Монголд цөмийн хаягдал булшилна гэдэг нь гадаад хэргийн сайд Г.Занданшатарын мэдэгдлээс тодорхой боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Их гүрнүүд цөмийн хаягдлаа бага буурай орнууд руу зөөж хаядаг тухай хэдэн жилийн өмнө үлгэр домог шиг юм яригддаг байлаа. Тэгвэл ийм гамшиг манайд бодитоор нүүрлэжээ. Саяхан Ливи улсын эсрэг НАТО-гийнхон агаараас бөмбөгдөж эхлэхэд Францчууд тун идэвхтэй оролцсон. Тэд зүгээр ч НАТО-гийн далбаан дор Ливиг бөмбөгдөж, дайраагүй байлаа. Ливи улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлаа зөөж булах, оронд нь эдийн засгийн болон бусад тусламж дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон байв. Ливийн сөрөг хүчнийхний энэ бусармаг гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэгчид одоо тэмцсээр, Кадаффийн тал үүнээс болж  иргэдээсээ том оноо авч, улам хүчирхэгжсээр байна.

Тэгвэл манай дарга нар бас Японы эрх баригчидтай иймэрхүү тохиролцоог нууцаар хийсэн  тухай “Ройтерс” агентлагийн Япон дахь сурвалжлагч мэдээлжээ. Японд болсон газар хөдлөлтийн өмнөхөн Америк, Японы болон Монголын албаны хүмүүс уулзаад энэ тухай ярилцсан гэж хоёргүй утгаар мэдээлжээ. Цөмийн хаягдал бол тийм ч хүсээд байх зүйл биш. Манайх шиг алт ухсан газраа нөхөн сэргээж чаддаггүй, хамаг нутгаа цианит, натриар дүүргэж  байгаа улсад бол энэ нь жинхэнэ аймшгийг авчрах нь гарцаагүй. Цөмийн мэргэжилтнүүдийн зарим нь улс төрчидтэй нийлж ийм замаар хувь, хувьсгалынхаа бизнесийг хийж мөнгө олох арга хайж байгаа бололтой. Түүнийг нь дэмждэг улс төрчид ч байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбат эх орондоо цөмийн хаягдал булахыг дэмжиж ярилцлага өгснийг Zindaa.mn сайт өмнө нь нийтэлсэн. Тэрээр цөмийн хаягдал булсан улс орон маш их өндөр үнээр тухайн захиалагч оронтойгоо гэрээ хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ бизнесийг дагаад маш их мөнгө орж ирнэ гэж уулга алдан ярьж байсан. Цөмийн хаягдал хортой гэдгийг тэгвэл мэргэжлийн хүмүүс нь нотлоод байна. Нүүрсийг яаж ч шатаалаа гэсэн үнснээс нь хорт бодис ялгарч  байдаг шүү дээ. Тиймээс монголчууд нүүрсний үнсийг барилга орон сууц барихдаа ашиглахыг хорьж байгаа. Ашиглаж үзсэн зарим нь хорыг биеэр амсаж эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол олон бий. Тэгвэл цөмийн энергийг ашигласны дараа гарах ураны шаталтын хаягдал хүнийг генийн түвшинд нь хохироох хор хөнөөлтэй. Судлаачдын тооцоогоор хор нь газар доор 1000 жил агуулагддаг гэдэг. 25.000 жилийн дараа ч энэ хог хаягдлын хор хөнөөл хүний биед үйлчлэх чадвараа алдахгүй гэж байна. Япон, Франц, Америк зэрэг орон атомын цахилгаан станцынхаа хаягдлыг булшлах газаргүй болж, цөмийн хог хаягдлыг сансарт хаяхаар тээврийн хөлгийн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тэдний авралын од болсон энэхүү хөлөг бүтээгдэхэд даруй 10 жил шаардлагатай байгаа учраас тэдэнд хугацаа хожих шаардлага тулгарч байна. Оросууд ч мөн ийм бэрхшээлтэй тулгарч байгаа. Гэхдээ Орос орон уудам тул ойрын жилүүддээ арай гайгүй байх биз. Тиймээс тус улс Америк, Япон зэрэгт өндөр үнэ хэлж цөмийнх нь хаягдлыг нутагтаа булах санал тавьсан бололтой. Тэгтэл Монголд цөмийн хаягдлын агуулахаа өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулбал арай хямд зардал гарна гэж Америк, Япончууд тооцжээ. Ингээд удахгүй манай улс Оюу толгойн гэрээнээс ч “ашигтай” гэрээ хийж амьд бүхэнд аюул тарьж болох цөмийн хаягдалтай найзлах нь тодорхой болж байх шиг байна.

