ҮЗХ: Тэд намаасаа хөөгдөх үү?

2016 оны 11 сарын 16

АН-ын ҮЗХ өнөөдөр 15 цагт хуралдана. Тус хуралдаанаар нэлээд олон асуудал яригдахаар төлөвлөгдсөний дотор Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн АН-ын найман гишүүний тухай хурцаар ярих сурагтай.  Тодруулбал, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хуралдсан АН-ын Хяналтын зөвлөлөөс Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах санал өгсөн найман гишүүнээ намаасаа хасахаар шийдвэрлэсэн байдаг. Улс төрч судлаачдын өгч буй тайлбараар АН-ын энэ удаагийн ялагдал Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаснаас үүдэлтэй гэж буй. Ийм учраас ч АН-ын ҮЗХ хуучирсан ч гэсэн энэ асуудлыг сэргээж хуралдах гэж буй бололтой.Тэгвэл намаа ялагдал хүлээхэд хүргэсэн гэх УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын хэн нь хэн бэ. Тэд үнэхээр намаасаа адлагдан хөөгдөх тийм ноцтой зүйл хийсэн үү...

 Р.Амаржаргал

Р.Амаржаргал бол АН-ын хууччуулын нэг. Тэр ардчиллын анхдагчидтай мөр зэрэгцэн явж, улстөрд орсон түүхтэй. Эдийн засагч тэрбээр Гадаад хэргийн сайд, 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, МҮАН-ын даргын албыг эрхэлж байсан. Мөн одоогийн АН-ыг эх барьж авсан хүн. Тэр 2000 онд МҮАН-ын дарга байхдаа Р.Гончигдоржтой гарын үсэг зуралцан намуудаа нэгтгэх шийдвэрийг гаргаж байсан. 2004 онд М.Энхсайхан түүнд АН-аас УИХ-д нэр дэвших эрх өгөөгүй учир Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Тэр үед түүнийг АН-аас хөөж байсан ч сонгуулийн дараа АН-ын дарга нар түүнийг болон бусад бие даагчдаа намдаа татаж, тэр байтугай намынхаа дэд даргаар сонгож байсан. 2008 онд Ховдоос, 2012 онд Сүхбаатар дүүргээс УИХ-д тус, тус сонгогдсон. 2012 онд АН ялимгүй олуулаа болж засгийн эрх авах болоход тэрбээр бусад шиг хор найруулж гүйлгүй, амбицаа ил тод илэрхийлсэн.  Тэр УИХ-ын дарга болох хүслээ илэрхийлсэн ч бусад нь шоолоод З.Энхболдыг дарга болгоод өнгөрсөн. Харин тэр үеэс Р.Амаржаргал МҮДН хэмээх фракцдаа ч харьяалагдахаа байж, байнга Засгийн газраа шүүмжилж ирсэн билээ. Тэр байтугай УИХ-ын гишүүнээсээ, АН-ын ҮЗХ-ны гишүүнээс ч татгалзахыг хүссэн ч АН түүнийг “дургүй бандид дарж байж адис хүртээв” гэгчээр аваад үлдсэн нь саяхны түүх.

Х.Баттулга: 

Х.Баттулгын хувьд жүдо, самбо барилдаанаар Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй бөх. Спортын амжилтаараа Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Ардчилал анх эхлэхээс л дэмжиж ирсэн Х.Баттулга 1990-ээд оноос бусдын адил ганзагын наймаа хийж, улмаар “Женко” компаниа байгуулсан. АН-ыг анхнаас нь дэмжиж ирсэн түүнийг 2004 онд улстөрд ороход тухайн үеийн дарга М.Энхсайхан нь бас л нэр дэвших эрх өгөөгүй. Тиймээс тэр үеийн эвслийн нэг нам болох “Эх орон МАШСН” -аас Баянхонгорт нэр дэвшин сонгогдсон. Удалгүй АН-д элсэж, улмаар МоАХ-ны тэргүүнээр сонгогдсон. Ингээд 2008, 2012 онуудад дахин Баянхонгороос УИХ-д сонгогдоод байв.

Р.Бурмаа

Р.Бурмаа ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэн хүмүүсийн нэг. Тэр дундаа экс соцдекүүдийг дэмжсээр ирсэн. Гэвч “Алтангадас”-ынхан түүнд бодит дэмжлэг үзүүлээгүй гэдэг. Тиймээс 2012 онд УИХ-д АН-ын жагсаалтын 7-д бичигдэн орж ирэхээсээ МоАХ фракцад харьяалагдах болсон.

