Өгүүллэг: Гадаадын мэргэжилтэн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Сормууниршийн Дашдооров

1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж “Сэргэлэн багачууд”, “Шинэ сурагч”-аас аваад шүлэг, өгүүллэг, тууж, роман, дурсамж, найраглал, кино, жүжиг, дуурь зэрэг уран зохиолын бүх төрлөөр гуч орчим ном бүтээжээ. Төрийн шагналт, Ардын уран зохиолчийн дурсамж дурдатгалын “Элдэв учрал” номноос энэ удаа толилуулж байна. Эл ном нь зохиолчийг нас барснаас хойш хэвлэгджээ. Номын “Ой дурдатгалын бор дэвтрээс” хэмээх бүлгийн хоёр бэсрэг дурсамжийг орууллаа.

 

Гадаадын мэргэжилтэн

1963 оны дүн өвөл. Улсын үзэл суртлын ажилтны анхдугаар зөвлөлгөөн гэж болов оо. Би тэр зөвлөгөөнд Дундговь аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан ирж "Улаанбаатар" зочид буудалд байрлав. Зөвлөлгөөн ч эхэллээ. Тэр хуралд зохиолч, найз нөхөд зөндөө оролцож байгаа аж. Би тэдэнтэй уулзан баяр хөөр болон явлаа. Уулзаагүй удсан нөхдийн царай зүсийг үзэн, яриа хөөрөө дэлгэн саатах юутай сайхан байсан гэх вэ. Тэр дундаа, найз М.Цэдэндорж хоёул бүүр ч аминчирхан хурлын танхимд ч нэг доор сууж завсарлагаанаар ч цуг явж байлаа. Зөвлөлгөөний эхний өдрийн хуралдаан завсарлаж би Цэдэндоржийнд очлоо. Төлөөлөгчдөд зориулсан оройн үзвэрээс амжин хот хөдөөгийн сониныг харилцан ярилцаж, бас ганц нэг лонх архи задалж хоол барив. Гэтэл оройн үзвэрт явах цаг болов. Хөдөө суугаа хүн хот орж ирсэн завшаанаа үзээгүй юмаа үзэж, уншаагүй ном сэлт олж авахын хүсэл дүүрэн явааг хэлэх үү. Гэтэл Цэрэндоржид зөвлөлгөөнд сууж байгаа учир үзвэр үйлчилгээний урилга өгөөгүй юмсанж. Гэсэн ч хамт шинэ зүйл сонсох, үзэх сонирхол хэн хэний маань цээжинд оволзож байлаа. Тэгээд ямар атугай нэг урилгаар ороод үзээд алдах юм болж ухасхийв. Манай найз тэгэхэд уран бүтээлийн уран бүтээлийн, чөлөөтэй мэргэжлийн зохиолч болоод байсан юм. Энэ завшаанаа бичих туурвих юмаа дуусгахаас нааш сахлаа хусахгүй хэмээн өөртөө андгайлан битүү сахал тавьчихсан олны сониуч нүдийг татаж явсан цаг. Бид хоёр хөл нийлэн яаран сандран Улсын дуурь бүжгийн театрт хүрч ирлээ. Үзтэл зөвлөлгөөний төлөөлөгчид хэдүйнээ хүрэлцэн ирсэн аж. Театрын тасалбар шалгагч авгай миний урилгыг харангуутаа хурдан явж хувцас хунараа өлгүүрт өгч суудлаа эзлэхийг адган өгүүлээд Цэрэндоржийг маань шалгаасангүй оруулчихлаа. Бид инээд ханиад болон өлгүүрт хувцсаа өгөөд театрын их танхимын үүд рүү очтол хошмогтой дээл өмсөж гоёсон танхимын зохион байгуулагч залуухан хүүхэн над руу их л сандруухан гүйн ирж,

