Монголын төр оффшорчдыг шийтгэх биш, дэмжих гэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Сүүлийн үед Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, баталж буй хуулийн шийдвэр олон нийтийн эрх ашигтай зөрчилдөж, эсэргүүцэлтэй тулгарах болсон. Өнгөцхөн харахад зөв зүйтэй мэт боловч цаад санаагаараа хууль бус үйл ажиллагааг дэвэргэж, дэмжсэн хуулийн төслүүдэд иргэд хууртахаа болиод удсан. Гэтэл энэ үйлдлүүд нь тасрахгүй үргэлжилсээр байна уу? гэлтэй хардлага төрүүлэх нэгэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар дэмжих боллоо.

Тодруулбал, УИХ-ын чуулганаар төрийн албан хаагчид оффшорт данстай байхыг хориглох хуулийн төслийг дэмжсэн юм. Гэтэл энэ хуулийн цаад талд татвараас зайлс хийх гэж буй оролдлого нуугдаж байгаа талаар шуугих боллоо. Өөрөөр хэлбэл хуулийн төсөлд олон нийт хийгээд зарим улстөрийн эгдүүг хүргэж, цаад утгаараа төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан нь оффшорт данстай байж болно хэмээн хуульчлаад өгчихөж байгаа юм биш үү гэх хардлага үүсээд байгаа юм.

Ихэнхи бизнес эрхлэгчид энэхүү хуулийн төслийг батлагдахыг хүлээж буй нь дамжиггүй юм. Учир нь оффшортой байхыг зөвшөөрнө гэдэг нь татваргүй бүсэд мөнгөө байршуулаад, Монголдоо татвар төлөхгүй амар сайхандаа жаргаж болно гэчихсэнтэй агаар нэг болно. Улс төрчид бүгд өөрийн гэсэн үйл ажиллагаа эрхэлж буй компанитай гэхэд хэлсдэхгүй байх. Тэгвэл тэрхүү компаниа татвараас зайл хийлгэх хууль ёсны үйлдэл нь энэ байж магадгүй гэх хардлага ч мөн төрөөд байгаа юм.

Уг нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байх үед олон нийт төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдийн ах дүү, амраг садан, гэр бүлийг нь оффшорт данстай байхыг хориглосон тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй хэмээн хэлж байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлж “Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд өөрөөр хэлбэл хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг хүмүүс оффшор данстай байхыг хориглоно. Оффшорыг дэмжсэн биш хориглосон хууль болсон. Ах дүү, найз нөхөд, аав ээжийнхээ нэр дээр данс нээхийг хориглох боломж байгаа эсэхийг судалсан. Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн асуудлын улмаас гэр бүлийн иргэдийг нь данстай байхыг нь хориглож болохгүй байгаа юм. Гэхдээ хэн нэгний нэр дээр мөнгө хадгалсан бол олж тогтоон, хариуцлага тооцно” хэмээн ярьлаа.

Ер нь аль ч улсад хууль бусаар болон хууль ёсоор олсон орлогоо татвараас зайлс хийлгэн оффшор дансанд хадгалах нь хориотой байдаг. Тиймдээ ч дэлхийн улс орнууд оффшор данстнуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж эхэлсэн. Тиймдээ ч зарим улс орнууд оффшор данстай иргэддээ хариуцлага тооцоод эхэлчихсэн. Гэтэл манай улсад эсэргээрээ зөвшөөрөх маягтай хуулийг дэмжсэн нь хачирхалтай.

Ямартай ч оффшорийг дэмжиж, татвараас зайлс хийхийг зөвшөөрч буй тус хуулиа эргэн харж татах ёстой хэмээн зарим УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлж эхэллээ.


УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ хууль гарах ёсгүй. Хуулийн төслөө буцааж татаач

Хууль зүйн сайд хууль эргэж үйлчилдэггүй гэж тайлбар хийж байна. Хэрэв ингэж үзэж байгаа бол энэ хууль гарах ёсгүй. Оффшор данс эзэмшдэг хүмүүсээс тайлбар авах хэрэгтэй. Тиймээс энэ хуулийн төслийг буцаан татаж аваач.Ямартай ч олон гишүүн энэхүү хууль гарах ёсгүй. Хэрвээ хууль батлагдаад гарах юм бол маш олон хүн өөрсдийнхөө нэрээр биш ах дүү амраг садангийнхаа нэр дээр бохир мөнгөө хадгалуулах болно хэмээн хэлж байсан нь яалт ч үгүй үнэн үг. Яг үнэндээ сүүлийн 25 жилийн турш төр барьсан АН, МАН-ын засаглалын үед маш олон тэрбумтнууд төрөөс төрснийг бид мэднэ. Тиймээс л оффшор данстнуудыг цагаатгах, хамгаалах, өмгөөлөх ямар ч үндэслэл хэнд ч, хаа ч байхгүй гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг. Хэдийгээр бид Үндсэн хуульд захирагдах ёстой ч Монголын баялгаас олж авсан хэдийн хэрийн бохир мөнгө тус газарт нуун дарагдсан бэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Угтаа бол энэхүү хуулийн төсөлд оффшор бүсэд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн хүмүүс мөнгөө байршуулж болохгүй. Татвараас нуугддаг, хулгайн мөнгөө нуудаг энэ бүсэд өндөр албан тушаалтнууд мөнгөө байршуулахгүй байх ёстой гэсэн үг үсэг орох ёстой байсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Намынхаа оффшорчдыг хамгаалсан хууль болоод байна

Оффшорт төрийн албан хаагч өөрийн олсон хууль бус орлогоо байршуулахыг хэлээд байгаа юм. Бизнес эрхлэгч татвар төлөхгүй гэсэн шалтгаанаар нуухыг хэлээд байх шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, эх оронч бус хүмүүсийн үйлдэл. “Panama Papers”-ийн ач тусаар 20 гаруй МАН-ын нөхөд оффшор данстайг мэдэж авсан. АН-ын нэг хүн оффшор данстай. Тэгэхээр хууль батлагдахаас өмнө оффшор данс эзэмшиж байгаа хүмүүсийг зохицуулсан заалт ороогүй. Энэ нь өөрийнхөө намын оффшорчдыг хамгаалсан хууль болж байна гэж хараад байна.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Өөрийнхөө нэрээр гадаадад мөнгө хадгалдаг хүн байдаггүй юм

Нууц данстай эрхмүүдийг ил болгохыг ард түмэн хүсч байгаа. Яригдаад байгаа 40,50 хүний хэн нь хэдэн төгрөг хадгалагдсан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс олон улсын байгууллагатай хамтарч энэ асуудлыг илрүүлэх талаар хийсэн алхам байна уу. Хоёрдугаарт, төрийн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэж байна. Үүний дотор гэр бүлийн хүмүүс гэж оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрийнхөө нэрээр гадаадад мөнгө хадгалдаг хүн байдаггүй юм.


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Яагаад татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ

Сүүлийн үед оффшорыг хууль ёсны зөв юм шиг мэтээр ойлгуулах мэдээлэл газар авч байна. Оффшор бол авлигатай холбоотой мөнгөний эх үүсвэрийг нуудаг, аж ахуй нэгж татвараас зайлсхийж мөнгөө хадгалдаг шүү дээ. Яагаад татвараас нуусан мөнгийг зөвшөөрөх гээд байгаа юм бэ. Өмнө нь дансаа нээчихсэн төрийн болон улс төрийн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Гэр бүлийн гишүүн, төрсөн ах дүү, эцэг эхтэй нь хамааруулж болох уу. УИХ-ын гишүүн сонгогдохоосоо өмнө данстай байхыг хориглох боломж байна уу.

 

 

Б.Учрал

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(128.78.141.176) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaichuud ard tumnee doromjiloh ymdaa

1  |  0
Top