Солир гэгддэг жижиг биетүүд орчлон ертөнцөд үй олноороо оршдог аж. Эдгээр нь нарны системийн дотор янз бүрийн чиглэлээр хөлхөж, "зугаацаж" явдаг болой. Солир нь манай гарагийн хийн мандалд секундэд хэдэн арван метрийн хурдтайгаар асар хүчтэй цөмрөн орж ирэх нь цөөн бус.Тэд агаарын үрэлтээс болж шатан гэрэлтэж эхэлнэ. Тэгээд хий, тоос болон хувирч юу ч үгүй болж төгсөнө. Барагцаалбал 80 км-ийн өндөрт л сүйрч дуусдаг гэх. Тэгвэл одон бороо гэж юу юм болоо. Эртнээс нааш үечлэн давтагдах, элбэг арвин одон бороо Арслангийн орд орших тэр л хэсэгт ордгийг ажиглажээ. Сүүлийн удаа 1966 оны 11-р сард харжээ. Учир явдал нь дэлхийн орон зайд тусгаар солируудын хэсгээс гадна бүхэл бүтэн бүлэг солирын биетүүд байдагтай холбоотой аж. Бүлэг солир нь гарагтай адил нарыг тойрон эргэнэ. Үе үе газар гарагийн тойрог замтай огтлолцон дэлхийн мандалд орж ирнэ. Ийм явдал шөнө болох үест л хүмүүст үзэгдэж, одон бороог харах боломжийг олгодог байна. Маш хурц гэрэлтэй солирыг болид гэнэ. Огторгуйгаар очис цацаргасан том галт бөмбөлөг түргэн өнгөрөх мөчид шөнийн харанхуй арилж олон бээр нутаг дэвсгэрийг хурцаар гэрэлтүүлэх нь цахилгаан цахих адил болно.Түүний гэрэлтэх нь хэдэн сая живаа лааны хэмжээнд хүрдэг байна.
Нисэн өнгөрөх галт бөмбөлгийн араас асар том гэрэлт сүүл дурайн үлдэнэ. Тэгсхийгээд тэнгэрийн хаяанаа далд орох, эсвэл үй түмэн оч үсэргээд унтарна. Заримдаа дэлбэрэх чимээ ч гаргах явдал бий. Солирын дараагаар үлдсэн урт гэрэлтэх мөр тэнгэрт арваад минут тогтоно. Аажимдаа ард түмний домогт гардаг үлгэрийн галт луу лугаа төстэй мурилзсан хэлбэртэй болно.Том болид нь /солир нь/ маш хурц тод гэрэлтэй учир өдөр ч харагдана. Ийм нэг явдал 1958 онд Ашхабад хотын орчимд болжээ. Үүлний цаанаас хачин тод том цагаан өнгөтэй сарны дүгрэгээс бараг хоёр хагас дахин бага хэмжээтэй бөмбөлөг гарч иржээ. Бөмбөлөг алга болмогц явсан газар дээр нь мушгирах аварга луутай төсөөтэй орог саарал утаархуу мөр хэсэг хугацааны турш харагдсаар байжээ. Мөн тэр жилийн дөрөвдүгээр сарын 8-нд Уралд маш том хурц солирын нислэгийг харжээ.
Тэр нь хэдэн зуун км газар нутгийг гэрэлтүүлж, аянгын нүргэлсэн чимээ гараад, түүнийг олон хот тосгодын хүмүүс сонсож байв. Энэхүү хурц солир нь хийн мандлын давхаргад сансрын хурдаар орж ирж буй биет юм. Тэр сорох агаарын эсэргүүцлийг давж, агаарыг нягтруулан, өөрөө халахын зэрэгцээгээр агаарыг маш өндөр хэмтэй халаана. Ингээд л хурц солирын араас гэрэлт сүүл бий болдог ажээ. Тавиас таван км, түүнээс доош өндөрт нисэх хурц солирыг исгэрэх, хүнгэнэх, аянгын нүргэлэх чимээ дагалдана. Газраас дээш 10-аас 20 км-т хурдаа алдах учир гэрэлтэхээ больж, улмаар газарт халуун чулуу л унах болно. Энэ зочин бол асар их үнэ цэнэтэй зүйл юм. Түүний найрлага, бүтцээр нь бусад эрхэс гэж юу болохыг мэдэж болно. Тэрхүү судалгааны олзыг шинжлэхэд бидэнд мэдэгдэхгүй тийм элементийг агуулсан нь нэг ч үгүй. Үүнээс үзвэл манай гараг нарны бусад бүх эрхэс бий болоход оролцсон тэр л бодисуудаас солир тогтож байгааг мэдэж болох юм. Тэр нэгэн цагт сөнөсөн гарагийн томоохон хэлтэрхий нь солир юм гэж эрдэмтэд үздэг ажээ. Өнгөрсөн зууны эхээр Тунгуст унасан том солир ч тэр, 1950-иад онд Монголоос олдсон "Аж богд" нэртэй солир ч тэр цөм л ойролцоо найрлагатай байжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )