Бүгд Найрамдах Австри Улсын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Линхартыг хүлээн авч уулзлаа

2016 оны 11 сарын 11

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил манай улсад ажлын айлчлал хийж буй Австри Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Михаел Линхартыг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, дээд, өндөр түвшинд харилцан айлчлал тогтмол хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцлов. Тэрээр тус улстай байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн хоёр дахь шатны хөнгөлөлттэй зээл олгох болсонд талархал илэрхийлж, манай иргэд Австри Улсад зорчихоор удаан хугацааны болон оюутны виз хүсэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, тус улсад Гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн сургах, дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн уулзалтын үеэр олон улсын хүрээний сонирхсон асуудлаар талууд санал солилцов.

Монгол Улс Австри Улстай 1963 оны 7 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улс нь манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн хоёр дахь орон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top