АН УИХ-ын сонгуулиас хойш ҮЗХ-гоо хуралдуулахаар хэд хэдэн удаа товлоод байсан хэдий ч сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрээд байсан юм. Тэгвэл тус намын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж ҮЗХ-гоо өнөөдөр хуралдуулах шийдвэр гаргасан билээ.
АН ҮЗХ-ны хурлаараа үндсэн гурван асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, намын Их хурлыг зохион байгуулах ажын хэсэг, намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ажлыг явцыг сонсохоос гадна намын даргыг хэрхэн сонгох зэргийг тус тус хэлэлцэх юм.
Дүрмийн төсөлд тусгасан байгаагаар, АН-ын дарга УИХ-ын сонгуульд намаа ялуулбал дахин нэг удаа улиран ажиллах боломжтой болох талаар зааж өгчээ. Мөн АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд мөн тусгагдсан байна.
"АН-ын дарга хэрвээ ерөнхийлөгчид дэвшихээр бол нэг жилийн өмнө ажлаа өгсөн байх ёстой" гэж дүрмийн төсөлд заажээ. Тэгэхээр 2017 оны сонгуульд одоогийн дарга нь нэр дэвших боломжгүй гэсэн үг.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Засгийн газрыг огцруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг ч зарим эх сурвалж мэдээлээд буй.
Ингэснээр ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлаараа дээрх хэлэлцсэн асуудлуудаа баталж мөн шинэ намын даргаа сонгох юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )