Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудал хэлэлцлээ

2016 оны 11 сарын 16

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2016.11.15/ хуралдаан 14 цаг 48 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Хэлэлцээрт нэгдэж орох тухай асуудлыг зөвшилцлөө

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хийсэн юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж байгаа орнууд анх 1975 онд Бангкокийн хэлэлцээр нэртэйгээр байгуулсан хэлэлцээрээ 2005 онд өргөжүүлж Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/ болгож өөрчилжээ. Өнөөгийн байдлаар энэхүү хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка Улс гишүүнээр элсээд байгаа аж.

Эдгээр гишүүн орнууд 4 удаагийн тарифын хэлэлцээ хийж, 10 мянга гаруй барааны татварыг харилцан бууруулах үүрэг хүлээж, импортод хамрагдаж байгаа нийт барааны 40 хувь, улс хоорондын худалдааны үнийн дүнгийн 20 хувийг хөнгөлөх амлалт аваад байгаа юм байна.

Манай улс АПТА-д нэгдэх сонирхлоо 2009 онд албан ёсоор илэрхийлсэн агаад 377 нэр төрлийн барааг багтаасан хөнгөлөлтийн үндэсний жагсаалт гарган Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнээр хэлэлцээг эхлүүлсэн. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60 гаруй буюу экспортын 90 гаруй, импортын 30 хувийг АПТА-гийн гишүүн орнууд эзэлдэг. АПТА-д нэгдсэнээр манай экспортын бараа БНХАУ болон БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Манай улсын экспортын гол нэрийн бараа болох чулуун нүүрсний хувьд 30 хувийн хөнгөлөлт эдэлж, 2015 оны эцсийн байдлаар 9,5 сая ам долларын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан. Цаашид коксжих нүүрсний экспортод 50 хувийн импортын татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм гэдгийг Гадаад харилцааны сайд танилцуулгадаа дурдав.

Манай улс уг хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ. Гэтэл Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн Монгол Улсын үндэсний хөнгөлөлтийн жагсаалтад багтсан модон хаалга, цонх зэрэг барааны гаалийн импортын тарифыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 185 дугаар тогтоол гаргасны улмаас уг хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудал хойшлогдоход хүрчээ.

Манай улс модон хаалга, цонхны импортыг голчлон БНХАУ, БНСУ-аас хийдэг. 2015 оны байдлаар нийт импортолсон модон хаалга, цонхны хэмжээ 5,6 сая ам доллар, үүнээс импортын гаалийн албан татварын орлого 1,1 сая ам доллар олох байснаас 30 хувийн хөнгөлөлт үзүүлснээр татварын орлого 330 мянган ам. доллараар буурахаар байгаа ч зөвхөн чулуун нүүрсэнд эдлэх импортын татварын хөнгөлөлт 9,6 сая ам доллар болохоор байгаа тул төсвийн орлогын алдагдлыг нөхөх бүрэн боломжтой гэж шинэ Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал болон дэлхийн худалдааны чиг хандлагатай зарчмын хувьд нийцнэ. Монгол Улс цаашдаа БНХАУ, БНСУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байгаа. АПТА-гийн хэрэгжилтийн үр дүн нь эдгээр улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Түүнчлэн Монголын бараа бүтээгдэхүүн АПТА-гийн гишүүн орнуудын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр орноос Монголд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзсэний үндсэн дээр Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хэлэлцээрт гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Иймээс энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хийсэн юм.

Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэнийг 11 дүгээр сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ. Шинээр бүрдсэн Байнгын хороо ажлын хэсгийг шинэчлэн баталж, энэ хугацаанд ажлын хэсэг хоёр удаа хуралдан хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж ажлын дэд хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын 30 гаруй саналууд, мөн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэж дэмжсэн байна.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын 38 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд "Энэ хуульд заасан олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн, гэрээг хариуцан байгуулж байгаа, байгуулсан, гэрээг хэрэгжүүлэх, гэрээний хэрэгжилтийн тайланг боловсруулах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага байхгүй тохиолдолд тухайн чиг үүргийг хүлээсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл төрийн бусад байгууллагыг төрийн захиргааны төв байгууллагатай адалтгаж болно" гэсэн агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэхийг дэмжив. Төслийн 16 дугаар зүйлд "Хууль тогтоомжид өөрчлөлт орсны улмаас энэ хуулийн 16.5-д заасан гэрээг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага өөрчлөгдсөн тохиолдолд энэ өөрчлөлтийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат шугамаар холбогдох олон улсын байгууллага, гэрээний нөгөө, эсхүл бусад талд мэдэгдэнэ" гэсэн агуулгатай 16.6 дахь хэсгийг нэмэхээр болов.

Мөн төслийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт "Олон талт олон улсын гэрээний хянан баталгаажуулсан орчуулга, эсхүл түүний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар, эсхүл хоёр талт олон улсын гэрээний гарын үсэг зурсан эх бичвэрийн хуулбар нь хэвлэлийн шаардлага хангахгүй тохиолдолд тэдгээрийн гарын үсэг зураагүй эх бичвэрийг хэвлэн нийтэлж болно" гэсэн агуулгатай тайлбарыг нэмэхийг гишүүд дэмжлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Байнгын хороо гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбар, мэдэгдлийн төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж болно" гэсэн агуулгатай хэсгийг нэмэх, уг хуулийн төслийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхийг дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим хэсгийг хасах санал гаргасан нь олонхийн дэмжлэг авсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэлэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top