Учир нь энэ сэдэв хөндөгдсөний дараа улс төрчид бүлх залгисан мэт дуугүй явсаар байлаа. Харин Японы эрх баригчид сэтгүүлчээрээ дамжуулан дэлхий нийтэд мэдээлэл цацсаны дараа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. Гадаад хэргийн сайд Г.Зандаршатар өчигдөр Японы элчин сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Г.Занданшатар сайд "Цөмийн хаягдал булшилна гэсэн Засгийн газраас гаргасан албан ёсны шийдвэр байхгүй. Яагаад ийм мэдээлэл гарсныг мэдэхгүй байна. Японы ерөнхий сайдаас сая асуулаа. Маш их гайхаж байна" гэж ярилаа. Мөн гадаад хэргийн яамны нэг түшмэл "Хог хаягдал булшлах тухай асуудал байхгүй. Цөмийн энергийг ашиглах тухай гадаадын улс гүрнүүдтэй яригдсан асуудал үүнд хамаагүй" гэв. Манай гадаад хэргийн сайд, гадаад хэргийн яам цөмийн хөтөлбөрийг шууд үгүйсгэсэнгүй. Цөмийн хог хаягдлын талаар ч дорвитой тодорхой мэдэгдэл хийж, Монголыг хог сав болгохоор дэлхий даяар ярьж байгаа Япончуудад хариу "цохилт" өгсөнгүй.

Үүнээс нэг зүйл ил болж байна. Манай улс цөмийн энергийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь тодорхой болжээ. Энэ талаар их гүрнүүдтэй хэлцэлд орсон бололтой. Засгийн газрын нууц хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн байж болзошгүй гэж эх сурвалж мэдээллээ. Цөмийн технологи, техник бол асар өндөр өртөгтэй эд. Монголчууд бидний мэдэх Фүкүшима АТС гэхэд л 300 тэрбум долларын үнэтэй гэж бичигдэж байна. Тэгвэл ийм өндөр өртөгтэй АТС-ыг барих мөнгө бидэнд байхгүй. Үүнийг хөрөнгө оруулагч тал буюу Америк, Япон, Тайван гээд өөр хэн байдаг юм АТС-аар мэргэжсэн, туршлагажсан орнууд гаргана. Тэдний барьцаанд бид орно гэсэн үг. Тэгвэл цөмийн хөтөлбөр хэрэгжсэнээр аядуу зөөлөн хэлбэрээр, аажим аажмаар харийнхны цөмийн хаягдлыг Монгол руу нүүлгэх төлөвлөгөөг төрийн эрхэнд гарсан улс төрчид хэрэгжүүлэх нь тодорхой боллоо. 500 жил түлэх нүүрстэй Монгол улс Атомын цахилгаан станцаар яах гэсэн юм болоо. 

Хэрвээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цөмийн хөтөлбөрийн талаар нээлттэй, ил тод мэдэгдэл, мэдээлэл хийхгүй бол иргэд, иргэний хөдөлгөөнүүдийн жинхэнэ тэмцэх ёстой сэдэв чинь энэ болчихоод байна.


Я.Ымербек. Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top