-Та уучлаарай Ильичив (ЗХУ-ын коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга, тус зөвллөгөөнд ирсэн төлөөлчдийн тэргүүн) гуай болон нам засгийн удирдагчид хэдүйнээ танхимд орж ирчихээд суудлаа эзлээд байна. Үзэгчид тэдэнд баяр хүргэж байна. Та завсарлагаанаар зохих суудалдаа суухгүй юу. Одоо дээд бэльтаж руу гараад эхний хэсгийг үзчих... Харин цаад хүндээ миний яриаг эвтэйхэн ойлгуулаарай. Нам төрийн удирдагчид орчихоод үзвэр эхлэх гээд байна. Тэднийг хүндлэх хэрэгтэй... Та цаад хүндээ аятайхан хэлээрэй!... гэв. Эхлээд би энэ олон үгний учры нь олж ядан байснаа төдөлгүй ойлгов. Тасалбар шалгагч, зохион байгуулагч авгай хүүхнүүд манай Цэрэндоржийг гадаадын мэргэжилтэн гэж санажээ. Намайг түүний хэлмэрч гэж ухаарчээ. Цэрэндорж маань ч энэ ялигүй жаахан эндүүрлийг ойлгосон бололтой инээдээ барьж ядан байлаа. Гэвч би хэлмэрчийн рольдоо тоглож "зочноо" дагуулан мөнөөх хүүхний хэлснээр бэльтаж руу өгсөх нь тэр. Шат өгсөх зуур Цэрэндорж маань пөг пөг хөхрөн "чи тэр хүүхний хэлснийг надад эвтэйхэн ойлгуулаач дээ" гэж дамшиглан явлаа. Би ер нь юүгий нь хэлмэрчлэх вэ дээ. Гэвч тийн нэг удаа Цэрэндорж найзын хэлмэрч болж хамгийн гол нь урилга тасалбаргүй нөхрөө дагуулж гарсан хэрэг бүтсэнд баярлан явж билээ. Маргааш нь театрын хүүхнүүд байтугай, Улс төрийн товчооны гишүүн Ц.Дүгэрсүрэн зөвлөгөөний танхимд сууж байгаа Цэдэндоржийг хараад "энэ зөвлөгөөнд ах дүү орны элчин сайдынхныг уриагүй байж ганц Кубын элчингээс урьдаг нь юу вэ" гэж хавийнхнаа сандраасан гэнэ гэдгийг сонссон бид бас л хөхрөлдөж билээ.

 

Минийх цагаан алтаар хийсэн медаль

Тэр жил, 1985 оны хавар Дархан хотод олон улсын зохиолчдын нэгэн уулзалт болов. Тэр уулзалтанд ЗХУ, Унгар, Болгарын зохиолчид оролцсон юм. Манай талаас Ц.Дамдинсүрэн, С.Удвап, Д.Пүрэвдорж, С.Дашдэндэв, Ж.Лхагва, И.Гүрринчин, Ш.Дулмаа, Л.Чойжилсүрэн болон Сэлэнгэ аймаг, Дархан хотын залуу зохиолчдын нэгдлийн зохиолчид оролцов. Тэнд бид "Утга зохиол найрамдлын" сэдвээр дугуй ширээний ярилцлага хийж, Дархан хотынхны ажил амьдралтай танилцаж "Уран үгсийн чуулган" хийж билээ. Тийн хэд хоног байх зуур Ц.Дамдинсүрэн гуайн амин болон алиа хошин яриаг сонсон явлаа. Нэгэн өдөр Зөвлөлтийн яруу найрагч, Лениний нэрэмжит Егор Исаев, төрийн шагналын хоёр тэмдэг энгэртээ зүүсэн Ц.Дамдинсүрэн гуайн дэргэд нь очин шагналын тэмдгийг шохоорхон саатахад нь тэрбээр зөв энгэрт нь зүүлттэй Лениний шагналын медалийг бас сонирхов. Тэгснээ,

-Үүнийг юугаарр хийсэн бол... гэхэд нь Исаев хэнэггүй,

-Цул алтаар... гэснээ,

 -Харин таны энэ шагналын тэмдгийг юугаар хийсэн бол гэхэд нь Дамдинсүрэн гуай хээв нэг,

-Цагаан алтаар... гэж өчихөд нь Исаев өвгөнд давагдаж байгаагаа гэнэтухааран,

-Барахгүй өвгөн ... хэмээн дуу алдан тэврэн авав. Да өвгөн ч өөртөө их л сэтгэл хангалуун "хи хи" хөхрөн байж билээ.

Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top