 

М.Зоригт

М.Зоригт бол мөн л яалт ч үгүй Монголын ардчиллын анхдагчдын нэг. Түүнийг Монголын оюутны холбооны удирдлагад байх үед Монгол Улсад ардчилал эхэлсэн. Ардчиллын үйл хэрэгт тэрбээр бусад нөхдийнхөө хамт хүчин зүтгэсэн. Түүнийхээ дараа хоёр нөхрийнхөө хамт “Бодь” групп, “Голомт” банкийг байгуулсан. Харин улстөрд хожим орсон. Ардчиллынхнаас С.Зориг агсантай ойр байсны хувьд С.Оюуны тэргүүлсэн ИЗН-д байгуулагдахаас нь эхлэн хүчин зүтгэж, 2004 онд Дорнод аймагт тус намаас нэр дэвшин сонгогдож байв. Харин 2008 онд дахин нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Ингээд өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө АН-д элсэн Сүхбаатар аймагт нэр дэвшин УИХ-д дахин сонгогдож байв. Тэр Н.Алтанхуягийг огцруулах асуудал дээр АН дотроо учраа олох ёстой гэх байр суурь илэрхийлж байсан ч түүнийг Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан өдрөөс хойш огцруулах талд зогсохоо илэрхийлсээр кноп дарсан.

Л.Эрдэнэчимэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд мөн л  ардчиллыг анхнаас нь дэмжиж ирсэн нэгэн. Тэр ахын хамт хувийн бизнес эрхэлж “Монос” группыг хөл дээр нь босголцсон. Эмэгтэйчүүдийг улстөрд олноор нь оруулах асуудал яригдаж эхлэх үед АН-д элсэн 2008 онд Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдсөн.Гэхдээ сонгогдож чадаагүй бөгөөд тэр үеэс МоАХ фракцад орж 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин УИХ-д сонгогдсон. Тэрбээр фракцийн нөхдийн хамт Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан.

Ж.Батзандан

Ж.Батзандан гишүүний хувьд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах бичигт эрх баригч талаас гарын үсэг зурсан хоёр хүний нэг. Улстөрд орох үеэсээ АН-ыг дэмжиж, 2003 онд АНУ-аас ирээд “Нүүх үү, үлдэх үү” лекц уншиж явсан Ц.Элбэгдоржтой нэг хэсэг хамт явсан. Дараа нь 2005 оноос хэсэг нөхдийнхөө хамт Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн байгуулж тухайн үеийн эрх баригчдын эсрэг жагсаал цуглаан хийх болсон. 2008 онд Иргэний хөдөлгөөний нам байгуулж УИХ-д нэр дэвшсэн ч ялагдаж, улмаар 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлыг өдөөсөн хэрэгт унаж явсан нэгэн. Тэр энэ Засгийн газарт анхнаас нь л шүүмжлэлтэй хандаж ирсэн гишүүдийн нэг..

Б.Наранхүү

Б.Наранхүүгийн тухайд 2012 оны сонгуулийн өмнөхөн АН-д элсэж, асар их мөнгөөр Дундговьд нэр дэвших эрх авсан гэгдсэн нэгэн. Өмнө нь, одоо ч түүний “Мон-Уран” компанийг газрын наймаатай холбоотой, нийслэлийг удирдаж ирсэн МАН-ынхантай холбоотой гэж ярьсаар байгаа. Тэр АН дахь “Шонхор” фракцийн гишүүн. Энэ удаа Н.Алтанхуягийг огцруулсан явдал МоАХ-той гэхээсээ илүү “Шонхор”-той илүү холбоотой.

Д.Батцогт ч “Шонхор” фракцийн гишүүн. Тус фракцийн тэргүүн З.Энхболд өөрөө Н.Алтанхуягийн талд кнопдсон ч фракцийн хоёр нөхөр нь эсрэг санал өгч бусад зургаан гишүүн нь чуулганд орж ирж саналаа өгөөгүй юм. Тиймээс уг нь Засгийн газрыг унагасан энэ явдал ил мэдэгдэл хийж ирсэн МоАХ-той гэхээсээ илүүтэй хажуунаас нь хутгалсан жинхэнэ “Түгжил” болох “Шонхор”-той илүү холбоотой нь ойлгомжтой хэрэг билээ.

Д.Батцогт

Д.Батцогтын хувьд анхнаасаа АН-ынх бөгөөд М.Энхсайханы хамт АН-аас явж, найман жилийн дараа буцаад намдаа орсон. Ховд аймгаас 2012 онд УИХ-д сонгогдож байсан..

Эдгээр нэр бүхий найман гишүүнээ АН-ын ҮЗХ өнөөдөр хэрхэх нь олны анхаарлыг татаад байна.

С.Баяр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН- АНХДАГЧ(66.181.185.152) 2025 оны 03 сарын 13

Хэн хэн болоод АН-аас ХЭНИЙГ ХӨӨХ БОЛЖ БАЙНА АА. ХӨӨХ ГЭЭД БАЙГАА НОВШНУУД ӨӨРСДӨӨ ЗАЙЛ ДАА. ТЭГВЭЛ АН ЦЭВЭРШИНЭ...

1  |  0
Top