С.Эрдэнэ: Улиасан төгөл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

 Зулзаган улиас нахиалахыг хэн эс үзлээ. Мод модны дундаас хамгийн түрүүнд зулзаган улиас нахиална. Хаврын нарны илч газрын хөрсийг гэсгээхийн сацуу улиасхан түүний хөлдүү хөшүүн мөчир амь орж, нялх бие тэнийлгэн суниах мэт болоод нэг үзэхэд энд тэндгүй бяцхан ногоон нахиа цухуйж ирнэ. Тэгээд хэдэн өдрийн дотор тэдгэзр нахиа хавар эхийн дулаан хэвлийд амархан торниж нүдээ нээгээд нарны өөдөөс сарвалзан гарч ирнэ. Хаврын уринг залгах дэлгэр зуны саруудад нарны гэрэл, хур бороо, газрын шимээр идээшилж навчхан түүний бие   гүйцнэ.          

Зулзаган улиас навчаа гүвэхийг хэн эс үзлээ. Уяхан цагаан найлзуурт алтан шар навчаа зүүсэн улиасхан түүний бие нар, салхи, газрын эрх хүүхэд адил билээ. Тэгээд ч намрын хүйтнийг удаан үл тэсвэрлэнэ. Цахир цагаан хяруунд хучигдаж жихүүцэн даарсан навчис дагжин чичирхийлж, өдөр хоног өнгөрөх тутам өнгө юугаа алдсаар нэг хоёроороо унаж эхэлнэ. Хамгийн түрүүнд бойжсон навчис мөн хамгийн түрүүнд эх мөчрөөсөө тасарна. Хамгийн нялх бага нь хамгийн сүүлд үлдэж, эх мөчрөөсөө салж ядан зүүгдэж байдаг билээ.

Нэг нахиалж, мөн нэг удаа навчаа гүвэх нь нэгэн нас нэмэгдсэн хэрэг бөгөөд жилээс жилд үндэс мөчир нь  улам бат бэх болж, ямархан ч салхи шуургыг тэсвэрлэх чадалтай болно.

Дээр үед Цэцэрлэг хотноо амьдарч байсан Ермил  (нутгийхны нэрлэдгээр Ермий) гэдэг орос өвгөний хүү Сашагийн нэрт улиасны тухай энд өгүүлнэ. Шувтан мөртэй шөрмөслөг урт гартай усны замаг шиг цэл ногоон нүдтэй энэ орос өвгөн хэдийд хаанаас ирснийг Цэцэрлэг хотынхон сайн мэдэхгүй. Тийн атал хүүхэд шуухдаас эхлээд хөгшид настай цөмөөрөө Ермил гуай гэж хүндэтгэн найр тавина. Ермил өвгөн багачуудад их дуртай. Хотын больницын том хашааны булан дахь хятад маягийн шавар оромжныхоо өмхөрсөн довжоон дээр нарлаж суухад нь хавь орчмын багачуул цугларан ирнэ. Гэдсий нь халхлахгүй оготор цамцтай, ташаанд нь өлгөсөн халхгар өмдтэй, сааринд баригдсан хөлтэй тэдгээр багачуудыг цугларан ирэхээр өвгөн өтгөн буурал хөмсгөө сөхөж, ногоон нүдээрээ нигүүлсэн харна. Тэгээд чухам юунд ирсний нь мэдэх учир төмөр бүслүүрт намхан хар авдарнаас цагаан төмөр лаазтай мөсөн чихэр гаргаж ирээд:

-За пацаанууд аа, уралдана. Хэн түрүүлнэ, чихэр өгнө гэхээр нь хүүхдүүд хашааны нөгөө этгээдэд дуу шуу болон очиж эгнэн зогсоод өвгөний дохиог хүлээнэ. Ермил лаазтай чихрээ дээр өргөж дохио өгмөгц хүүхдүүд нүцгэн хөлөө жирэлзүүлэн урд хойноо орж уралдана. Өвгөн тэдний яаж хүчээ шавхан мэрийж байгааг харахдаа довжоон дээрээ өндөлзөж, нүд амаа элдэв янз болгож, инээн баясаж сууна.

Багачуулын зарим нь ер газар хороохгүй, дэмий л хөл гараа жирэлзүүлэн, толгойгоо бөндөгнүүлэн, зарим нь өмдөө татан алцганаж, нөгөө зарим нь луулинд ороолдож бөндөсхийн унаж, авхаалжтай нэг нь нөгөөгөө дэгээдэн шороо үмхүүлэх зэрэг нь их л зугаатай хөөрхөн. Хүүхдүүд уралдаж ирээд өвгөнийг тойрч нусаа татан шуухиналдана. Ермил мөсөн чихрээсээ хамгиин томыг түрүүлж, сүүлдэж ирсэн хоёрт өгөөд бусдыг гомдоохгүйн тулд бяцхан бяцханаар хэлтлэн цөмөөрөнд нь өгнө.

Ермилийн байдаг хөрөнгө нь гэвэл том толгойтой хүнд хөлтэй хөгшин луус, үргэлж чихээ унжуулан газар харж явдаг номхон шар нохой хоёр билээ. Өвгөн, хөгшин луусныхаа зантгар толгойг илбэж:

-Би хойт газрын хүн, нас дал гарсан. Энэ миний луус урд газрын амьтан, нас хорь гарсан. Бид хоёрын хэн түрүүлж үхнэ бүү мэд гэж ярих их дуртай. Ермилийн хийдэг ажил нь гэвэл мод тарих ажил. Хавар болж газар гэсэхтэй зэрэг зантгар луусаа томоо гэгчийн модон мөөртэй яйжгий тэргэнд хөллөж ойд гараад зулзаган улиас малтаж авчраад хотын дундуур урсдаг бяцхан горхийн эрэг дээр эгнүүлэн суулгана. Тэгээд тарьсан модоо өдөржин тойрч махир модон үүрэвчтэй хоёр том хувингаар шувтан мөрөө шувтартал ус зөөн усалж, газрыг сэндийлж, мөчрий нь тэгшилнэ.


Хэдэн жил тарьсан мод нь цөм ургаж горхины эрэгт бяцхан төгөл болжээ. Зун цаг навчаа дэлгэн ногоорч, хар бор өнгөт хотыг чимэглэж хүний нүдийг баясгана.

Тэр төглийн дунд бусдаасаа арай өндөр ургасан цэх шулуун иштэй салбарласан мөчиртэй цайвар улиас байжээ. Хүүхдүүд түүнийг Саша улиас гэж нэрлэнэ. Ермил өвгөн хамгийн анх тарьсан хайрт тэр улиасныхаа тухай хүүхдүүдэд ярьж өгдөг байв. Хувьсгалын урьд жил гамингууд Ермил өвгөний ганц ач хүүг алжээ. Тэгээд хөөрхий өвгөн зантгар толгойт луус, номхон шар нохой хоёроос өөр юу ч үгүй хоцорчээ. Цэцэрлэг хотод байсан орос колонийхон үрэн таран болоход Ермил ганц ачийнхаа шарилын дэргэд ясаа тавихаар шийдэж тэндээ үлдсэн хэрэг билээ. Өвгөн ач хүүгийнхээ дурсгалд зориулж анхныхаа зулзаган улиас суулгажээ.

Хүүгийн дурсгалыг бэлэгдсэн тэр улиасханыг олон олон ижил ханьтай болгохын тулд үхэн үхтэлээ мод тарихаар шийджээ. Тийн Саша улиасхан болоод түүний ижил  хань болох бусад мод ургаж өндийх бүр нь энэ дэлхийтэй л цуг мөхөх ямар нэг гайхамшигт зүйл бүтээсэн мэт санах бүлгээ. Гэвч ховдог бөгөөд эрүүл үндсээ газарт гүнээ шигтгэсэн залуу модод сар, жил өнгөрөх тутам бат бэх болж байхад Ермил өвгөний бие зуун жил ургасан улиас мэт өмхөрч муудсаар билээ. Тийн хатуу хуультай нартад мөрөн дээрх бөндгөрөө тээж явдаг цаг болзоо дуусаж байгааг сайн мэдэх өвгөн,

-Саша минь, өвгөн буурал урт наслахын зарлиг буулгах цаг болжээ гэж хайрт улиасандаа өгүүлж, өдөржин сахиж суудаг болсоор тэр жил тайван бөгөөд анир чимээгүй насан эцэслэв.

Өвгөний шарилыг зантгар толгойт луусаар нь зүтгүүлж улиасны ногоон мөчрөөр чимэглэсний хойноос мөсөн чихрийн хэлтэрхийний төлөө уралдаж дассан саарин хөлт оготор цамцат хүүхдүүд нулимс бөмбөрүүлэн  дагаж  явжээ.

Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sarnai(66.181.161.26) 2021 оны 02 сарын 20

za

0  |  0
sarnai(66.181.161.26) 2021 оны 02 сарын 20

medcui

0  |  0
sarnai(66.181.161.26) 2021 оны 02 сарын 20

goe ch bish muuhai ch bish\n

0  |  0
Top