Өгүүллэг: Эрдмийн цол

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

 

Тангадын Галсан

Ардын уран зохиолч Т.Галсан 1932 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. МУИС төгссөн. “Өнөр хүний зүрх” номоороо Д.Нацагдоржийн шагнал, 2003 онд СГЗ, 2005 онд Ардын уран зохиолч цол хүртжээ. Нэрт зохиолч уран зохиолын олон төрлөөр гуч орчим ном бүтээж, ард түмнийхээ оюуны санд үлэмжхэн өргөл барьжээ. МУЗД 63-р боть бол Т.Галсангийнх юм. “Ри багшийн билгийн зул оршвой” номноос нь энэ удаа дээжлэн барив.

 

Шүгэл хэлтэн

Ри гуай нэг удаа биеийн тамирын хороонд уригджээ. Гадаадад дээд сургууль дүүргэсэн, тэгэхдээ бас “орос хэлэнд ус цас” гэж тамирчид нь шагшдаг нэг    дасгалжуулагч залуу, Ринчен гуайг угтан уулзжээ.

-Дээрх дөрвөн фаатараар занималаад байхад разница неат болно доо .  . .

-За цаад хэдийгээ зааланд ороод упражнеэнээ хийж бай гэж хэл! Бид энд уулзалттай! гэх мэтээр ярихыг» сонсоод Ри гуайн ой гутаж байж дээ, Тэгээд ч тэссэнгүй:

-Дүү минь чи орос хэл хаа сурав даа?

-Коммунизмын эх оронд . . .

-Хэр зэрэг сурав даа?

-Теннисчид боксчидтой бол ярих юм байхгүй. Трээнэрүүдийн хэний ч доор нь орохгүй гэжээ.

Ри гуай:

-За тэгвэл адуучны уурга бөгсөндөө болцуутай, толгой нь тагнайтай, таван алд, гурван төө гээд хэлчих дээ .  .  .

-Түүнийг не умею, гэхдээ л би хаа ч очсон хоолоо олоод идчихтэйгээ болсон шүү!

-За тэгвэл үмх мах, балга шөл авчир! Чимх давс имэр! гээд оросоор хэлээдэхээч!

-Тэр яахав лекцээ эхлэх цаг болчихлоо гээд шүглээ үлээжээ. Ри гуай «хоолны хэлтэй» дасгалжуулагч өөд харан:

-Та таван жил гадаадын дээд сургуульд суугаад

Талхны хэл ч сураагүй нь муу байна.

Шүүрхий хэлээр бантагнуулж явснаас

Шүглээрээ ярьж явсан нь дээр юм байна даа гэжээ.

Энэ цагаас хойш дасгалжуулагч маань эх хэлээрээ ярьдаг болжээ.

 

Эрдмийн цол 

-Эрт урьдын цагт эрдэмтэн мэргэд халуун Жагар орон, сэрүүн Төвдийн оронд очиж, гүн ухаан, таван хэлний мэргэдтэй ном хаялцан мохоолд нь хүргээд маарамба, аграмба, дооромбо, зийрэмб цолтой болоод ирдэг байсан гэдэг.

Гэтэл одоо европын ах дүү социалист орнуудад хэлэлцээр ёсоор очиж, төлөвлөгөө ёсоор ажиллаж, нэхий дээл, савхин цамц, монгол архиар дэд эрдэмтний зэрэг “хамгаалдаг” болсон нь нууц бус.

Ийм хүмүүст ямар цол «хайрлавал» зохих вэ? гэж Ринчен гуайгаас асуусанд:

-Берлинд хамгаалсны нь

Бээрэмбэ

Прагат хамгаалсны нь

Паарамба

Варшавт хамгаалсны нь

Барамба

Софид хамгаалсны нь

Соромбо

Орост хамгаалсны нь

Оромбо гэдэг л байх даа! гэхдээ:

-Дэвжих эрдэмтэнд

Дэд

Дорвитой эрдэмтэнд

Доктор цол хайрлахаас өөр аргагүй гэжээ.

-Хуурамч эрдэмтдэд яах вэ? гэхэд

-ХУУРАМБА гэхэд ононо доо хэмээн түгдрэлгүй хариулсан гэнэ.

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top