“Great төслийн” хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчилна

2016 оны 11 сарын 16

Гадаад харилцааны яамны “Мэдээллийн цаг”-аар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанд оролцсон талаар болон Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилтын хүрээнд Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрд тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж буй талаар мэдээлэв.

Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны ажлын хэсгийн шинжээчдийн уулзалтаар талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэх асуудлыг судлах хамтарсан судалгааны багийг байгуулах тухай монголын талын саналыг ЕАЭК-ын Зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлж, хариуг 2017 оны I улиралд багтаан монголын талд ирүүлэх, Шударга өрсөлдөөн, монополийн эсрэг зохицуулалт, төрийн худалдан авалтын бодлогын асуудал эрхлэх байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, Талууд 2017-2018 oнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, Хамтарсан бизнес форум, ЭКСПО-г 2017 онд Монгол Улсад зохион байгуулах, МҮХАҮТ болон ЕАЭК-ын ажил хэргийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, улмаар бизнес хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны Протоколын төслийг эцэслэн тохиролцсон талаар танилцуулав.

Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “GREAT” төслийн захирал Конрад Бөрдийн айлчлалын хүрээнд ноён Конрад Бөрд Монгол Улсыг гадаадад сурталчлах талаар уулзалтуудыг хийхээс гадна “Great төслийн” ололт амжилт болон туршлагын талаар хувийн хэвшил, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, санал солилцох арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцуулав.

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг гадаадад сурталчилж, таниулах ажлыг эрчимжүүлэх талаар багтсан бөгөөд “GREAT” төслөөс туршлага судлах боломжийг энэ айлчлал олгож буй юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top