Танин мэдэхүй: Цасан уруй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Альпын нуруунд цастай даваанд байрлаж байсан Австри-Италийн арав орчим мянган цэрэг цасан нурлагад өртөж бүгд амь насаа алдсан эмгэнэлт явдал дэлхийн нэгдүгээр дайны үеэр болжээ. Өмнөд Америкийн орон болон Перу улсад 1962 онд дээрх аюул болсон түүх мартагдаагүй. Хоромхон зуур найман том сууринг бүрэн сүйтгэсэн цасан уруйн жинг эрдэмтэд гурван сая илүү тонн хэмээн тооцоолсон байдаг. Оросын Урал, Кавказ, Карпатад болон Колийн хойгт ийм явдал үе үе болдог байна. Аварга том уруй заримдаа цагт 200 км хурдтай буудаг аж. Түүний замд тааралдсан бүхэн эмгэнэл, эвдрэл  сүйтгэлээр төгсдөг жамтай. Цасан уруйн сүйтгэдэг нууц нь цасан давалгаа урдаа агаарын долгион хөөж явдагт оршино. Цасны цохилтоос агаарын  долгионы цохилт үлэмж хүчтэй, аюултай гэнэ. Байшин барилгыг балгас болгож, ургаа модыг булга татан, хүмүүсийг битүү бэртээн, амьсгалыг нь бооно. Том бөмбөг дэлбэрэхээс ч дутуугүй сүйтгэл учруулдаг аж. Нэгэн удаа Альпид цасан нурлага болж тэр нь жуулчдын байрнаас   таван  метр зайтай ирж зогссон боловч өдий төдий байшинг нураажээ.Тэр уруйг ойртох үед буруу хараад сууж байсан хүмүүс амьд үлдэж, харин өөдөөс нь харж суусан хүмүүс бүгд байшин нурахаас өмнө амьсгал хураажээ. Тэдний амьсгалыг цөмрөн орж ирсэн шахагдсан агаар боосон хэрэг.

1954 оны өвөл Далас станцад цасан уруйнаас буй болсон агаарын долгион дөчин тоннын вагоныг өргөөд замаас зуугаад метрййн зайд шиджээ.Төмөр замын буудал нь тоосгон овоо болж хоцорсон гэдэг. Бид кинон дээрээс уулын хажуу даган урсан орж ирж буй цасан нурлагыг бишгүйдээ л харсан. Аварга том эсгий өнхрөх мэт цасан үер хар эрчээрээ буухыг харахад үнэхээр айдас төрөх бөгөөд түүний замд өртсөн бүхэн сүйрэх нь хууль байдаг. 1981 оны гуравдугаар сард Таджикийн Анзоб даваанд байсан цаг уурын станцын хоёр залуу цанаар явж байтал хөл доорх цас нь хөдлөх шиг болжээ. Минут болоод тэд цасан уруйтай хамт уруудан оджээ. Нисдэг тэргээр эрэлд гарч, нэг хоноод тэднийг хавцлаас олов. Золоор амьд байж. Ийм явдал мэр сэр гардаг юм байна. Эдүгээ цасан уруйтай тэмцэх аргыг хайсаар уруйг бутлах, буулгах, нүүх цасны хүчийг сааруулах талаар болон нейлон тор татах, барьж тогтоох хаалт дэвсэг хийх гэх мэт. Мөн их буугаар буудах систем хэрэглэж байна. Уруйнаас хамгаалах олон станц ажилладаг юм байна. Мэргэжилтнүүд нарийн багажаар өдөр бүр цаг тутам цасан бүрхүүлийг ажиглан хянаж, уруй буух нөхцөл боломжийн талаар сэргийлж мэдээлсээр байдаг болой. Финляндын хэсэг инженер уруй буй болохоос бүр өмнө уруйн аюулын тухай дохиолох зориулалттай багаж бүтээжээ.Тэр багаж өөрөө цасан давхаргын зузаан, цасны чийгийг хэмжиж, уг хоёр хэмжигдэхүүнд үндэслэн энд аюултай уруй үүсэх эсэхийг тодорхойлдог. Швейцарийн уруйн аюул бүхий бүс нутаг дахь уулыг аврах алба авсаархан хүлээн авагч дамжуулагчийг ууланд явах хэн бүхэнд түр хөлсөөр олгох болжээ. Гай зовлон тохиолдвол шаахайнд бэхэлсэн хүлээн авагч дамжуулагч нь уг хүнийг эрж олоход тусална. Найман метр хүртэл хунгар цасанд дарагдсан хүнийг ердөө л гучин сантиметр хүртэл нарийвчлалтай тогтооно. Тэгэхлээр амьд олдох найдвартай гэсэн үг болж байна. Цасан уруй буюу үхлийн цагаан гэгдэх ийм нэг сүртэй үзэгдэл өндөр уулсын орнуудад болдог ч түүнээс хамгаалах, сэргийлэх, үйл ажиллагаа эдүгээ их л эрчимтэй, хурдацтай хөгжиж буй нь шинжлэх ухааны давуу тал гэлтэй.

Zindaa.mn

http://www.e-politik.de/lesen/wp-content/images/2009/01/planinari3.jpg

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top