“Төр” сэтэртэй л бол хууль зөрчихийг зөвшөөрдөг хэрэг үү

2016 оны 11 сарын 18

"Хуулийг ер нь зөрчих гэж баталдаг юм биш үү” гэх хэлц нийгэмд бий болжээ. Юу гэж тийм зүйл байх вэ дээ. Хууль байж л бид шударга нийгэмд амьдарч байна шүү дээ. Гэхдээ цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль ард түмэн л илүүтэйгээр үйлчлээд байх шиг.

Харин улс төрчид, олигарх, хууль батлагдчдад онцын хүртээл үгүй. Уг нь бүхий л асуудал хуулийн дагуу шийдвэрлэгддэг. Энэ бол ард түмэнд л зориулсан үг. Үнэн чанартаа хуулиас гадуур амьдрагчид энэ нийгэмд байсаар л байна. Хулгайч, дээрэмчин, хүн амины хэрэгтнүүдийг гэж үү. Үгүй тэд чинь харин ч хуулиа дагаж, хуулийн дор гэмт хэрэгтэн нэр зүүж яваа хүмүүс.

Харин цагаан цамц өмсч, зангиа зүүчихсэн хуулийг завхруулагчид манай төрд амьдарч байна. Тэд хууль зөрччихөөд ганц л хэлдэг тайлбартай. Юу вэ гэж үү. Тэд "намайг улс төрийн шалтгаанаар шалгаж байна. Түүнээс хууль зөрчөөгүй” гэж мэдэгдэнэ. Ингээд л болоо. Түүнийг шүүх шийтгэж, цагдан хорьсон ч улс төр ярьсаар л дээлээ нөмөрдөг.

Жишээ нь Л.Гансүх. Тэрээр одоо хийсэн хэргийнхээ шийтгэлийг үүрч, цагдан хоригдож байгаа. Гэвч одоо ч улс төрийн шалтгаанаар цагдан хоригдож байна гэж тайлбарласаар байгаа.

Мөн Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнг мартаж болохгүй. Ухаантай мэдлэгтэй залуу мөн л улс төрийн шалтгаанаар цагдан хоригдож, шалгагдаж байна. Гэм буруугүй атал түүнийг хууль шүүхийн байгууллага дахин дахин хорьсоор байна л гэж тайлбарлаад байгаа. Төсвийн мөнгийн шамшигдуулсан, идсэн, үрэн таран хийсэн, тендер завшсан зэрэг нь хууль зөрчсөн асуудал огтоосоо биш аж. Үүнийг нь шалгаад тогтоогоод цагдан хорихоор "улс төр л буруу явж байгаа учраас би хоригдчихлоо үнэн ялна аа” гэж таахалзана.

Хоёр улсын иргэншилтэй н.Ганбат одоо ч ийм л тайлбар хийж манай хуулийн байгууллагыг даапаалж суугаа. Саяхан цагдан хоригдсон Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат бас л улс төрийн золиос болоод хоригдож байна гэх тайлбарыг удаа дараа өгсөн. Ингээд харахаар хэчнээн сайхан залуус буруугүй хэрнээ буруутаад байх шиг. Ерөөсөө л гэм буруутай нь улс төр гэгч. Ингэж ойлгож болохгүй. Хүн буруу зүйл хийсэн л бол хуулийн хариуцлага хүлээх ёстой.

Дээр болж буй зүйлийг түр орхиод ойрхоны жишээ татаад үзье.

10 дугаар сарын 19-нд сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль боллоо. Энэ сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэг нэлээд маргаантай. Маргаан одоо ч эцэслэгдээгүй байна. Учир нь тус дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн зургаан хүн мөнгө тараасан гэх бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байна. Хууль хүн бүрт л тэгш үйлчлэх ёстойг дахин сануулья.

Уг нь зургаан хүний асуудал шалгагдаж байгаа. Хэргийн шалгалт дуусч шүүхийн эцсийн байдлаар шийдвэр гаргана. Түүнээс өмнө хэн ч илүү тайлбар хийх нь зохимжгүй. Гэтэл БЗД-ийн АН-ынхан шүүхийн шийдвэрийг сонсолгүйгээр өнөөх л гэм буруутан "улс төр” гэгчийг ярьж холион бантан хутгаж байна.

Уг нь ингэж бужигнаж байхаар шүүхийн шийдвэрийг л тэвчээртэйхэн хүлээчихмээр. Мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн эсэхийг л шүүх тогтооно шүү дээ. Гэтэл үүнийг хүлээж чадахгүй дүүргээ хоёр хувааж, эцсээ хүртэл тэмцэж байгаа нь цаанаа өөр учир шалтгаантай ч юм шиг. За тэр чухал биш. Хамгийн гол нь хуулийг зөрчих гэж бус мөрдөх гэж л баталдаг. Харин даган мөрдөх ажлыг төрийн түвшнөөс эхлүүлмээр. Иргэд хүссэн хүсээгүй хуульд захирагдан амьдарч байна. Гэтэл төрийн нэр зүүсэн хүмүүс хууль шүүхийн шийдвэрийг ч хүлээлгүйгээр "мундагласаар” байх юм. Мундаг ч гэж дээ. Зүгээр л тэдэнд хуулийг даган мөрдөх хүсэл, ухамсар алга. Ийм байж иргэдээс хуулиа дага гэж шаардах нь учир дутагдалтай.

БЗД-ийн асуудал бол шүүхээс зургаан хүн бусдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан уу үгүй юу гэдгийг тогтоотол хүлээчихэд л болмоор. Түүнээс урьдаж АН ч тэр, МАН ч тэр өнөөх улс төрийг хийгээд байх шаардлага үгүй. Даанч хамаг юмны буруутан улс төр бусдыг хууль зөрчүүлсээр л байна.

А.Аюуш

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.228) 2025 оны 03 сарын 13

ХУУЛЬ ЗӨРЧСӨН Л БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ АРДЧИЛСАН НИЙГМИЙН МӨН ЧАНАР ГЭЖ БОДДОГ. ГЭТЭЛ МАНАЙД УЛСТӨРЧИД НЬ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН БОЛСОН. ТЭД Л ИЙМ ХЭЛЛЭГ ГАРГАДАГ. ТЭД ХУУЛЬ ЗӨРЧСЭН Л БОЛ ШИЙТГҮҮЛДЭГ БАЙХ ЁСТОЙ. ИЙМ БАЙХГҮЙ БОЛ АРДЧИЛСАН ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ХУДЛАА ЯРИАД ХЭРЭГГҮЙ ЭЭ.

1  |  0
Top