Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцлаа

2016 оны 11 сарын 23

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, газрын дарга Б.Баярсайхан болон хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцож, цаашид хэрхэн яаж ажиллах талаар зөвлөгөө өглөө.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлуудад санал зөвлөгөө авах, мөн туршлага судлах, өнгөрсөн хугацаанд хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны удирдлагын төв байгууллагуудын алдаа оноо, түүнээс сургамж авах, Үндэсний хөгжлийн газрын чиг үүргийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа зарим асуудал тухайлбал, холбогдох яам, агентлаг, Хөгжлийн банктай хэрхэн үр дүнтэй нягт хамтарч ажиллах, чиг үүргийн зарим давхардлыг хэрхэн арилгах талаар болон төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааны талаарх туршлага, сургамж, өнгөрсөн он жилүүдэдҮндэсний хөгжлийн газрын үүх түүх ямар байсан талаар ярилцсан юм.

Мөн цаашид тус газрын зүгээс УИХ-ын гишүүн Ч.Улаантай хамтран ажиллах, санал бодлоо чөлөөтөй хуваалцаж байх, алба, ажил чиг үүргийн хувьд тусламж зөвлөгөө авч байна гэдгээ илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ч.Улааны хувьд анх 1992 онд Үндэсний хөгжлийн газрыг даргаар ажиллаж байжээ. Тэрбээр улсад 40 гаруй жил ажиллахдаа олонхи жилд нь эдийн засгийн төв байгууллагад ажиллаж иржээ.

Тодруулбал,

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комиссын мэргэжилтэн, хэлтсийн дарга

1992 -1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд

2004-2009 онд Үндэсний хөгжлийн Хүрээлэнгийн захирал

2006-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2000-2004, 2007-2008, 2012-2014 онуудад Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

1996 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Ч.Улаан: Үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлого боловсруулдаг, түүний хэрэгжилтийг хянан зохицуулдаг байх ёстой

Өнөөдрийн уулзалтад Ч.Улаан гишүүн тэртээ 1992 онд өөрийн ажиллаж байсан үе болоод Үндэсний хөгжлийн газрыг удирдаж ажиллаж байсан үеийнхээ алдаа оноо, амжилт бүтээл, үүх түүх, цаашид энэ байгууллага ямар зарчим бодлогоор яаж ажиллаж болох талаар нээлттэй ярилцсан юм. 
Ингээд тэрбээр “Одоогоос 40 жилийн өмнө ажил хөдөлмөрийнхөө гарааг эндээс эхэлж байлаа. Өнөөдөр үүрэндээ эргэж ирж байгаадаа баяртай байна. Энэ байшин бол эдийн засаг, хөгжлийн бодлого гэх мэт асуудлын талаар их зүйл ярина даа. Яагаад гэвэл амьд гэрч нь байна. Миний хувьд 26 жилийн өмнө энэ газрыг анх байгуулж, удирдаж байлаа. Би улсад 40 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд дандаа эдийн засгийн төв байгууллагад ажиллаж иржээ.

Эдийн засгийн төв байгууллага их өвөрмөц юм. Хэн ч ямар ч газар бодлоготой байж үйл ажиллагаа нь цэгцтэй явдаг жамтай. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох, төрийн захиргааны төв байгууллага бол зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас Үндэсний хөгжлийн газар дахин байгуулагдсанд би хувьдаа баяртай байгаа.

Бид өнгөрсөн хугацаанд бодлого боловсруулдаггүй, төв байгууллагагүй явж үзлээ. Хоёр систем дамжлаа. Гэвч энэ хугацаанд бодлоготой, системтэй, нэгдсэн удирдлагатай байж дэлхийн улс орнууд хөгжиж дэвждэг юм байна гэдгийг харлаа. Тэгэхээр энэ газраас асар их зүйлийг хүсэн хүлээж байгаа.

Ер нь Үндэсний хөгжлийн газрын үүрэг хариуцлага асар өндөр байх ёстой. Ялангуяа эдийн засгийн санхүүгийн хүнд байдлаас улс орныг гаргахад, цаашдын хөгжлийн үндэс суурийг тавихад төрд зөвлөгөө өгөх, эдийн засгийн чадварлаг бодлого боловсруулагчид хэрэгтэй байна. Бодлого боловсруулна гэдэг стратегийн удирдлага, харин яам, салбар удирдана гэдэг өдөр тутмын урсгал удирдлага байдаг юм. Манай улс эдийн засгийн хямралаас хэзээ гарах вэ гэдгээ онож хэлж байгаа хүн тун ховорхон байгаа. Яагаад гэвэл нэгдсэн бодлого хараахан гараагүй байна. Тийм учраас энэ асуултад хариулт өгөх байгууллага бол Үндэсний хөгжлийн газар юмаа.

Анх биднийг байгуулан ажиллаж байхад янз бүрийн ойлголт олон нийтийн дунд байсныг нуухгүй. Гэхдээ Үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлого боловсруулдаг, түүний хэрэгжилтийг хянан зохицуулдаг байгууллага байх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшил надад байна. Тиймээс энэ талаар Үндэсний хөгжлийн газрынхантай нүүр тулан уулзаж ярилцлаа” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top