Чоно, ирвэсийн үүрэнд хэд хэдэн жил болсон хүүхдийн тухай бишгүй яриа байдаг. Яриа төдийгүй тэр хүүхдийг мөнөөх үүрнээс нь авчирч хүмүүсийн дунд оруулан хүн болгох гэж чамгүй их зүтгэсэн тохиол маш олон. Нэгэн болсон явдлыг сонирхуулъя.
Гуч гаруй жилийн өмнө Энэтхэгийн Прадеш мужийн Лакхнау хотын ойролцоо төмөр замчин Рауль гэгч мухар гудманд вагон хараад алмайран зогсож байсан гайхмаар амьтныг илрүүлжээ. Түүний нүүр, бие нь хүнийх шиг атлаа харц нь яг араатных. Хүний яриаг үл ойлгохоос гадна, зөвхөн дөрвөн хөллөж явна. Энэ хаанахын ямар зочин байв аа? Эмчийн хараанд түүнийг байлгав. Нэлээд хугацаа өнгөрсний дараа жимсний худалдаачин Прасад гэгч эмнэлэг дээр ирээд тэр хүүг үзүүлэхийг хүсчээ. Учир нь найман жилийн өмнө түүний нэг хүү ор сураггүй болсон юмсанжээ. Хашаан дотор дэвсгэр дээр эхтэйгээ унтаж байхад нь бяцхан хүүг чоно аваад явчихсан байж болох юм. Хэрэв миний хүү мөн бол чамархай дээр нь багавтар сорви байх ёстой гэж хэлж. Яг ёсоороо болох нь тэр. Ингээд хүүг эцэгт нь өгсөн бөгөөд цаашдынх нь хувь заяа хэрхсэн нь мэдэгдээгүй гэдэг.
Чонон дунд торнисон хүүхдийн хамгийн дуулиант түүхийн нэгэнд Камала, Амала гэдэг хоёр энэтхэг охины хувь тавилан орж мэдэх юм. Эдний тухай нэгэн үе дэлхийн олон сонин шуугилдсан. Санваартан Синг гэгч хүн тэр хоёр охиныг чонын үүрнээс олсон түүхтэй. Үүрэнд ороход хоёр том чоно тэр даруй зугтан гарч өлөгчин нь бэлтрэгнүүдээ хамгаалж байж, түүнийг буудаж алаад хоёр бэлтрэг, хоёр зэрлэгшсэн охиныг олж авчээ. Бага охин Амала удалгуй нас барсан, харин эгч нь 17 нас хүртэл амьдарсан байна. Камала нарны гэрэл, галаас их айна. Хооллохдоо түүхий махыг шүдээрээ зулгааж иднэ. Дөрвөн хөллөх ба өвдгөө хагас нугалаад хөлийн ул, гараараа тулж гүйдэг.Тэр охин өдөр унтаад, шөнө гэр дотроо тэнүүчилдэг байжээ. Хүмүүсийн дунд орсон эхний үед Камала охин тодорхой хугацаанд, оройн 10 цаг, шөнө дунд нэг цагт, өглөөний гурван цагт тогтмол ульдаг байжээ. Түүнийг хүн болгох гэж маш их цаг зарсан гэдэг. Маш удаан хугацаанд ямар ч хувцас хэрэглэсэнгүй, өмсүүлэх гэвэл урж тасдаад хаячихна. Биеэ угаахаас айж эрс эсэргүүцнэ. Хоёр жил болж байж сая нэг зогсож хөлөөрөө явахад сургасан боловч хурдан явах болохоор дөрвөн хөллөчихдөг байжээ. Яваандаа шөнө унтаж, гараараа юм барьж идэх, аяганаас уухтайгаа болов. Бүтэн 7 жил болоход дөнгөж 45-хан үг ойлгож сурсан ажээ. Ийнхүү "чонын охин" 15 настайдаа хоёр настай, 17-тойдоо 4 настай хүүхдийн оюун ухааны хөгжлийг санагдуулдаг байсан гэдэг. "Араатны сургууль"-д бага насаа өнгөрөөсөн олонх хүүхэд яг л Камала шиг байсан гэх. "Үрчлэн урвуулсан" эх чонынхоо бүх л төрх араншингаас удаан хугацаагаар салж чадахгүй үйл тамаа эдэлдэг нь Шаалуу хүүгийн эмгэнэл юм. Нийгмээс тасарсан хүүхэд хэл яриа сурахгүй, хүмүүжихгүй, ой ухааны хөгжилгүй амьтан болж хувирах нь зайлшгүй юм. Зэрлэгшсэн хүүхдийн төрх байдал нь хүн болох явцад 2-5 хүртэлх нас нэн чухал байдаг гэсэн бодит үнэнийг тод томруун нотлон харуулж байна. Энэ л жилүүдэд хүүхдийн уураг тархи олон зүйлийг олж мэдэж тогтоодог нь бидний сэтгэц, ирээдүйн мэдлэг дадлагын үндсийг бүрдүүлдэг ажээ. Хэрэв энэ л үе нь өнгөрчих юм бол түүнийг хүн болгоно гэдэг бараг бүтэшгүй болой. 1923 онд Энэтхэгийн Ассам муж улсын анчид өлөгчин ирвэсийг агнажээ. Үүрнээс нь залуу араатнууд, бас таван настай хүүг олов. Тэрбээр "төрсөн" ах эгч нараасаа дутахааргүй хазаж, самардаж байсан. Үхсэн тэр ирвэс цөөнгүй ирдэг байсан тэр тогсонд зэрлэгшсэн хүүг авчрахад нь нэг айл таньж байжээ. Эцэг нь өвсөн дунд унтаж байсан хоёр настай хүүгээсээ хэдэн минут холдоод тариалангийн талбайд ажиллаж байгаад уйлах чимээгээр эргээд хартал хүүгий нь зуусан ирвэс битүү шугуй руу үсрэн далд орсон гэдэг. Дөнгөж гуравхан жил болоход тэр хүү ингэж сүрхий өөрчлөгдөж л дээ. Энэ хүүгийн ухаалаг, хүн төрхөндөө орох явцад нь маш их хүч зарсан гэдэг. Гэртээ ирснээс хойш гурван жил болж байж л савнаас идэж уудаг, хөлөөрөө явдаг болсон байна. Ийнхүү "чонын хүү" ч тэр, "ирвэсийн хүү" ч тэр зэрлэг байгалийн дунд нэг л хүмүүжилтэй болдог аж. Тэр нь хүмүүжил ч гэж дээ, зэрлэгшил юмаа. Араатан амьтадтай хамт эзгүй ойд амьдарч байсан энэтхэг хүү Мауглийн үлгэрт тэр хүү амьтдын хэлийг сайн ойлгодог, тэгээд ч авхаалж самбаагаараа бүх амьтдаас давж байсан үлгэр-түүхийг бид багадаа амтархан уншсан. Энэ бол зөвхөн сонирхол татах үлгэр шүү дээ. Тэгэхлээр Шаалуу хүү бодит амьдрал үлгэр хоёрын алинд нь илүүтэй тохирч байна. Энэ бол тодорхой асуудал юм. Амьдрал, үлгэр хоёр байнга л зөрж байдаг шүү дээ. Хүний ертөнц, амьтны ертөнцийн аль олон сонин тохиол учралыг ярьж барах вэ? Энд бид Шаалуу хүүгийн эмгэнэлт хувь заяаны талаар баримт түшин товч хүүрнэлээ. Сэтгэдэг матери болох хүн шиг гайхамшиг гэж энэ ертөнцөд үгүй болой. Хүн хүнээ хайрлаж, хүн төрхөөрөө амьдрах сайхан.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )