МУГЖ Г.Ариунбаатарт Төрийн дээд ”Чингис хаан” одонг гаруулах ёслол болно

2016 оны 10 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин, МУГЖ Ганбаатарын Ариунбаатарт Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон хүртээх ёслол 11:40 цагт Төрийн ордонд болно.

Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол улсын иргэн, улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд олгодог.

“Чингис хаан” одон хүртэгчид үзүүлэх урамшуулал

- Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.

- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригдаж байна.

- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгнө.

- “Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шар(139.5.216.177) 2016 оны 10 сарын 31

энэ одонгийн үнэ цэнэ уналаа даа хөөрхий. дуурийн дуучинд өгч таарахгүй баймаар юм.

0  |  0
Зочин(76.218.214.183) 2016 оны 10 сарын 31

Эзнээ олоогүй шүү.

0  |  0
зочин(202.9.42.51) 2016 оны 10 сарын 31

Таалагдахгүй байна.

0  |  0
Top