Шинэчлэл ч үгүй, шийдэл ч үгүй ҮЗХ-ны хурал

2016 оны 11 сарын 17

АН-ын ҮЗХ-ны хурал үр дүнгүй болжээ. Удирдлага ч үгүй, дүрэм ч үгүй, Их хурлын товтой л үлдэж. Товчхондоо ҮЗХ хуралдаж, шийдвэр гаргах чадамжаа алдсанаа хүлээн зөвшөөрчихлөө.

Олоон жилийн дараа УИХ-ын сонгуульд эрх барих “эрх авчирч” намаа ялуулсан гавьяаг нь хөсөр хаяж Н.Алтанхуягийг гомдоосонтой хамт АН-ын аз харьсан дүр зураг харагдаж байна. Н.Алтанхуяг хэтэрхий дур зоргоороо, хаанчлалын шинжтэй хууль бус алхмуудыг хийгээд байсан нь олон нийтийн тэвчээрийг барж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр Н.Алтанхуяг шиг шуудайд хийсэн эвэр шиг АН-ыг базаад атгасан шагай шиг удирдаад явах хүн “төрөхгүй” байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй шүү дээ, АН-ынхан! Гэвч улс төрийн шийдвэр хүчтэй байлаа. Нам доторх дайсагнал бүр ч хүчтэй байсан болохоор Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас түлхэн унагаж чадсан юм.

Эндээс аз харьсан алхмууд нь эхэлсэн дээ. Ерөнхий сайд нь “сайхан хотын хөөрхөн хархүү” байж, “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж ёстой л “Ара бара пух” гэдэг шиг шившсэн ч нэгэнт их өрөнд унасан Засгийн газар, тэднийг гэдсэндээ хөлөө жийлцэх хооронд дэлгэсэн улс төрийн хор бүхэн сонгогчдод хэдийнэ дараагийн сонголтоо хийх боломжийг олгосон байв. Ч.Сайханбилэг намын даргаасаа “тусгаар тогтносон” шийдвэр гаргахад тун хэцүү байлаа. Ингээд дүүжлүүрт толгойгоо углаж явсаар арай гэж сонгуулийн санал хураалтын дараа “амарсан” даа.

Намын дарга З.Энхболдын үед яагаад ҮЗХ хуралдаж болохгүй байсан гээч. “Энэ Засгийн газрын үед Тавантолгой урагш явах ёсгүй шүү” гэдэг шиг л  “З.Энхболд даргын үед АН-ын ҮЗХ хуралдах ёсгүй” л байсан байхгүй юу. Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид юу хүсч байгааг намын удирдлага маш сайн мэдэрч байсан. Тиймээс мэдрэмжгүйгээс биш мэдрэмжтэйгээсээ болж хуралдаагүй юм.

Гэвч Д.Эрдэнэбат бол түүнээс хавьгүй зоригтой. Тэр бизнес эрхэлж байсны хувьд ч шийдэл гаргахад яардаг чанарыг агуулснаараа бага зэрэг итгэл төрүүлж байв. Тиймээс ч тэр З.Энхболд шиг намын хурлыг чөдөрлөөд байх нь сайн үр дүн авчирна гэдэгт итгэхгүй байв. Ингээд ҮЗХ хуралдлаа. Хуралдсан нь их юм. Харин ч Их хурал байгуулъя гэсэн шийд гарчихаж. Ирц бүрдээгүй гээд хуралдахгүй бол яана. Талын нэг тараад явчихсан экс эрх баригчидаас цөөн нь ирсэн. Тэдний дийлэнх нь “өрөөлийн бөхийг засчихсан”-даа ичээд ирээгүй гэхэд хэн худлаа гэх билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн зүг чигийг зааснаар эрх мэдлээ өндөрлөсөн “Алтангадас”-ынхныг дарж авах хүч “Шонхор”-т л байсан. Тиймээс ч тэд МАН-ынхантай сүйд байсан төдийгүй Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүнийг тойрон хүрээлэгчдийн булхайг уудлах зэргээр тусалсаар ирсний дүнд намаа ялагдуулсан. Харин ч эдүгээгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ч, түүнийг удирдан жолоодогчид ч нэгдсэн командаар АТГ, ЦЕГ, шүүх, прокурорынхныг тэгтлээ солихгүй байж байгаад “өөрсдөөр нь өөрсдийг нь цэвэрлүүлэх” тактик барьж байгаа харагдана. Хэрэв дорвитой хөдөлгөөн хийсэн бол тэд хамтдаа нуувчинд орж нэгнээ харилцан барьцаалах нь далд хэлбэрт шилжиж намынхаа нэр хүндийн төлөө нэгдэж нууцлах л болно.

Яагаад Н.Алтанхуяг ТЕГ-т удаа дараа шалгагдаж тэвчээр алдагдахдаа халааг нь авсан Ч.Сайханбилэгээс удаа дараа тусламж хүсч байсан ч одоо намынхаа ҮЗХ-г хуралдахын өмнөхөн төрсөн дүүгээ баривчлуулж, улмаар өмгөөлөгч ч авч чадахгүйд хүрэв. Эхнэрийнх нь дансыг хянасаар байна. Энэ бүхэн Р.Чингис  ЦЕГ-ын даргаар харагдаж байх нь АН-ын эрх баригчдын “дайсан” нь МАН-ынхан биш АН-ынхан гэдгийг л харуулахын тулд юм шүү дээ.

Нөхцөл байдал ийм байхад АН-ын ҮЗХ нам жим хуралдлаа гэж үү. ҮЗХ хуралдаад ч шийдэж чадахгүй нь гээд Их хурлаа хуралдуулахаар болж байгаа бол байдал их л муудаж байгаагийн шинж. Тэгээд ч Ш.Түвдэндорж, Д.Дорлигжав, Д.Эрдэнэбат, Л.Эрхэмбаяр, Н.Батбаяр нарын бичсэн дүрмээр Г.Батхүү, Л.Гантөмөр нар тоглолт хийнэ гэж үү. Бас “Женкогийн хүн” гэх хаягтай М.Чимиддорж, “намаа шинэчлэх” нэрийдлээр Ерөнхийлөгчийн “гал тогооноос хөөгдсөн” П.Цагаан нар нэмэгдэж байгаа. Энэ бол зүгээр л жүжиг. Одоо зөвхөн АН-ын Их хурал хүртэл хэн, хэн баривчлагдаж хоригдохыг харахад л бодлогын хариу гараад ирнэ. Үүнийг “шинэчилэл, шийдэл” гэх үү. Тэгэхээр “шинэчлэл ч үгүй, шийдэл ч үгүй ҮЗХ” гэсэн минь үнэн байгаа биз.

Нийтлэлч У.Оргилмаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.42) 2025 оны 03 сарын 13

Хаашаа оргох юм баригдахаа хүлээгээд л хэвтэцгээж байгаа бас болоогүй ээ нэг нэгнээ барьж өгнөг

1  |  0
асуулт(202.9.40.53) 2025 оны 03 сарын 13

баярцогт сайханбилэг баттулга этр хаачсын бол оо оргочихоогүй байгаа...

1  |  0
иргэн(202.179.31.8) 2025 оны 03 сарын 13

Ингэж эвссэн дүр эсгэж байхаар тароо тар өөрсдийгөө их сүрхий нэр нөлөөтэй гэж боддог гарууд нь шинэ нам байгуулаад чигээ хөөгөөд яваач. Хурлаач хийж чадахгүй ийм юм гэж хаа байсым.

1  |  0
НАМ(202.21.98.166) 2025 оны 03 сарын 13

ЦУУТАЙ ХҮҮХЭН ХУРИМГҮЙ ГЭДЭГ ШИГ ХУРАЛГҮЙ НАМ. НАМ Ч ГЭЖ ДЭЭ.....

1  |  0
Top