Орон сууц барих 72 тэрбумын бонд дэмжигдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” (ноолуур боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор) УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ.Тогтоолд Монгол Улсын 2011 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж 55.5 тэрбум төгрөгийн бонд, төрийн албан хаагчид болон иргэдийг урт хугацаат орон сууцны зээлд хамруулах зорилгоор 72 тэрбум төгрөгийн бонд гаргахаар тусгаад байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар гаргах бондыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Харин орон сууцны зориулалтаар гаргах бондод шүүмжлэлтэй хандсан. Ялангуяа, зарим гишүүдийн зүгээс Засгийн газар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хүрээнд бонд гаргаж, барилгын салбарыг дэмжсэн ч тодорхой хэмжээнд үнийн хөөрөгдөл дагуулах боллоо.Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг зах зээлийн үнээс хэт дээгүүр тогтоодог, хэдийгээр төрийн албан хаагчдыг орон сууцтай болоход нь Засгийн газраас барьж буй бодлого дэмжлэг болсон ч цаана нь байр сууцтай болох гэсэн энгийн иргэдэд боломж олдохгүй үнийн дарамтад оруулж байгаа. Тиймээс асуудлыг анхаарах хэрэгтэй гэдгийг санууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болжээ. Байнгын хорооны хурлаар “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг шийдвэрлэх төслийг танилцуулах үеэр зарим гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан. Ялангуяа, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир БСШУ-ны сайд Ё.Отгонбаярт чанаргүй сургуулиудыг цөөлж, цэгцлэх хэрэгтэй. Эс тэгвээс дипломтой ажилгүйчүүдийн эгнээ өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Монгол Улсын хэмжээнд 10-20 их, дээд сургууль байх хэрэгтэй гэх зэргээр боловсролын салбарын үйл ажиллагааг чамгүй шүүмжлэв. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүнээс 15 нь зөвшөөрч дараагийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагийн хэлэлцсэн асуудал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал байлаа. Дээрх хууль хэрэгжиж эхэлсэн даруйдаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол шүүмжлэл олонтаа ирж өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс дахин УИХ-д төсөл өргөн мэдүүлсэн. Тодруулбал, спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болон түүгээр үйлчлэх тохиолдолд нийслэлд 300, аймагт 200, суманд 100 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр тусгаад байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Засгийн газрын зүгээс тооцоо судалгаатай төсөл оруулж ирэхгүй бол УИХ-аас баталсан хууль хэрэгжиж эхэлсэн даруйдаа олон нийтээс санал шүүмжлэл хүлээдэг. Эцсийн дүндээ УИХ-ын алдааг Засгийн газар засдаг гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлэх боллоо. Ингэж муу болгоныг УИХ үүрдэг жишиг тогтоод байгаа тул Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр гишүүд сайн ажиллах шаардлага байна гэдгийг онцолсон. Гэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг өнгөрсөн өвөл УИХ-аар хэлэлцэх шатанд Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр ажлын хэсэг сайн ажиллаж, өндөр тусгаад байсан төлбөрийн хураамжийг буулгаж, Төсвийн байнгын хорооны түвшинд дэмжсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд тэдгээр саналыг унагасан. Тиймээс төсвийн цоорхойг нөхөх нэрийн дор УИХ Засгийн газарт хэт хөтлөгддөгөө болих хэрэгтэй гэсэн шүүмжлэл ч өрнөв. Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top