БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, Нийслэлийн Засаг даргад өргөн барихаар болжээ

2016 оны 11 сарын 25

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 2016.10.19-ний өдөр явагдасан.  Харин сонгогчдын ирц хүрээгүйн улмаас нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлт санал хураалтыг 2016.10.23-нд дахин явагдаж дүнг зарласан.

Харамсалтай нь нэмэлт санал хураалтын үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий хүмүүс сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараан сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тухай баримттай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр дамжин ар араасаа гарч, олон нийтэд хүрсэн.

Сонгуулийн нэмэлт санал хураалт болсон аравдугаар сарын 23-ны өдөр сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан тухай АН-аас нэр дэвшсэн Б.Саруул, А.Түмэннасан, М.Мэндбаяр, Ш.Ганчимэг, А.Эрдэнэсайхан, Д.Уламбаяр, Х.Өлзийхорол нарын долоон нэр дэвшигчдэд холбогдох гомдлыг тус дүүргийн иргэд цагдаагийн хэлтэст гаргаснаар хуулийн байгууллагууд шалгаж байсан ажээ. Тус дүүргийн сонгуулийн хорооноос аравдугаар сарын 24-ний өдөр тогтоол гаргаж АН-аас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаар үнэмлэх, тэмдэг авч, хуралдаанд суух боломжгүй болсон байна. Тус дүүргийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдох ёстойгоос АН-аас сонгогдсон гэх 22 хүнээс 6 нь хасагдаж 16, МАН-аас сонгогдсон 19, нийт 35 төлөөлөгч хуралдаанд оролцох эрхээ авчээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ сарын 2-ны өдрийн 17.00 цагт зарлан хуралдуулахаар хурлын тэргүүлэгчид тогтоол гаргасан байна. Гэтэл АН-ын нэр дэвшигчид хасагдсан зургаан хүнээ хуралдаанд оролцуулахыг оролдож, МАН-ын нэр дэвшигчид үүнийг эсэргүүцэн тэдгээр зургаан хүнийг танхимаас гаргахыг шаардсанаар анхдугаар хуралдаан бололгүй таржээ. Гэтэл АН-ын нэр дэвшигчид шөнийн 04.00 цагт МАН-ын төлөөлөгчдөд зар хүргэлгүй дангаараа хууль зөрчин хуралдсан гэнэ.

Дөнгөж сая авсан мэдээллээр АН-аас БЗД-ийн ИТХ-ын 1-р тойрогт нэр дэвшигч Б.Саруул, 14-р тойрогт нэр дэвшигч Д.Уламбаяр, 19-р тойрогт нэр дэвшигч Х.Өлзийхорол нарын 3 хүний сонгуулийн штабын ажилтнуудыг сонгогчдод мөнгө тараасан болохыг тогтоосон шийдвэрийг шүүхээс гаргаж, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Анхдугаар хуралдааныг хаяж гарсан алдаагаа засахын тулд тус дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тогтоол гаргаж, хуралдааныг энэ сарын 24-ний өдөр буюу өнөөдөр 15.00 цагт хийх зар тарааснаар хуралд нийт 35 төлөөлөгч оролцсоноос ИТХ-ын даргаар МАН-аас нэр дэвшсэн төлөөлөгч Гүнсэнгийн Атармааг олонхийн саналаар сонгожээ. Дүүргийн Засаг даргад тус дүүргийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Энхтайваны Бат-Амгаланг мөн олонхийн саналаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод уламжлахаар тогтсон байна.

Ийнхүү тус дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дараа үүссэн маргаан цэгцэрч, Засаг дарга нь томилогдож,

иргэдийнхээ төлөө ажиллах боломж бүрджээ.

Т.Цогт

Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zov mongol(27.123.214.88) 2025 оны 03 сарын 13

Ajliin amjilt.shuux xyyliin baiguullaga uneniig togtooloo. Gendee Bzd 5-r xoroon deer ganchimeg mendsaixan tumennasan nar mongo taraasan ni unen shuu dee.uuniig daxin shalgax herehtei

1  |  0
fg(202.21.117.42) 2025 оны 03 сарын 13

Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй гаду

1  |  0
Top