын зургаан зорилтыг амжилттай биелүүлэх, олон нийтийн анхаарлыг энэхүү асуудалд хандуулах зорилгоор “Бүх нийтийн боловсролын 7 хоног”-ийг дэлхий даяар жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ ажлын хүрээнд “Бүх нийтийн боловсролын хяналт, үнэлгээний тайлан”-г ЮНЕСКО-гоос жил бүр гарган зорилтын хэрэгжилтийн талаар гишүүн орнууддаа танилцуулдаг юм. Энэ удаагийн “Бүх нийтийн боловсролын 7 хоног”-ийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУЯ-тай хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Бүх нийтийн боловсролын хяналт, үнэлгээний 2011 оны дэлхийн тайлан”-г танилцуулах уулзалт ярилцлага, “ЮНЕСКО-Бидний амьдралд” телевизийн нэвтрүүлэг бэлтгэн орон даяар цацах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Уулзалт ярилцлагад БСШУ-ы дэд сайд Ч.Куланда, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Рана Флауэрс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлегчийн газрын мэргэжилтэн Мин Биста, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын түр хамаарагч Шейнэ Розентал, хандивлагч орнуудын ЭСЯ-ын төлөөлөл болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийн тайланг танилцуулахын зэрэгцээ бүх нийтийн боловсрлын зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд үндэсний хэмжээнд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэх, цаашдын зорилтоо тодорхойлох юм. “Далд мөргөлдөөн: Зэвсэгт мөргөлдөөн ба боловсрол” сэдвийн хүрээнд боловсруулсан 2011 оны дэлхийн хяналт, үнэлгээний тайланд тусгаснаар Монгол Улсын бүх нийтийн боловсролын индекс 0.999 байгаа нь дэлхийд 40 дүгээр байрт орж байгаа бөгөөд бичиг үсгийн боловсролоор манай улс 0.973, жендерийн тэнцвэрт байдлын индексээр 0.970 байгаа нь нэлээд дээгүүр үзүүлэлт юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top