Zindaa.mn сайт "Чөлөөт цаг-Утга зохиол" буландаа долоо, долоо хоногоор Монголын шилдэг хийгээд залуу зохиолчдын бүтээлийг нийтэлж эхэлсэний анхдагч нь билэг танхай найрагч Р.Чойном байлаа. Энэ долоо хоногт Монгол өгүүлэмжийн суут мастер Сэрүүн Галттай нутгийн хүү Сэнгийн Эрдэнийн уран бүтээлүүд тэр дундаа эртний танил шилдэг өгүүллэгээс нь сонгон эрхэм танаа хүргэх болно. Өнгөрсөн зууны жараад оноос хойш С.Эрдэнийн уянгын олон арван өгүүллэг, тууж, романууд нь ард түмнийхээ оюуны цангааг тайлж, нэлээд зохиол нь гадаад хэлнээ орчуулагдан, дэлхийн дэвжээнд гарсан юм. Монголын уран зохиолын түүхнээ мөнхийн од болон гялалзсан их авьяасын эзэн бол Сэнгийн хөвүүн бүлгээ. Түүний ард түмэндээ үлдээсэн их өвийн дотроос “Наран тогоруу”, “Өвгөн шувуу”, “Хулан бид хоёр”, “Малын хөлийн тоос” өгүүллэгүүд нь монгол өгүүллэгийн сор гэж хэлж болно. Мөн “Занабазар”, “Хойт насандаа учирна” роман, Ононгийн туужууд /МУЗД 32-р боть/ нь зуу зууныг туулан амьдрах шилдэг бүтээлүүд гэдгийг энэ дашрамд дурдсу.
Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнэ 1929 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. 1949 оноос уран бүтээлээ эхэлж, яруу найраг, найруулал, эссэ зэрэг төрлөөр хорь гаруй ном хэвлүүлсэн бөгөөд 1994 онд Ардын уран зохиолч цол хүртсэн байна.
ХУЛАН БИД ХОЁР
Арван долоон нас ч дээ. Хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Тэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд тусалсан юм. Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсийнх шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж, нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар урин зөөлөн харцтай байхыг би ер үзээгүй.
Бид үүр цүүрээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай, Жирэмний даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүтээ би дотроо нэг л баяртай боллоо. Арван долоон насанд, үгүйдээ л эр хүний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Үнэхээр тийм нэртэй юм шүү. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хиртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа.
Өглөөний сэрүүнд зэгсэн ергүүлээд Жирэмний даваа даваарай гэж “хаан” бидэнд тушаасан юм.
Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж, ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хүрч болмоор санагдана. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгон жийжүү дөрөө жийж, хөх торгон тэрлэгнийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигон хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна. Харин миний өмссөн хувцас гэвэл: Эмжээр нь сэмэрхий ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл: Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа. Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд,
-Сампил аа, чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраадахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр би тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун ч онхио муутайгаар “Ар Хянган уулан дээр нь гараад харахад” гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв.
Даваан дээр гарах үес бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа.
Энэ шөнөдөө сум хүрч чадвал дээд заяа гээд санаа алдаж ногоон дээр хажуулдан, ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зүйлийг мөрөөдөн санаашрах мэт нүдээ аньж байснаа аальгүйхэн инээж,
-Намайг тат! гээд гараа өгөв. Түүний гар зөөлхөн бөгөөд бүлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
-Сампил аа! Эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгүй. Явъя! гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа, дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн
Эрээ боруу харцагана нь үү-ээ
Жигүүрхэндээ хүчтэй ай хө алдраа мину зээ... гээд л Жирэмний давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хүрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хүртэл хөлөрчихсөн байв. Хулан намайг хүн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас, бургас, мойл, долоогоно хосолсон битүү шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хүүрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
-Хулаан, манай нутагт чам шиг сайхан хүүхэн байхгүй шүү.
-Надад бас өөр сайхан юм бий л дээ.
-Юу гэж?
-Яагаав, сэтгэл байна.
-Тэгээд жаргалтай амьдарч...
-Чи бод л доо. Би хүний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хүн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
-Хулаан, чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв! Чамайг сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгүй.
-Сампил аа, чам шиг хүнтэй сэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг үнс л дээ.
Бид хоёрын урдаас ямар нэг хүн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж, тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд,
-Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхноо шалчийж орхилоо, зүрх минь амаараа гарах нь ээ.
-Хаанаас даа, энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна.
-Мөөн мөн, яах аргагүй мөн. Бидний тэнд байх хооронд сум орж л дээ.
-Одоо яах вэ?
-Харин нь ээ... Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс.
-Ийм удаан уу...
-Харин ээ...
Догшин Чингис хаан ч юу юу үгүй хүрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэсний шар нүдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө, эмээл дээрээ хажуулдан бүдүүн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдүүлэн барьжээ.
-Чи сумаас ирэв үү гэж Хулан их л тулгамдан асуухад, Цамба шүдээ тачигнатал хавираад, амаа муруйлган,
-Сумаас гэнэ шүү. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
-Битгий дэмийр чи...
-Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгүй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хүний морь унаад, бас эхнэрий нь...
-Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нүдээ эргэлдүүлэн, шүдээ ярзайлгаж,
-Дуу! Наана чинь нам цохино шүү гэж орилоод цулбуураас нь шүүрэн авч морийг нь ташуурдав.
-Би бууна. Би үхсэн ч чамтай явахгүй гэж Хулан хорсон уйлахад,
-Чи тэг. Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шүү гэж Цамба бороохой мэт бүдүүн ташуураа далайн над руу давшлахад,
-Цамбаа, болиоч! гээд Хулан гараас нь зуурав. Би гэдэг хүн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгүй зогсож байжээ. Цамба үсрэн бууж морьдоо Хулангийн морины хүзүүнээс холбоод, мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шүүрч аваад морьдоо хайр найргүй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан, .
-Би чамаас хариугаа авна даа. Заавал авна Хулан ч чамайг хаяна. Үзээрэй, муу нохой! Хулан чамайг заавал хаяна гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )