Өгүүллэг: Ноход боргосон шөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

 

Галсангийн Болормаа

 

Говь-Алтай аймаг, Төгрөг сумын харьяат. Өгүүллэгийн дөрвөн номноос гадна радио жүжиг, тууж нь олны хүртээл болсон. Монгол хөдөөний амьдралыг уран дүрээр машид сайн гаргадгаараа Болормаа жилээс жилд ахиц олж яваа уран бүтээлч юм. Зохиолч, сэтгүүлч бүсгүйн “Ноход боргосон шөнө” өгүүллэгийг толилуулъя.

 

Ноход боргосон шөнө 

Их говь шивэрч орсон гурван хоногийн бороонд шалба норсон хэдэн дэрс, сондуулаа дагаад өнгө оржээ. Банзар өвгөн гэрийнхээ хоймор эзлэн богинохон, бүдүүн гаансандаа тамхиа нэрэнгээ орж гарсан хүмүүст:

-За даа, одоо ч газар ногоо дэвжих цаг ирлээ. Хавраас хойш чийг хүссэн хүн, малын зоо тэнийлээ. Айраг цагаа дэлгэрнэ. Удахгүй наадам болно. Би ч гөрөөсөн толгойтой хүрэнээ хэд хоногоос барьж авдаг байгаа. Манай нутгийн морьд ойр уяатай хойно, хурдлахад саадгүй, гөрөөсөн толгойт бол айргийн тавд багтаад л ороод ирнэ. Жаахан шимтэй ногоо хэрэгтэй байсан юм. Ганц боллоо доо. Өнөө жил өнгө их сайн байна билээ. Түрүүг ч булаалцалдаж магад. Өтөлж яваа амьтанг өнөө жил тоосыг нь хараад зодгийг нь тайлна. Мөн ч шандастай хүлэг шүү... гэж хүргэндээ ярина. Хүү нь толгой дохиж:

- Аав би Завханаас авч ирсэн хүрэн морио сойж үздэг юм уу?

Давхил орвол хурдан морины шинж ч их байгаа юм шүү... гэхэд

Банзар өвгөн зун намаргүй өмсдөг ширэн ултай, илгэн түрүүтэй

гутлынхаа  хоншоорт гаансаа тогшиж цогыг нь бөхөөгөөд өмнөө байгаа модон аягандаа цүдгэр том данхнаас зэхий цай аягалангаа:

- Чиний хүрэн ч хөлсийг нь сайн гаргаж чадвал горьдлоготой морь шүү. Аав нь өдөр судар харъя байз. Миний хүүхдүүд хазаар ногтоо бэлтгэ. Одоо арваад хоноод барихад болох байхаа даа. Ангамал газар ч шим сайтай хойно борооны ус үзэв үү үгүй юу сэргээд ирнэ... гэж хүүхэд шиг хөөрч завилаж суусан хэвээр

Урагш зүтгэж галын эхэнд байгаа шүдэнзийг аван тамхиа асаалаа. Энэ үед гэрийн гаднах доторхыг янзалж, тэрүүхэндээ бөгтөгнөж явсан эмгэн нь гаднаас орж ирэхдээ:

- Бүтэдийнд машинтай гурван залуу ирж байна. Нэг нь нодинон Бүтэлгүй шарыг дагаад явж байсан хүү мөн шиг. Хар багаасаа үл бүтэх хүмүүстэй нөхөрлөөд... гэхэд өвгөн:

-Цаадуул чинь бас л наймаа байна уу гэж яваа байлгүй. Бүтэлгүй шарыг дагаж явсан тэр залуу чинь Ховдоос их гарын сайхан хөөрөг хямдхан олж ирсэн байсан чинь бушуухан Завханруу арилжсан сурагтай байна лээ. Эд тогтоох буянгүй хүү шүү. Тэгээд бас хурд таньдаг гэж ирээд хөөрөгний өртөгөнд нэг даага авчирснаа хэдэн сумын наадам, овоо тахилга сэлгэж яваад сойлго тохируулаагүйгээс унагаад авсан. Малыг хайрлахаа мэдэхгүй моньд. Их шуналтай. Харах царайнаас л хүйтэн... гэхэд өөрийн нь хүү:

- Аав хөгшин хүн байж. Хүний зүс царайг харж гоочилж байх юм гэж уцаарлангуй хэлэхэд өвгөн:

-Хүүхдүүд минь хамар толгой дээр гарч мал ахуйгаа хараарай гэхэд эмгэн үг нэмж:

-Ражаваар малын хулгай, дээрэм гээд л яриад байх юм. Хөөрхий минь манай энэ нутагт амар жимэр сайхан л байх юм... Гэсэн ч хол ойрын таних танихгүй, унаа мал хөтөлсөн хүмүүс ойрд их холхиж байна шүү... гэж ирээд эрэгнэг доогуур халгаж орсон усанд норсон ууттай савтай юмаа нааш цааш болгонгоо үглэх, сургахын завсар хэлж байлаа.

Сэрүүн салхи шуулттай хаяагаар шургачиж, зууханд дүрэлзэх галын элчийг булаацалдах адил аашилна. Гэрээс гарахад үдийн хэрд галзуу хурц элчээр шархаа мартаж орхисон юм шиг наран сүүмэг будан дунд торолзоно.

Бороо орсноос хойш арав гаруй хоножээ. Хүмүүс ёстой санаснаараа л морьдоо уяж, эзэгтэй хүүхдүүд сааль сүүгээ базааж байсан цаг. Өвгөн Банзар тэргүүтэй хэдэн хөгшчүүл морины уяаны дэргэд тамхи нэрэн хуучилж:

- Одоо тун удахгүй дахиад бороо орвол мөн ч сайхан болох нь дээ гэж ярилцана. Эдний ярианд Билэгт хүү оролцож:

-Өвөө, Булгийн эхний ганц хайлаасны дэргэдээс ус гарч байна лээ. Ундрага нь их сайн байсан. Морио усалчихаад амсаж үзвэл ёстой шүд хага ташуулж байна лээ гэвэл өвгөн сэрдэсхийж:

- Тэр чинь Хайлаастын булаг шүү дээ. Одоогоос гучаад жилийн тэртээд хоржигнож урсдаг байсан юм. Сүүлийн хэдэн жил огт гарсангүй. Хавар бид түүнийг тахьсан нь ийм учиртай юм шүү дээ. Өнөө жил сайхан зун болох нь ээ. Рашаан булаг минь гарч дээ.

Дээр үед манай нутгийн нэг өвгөн элэгнии бэтэг өвчин тусаж, хэвтэрт орсон юм гэнэ билээ. Харах хандах, асарч сувилах хүнгүй нэгэн байж л дээ.Тэр өвгөн нэг өдөр хаяаг нь бараадаж явсан залуу хүүгээ дуудаж " Хүү чи намайг ганц Хайлаасын дэргэд аваачаач. Би тэнд хэд хоноё" гэж хэлжээ. Харин залуу эр дургүйцэж:

-  Улс амьтан юу гэх юм. Бид таныг чадлынхаа хэрээр асарахыг л бодно...гэжээ. Харин өвгөн:

-  Энэ хайлаас чинь түүхтэй, учиртай мод шүү дээ. Үүнийг хэр зэрэг өнгөлөг байгаагаас нь нутагт хэр зэрэг зун болохыг мэдэж болно. Дээр үед нутгийнхаа нэгэн сайхан залууд үзэсгэлэнт бүсгүй сэтгэл алдарсан гэдэг. Харин залуу хүү нь бүсгүйд хайртай байсан ч цэргийн албанд мордоод түүнээс хойш сураг тасарчээ. Бүсгүй хайртай хүнийхээ хойноос шаналан зовж, олон олон жилийг үдээд цагаасаа эрт өтлөөд насан эцэслэхдээ энэ насандаа ганцхан хүнийг зүрх сэтгэлдээ тээсэн адилаа унд рашаантай торойж ургасан ганц хайлаас мод болсон гэдэг юм шүү дээ... гэж хуучлахад хүү өвгөнийг хүссэнээр нь хайлаасын дэргэд аваачжээ. Харин өвгөн нэг сар болоход цоо эрүүл болсон удаатайг аав минь ярьдаг байсан...гэхэд  хүмүүс гайхан шагширч байлаа.

Харин энэ өдрөөс хойш тун удалгүй нэгэн шөнө хот айлын ноход шөнөжин боргон хуцжээ. Өвгөд нь:

- Хүүхдүүд минь, юу болов? Говь нутагт боохой өлзий байдагсан. Хулгайч, зэлгийч яваа юм уу, тэнгэр минь гэж амандаа маань уншина. Хотны ноход боргон хуцсаар. ..Үүдэнд цагираглаж хэвтдэг алаг гөлөг хүртэл цор цор хуцах нь цаанаа л нэг омголон байлаа. Ойр хавьд өөр чимээ анир юу ч гарсангүй шөнийг өнгөрүүллээ. Харин Булгийн эхнээс нэг машин гэнэт асаж давхихад ноход тэр зүг хошууран хуцавч, хотноосоо холдож явсангүй.

Харин өглөө эртээ малд явсан хүүхэд нь уухирдан давхиж ирэхдээ:

-Өвөө, өнөөх Хайлаасыг сандаачаад хаячихсан байна...Яг газар унах гэж байна... гэв. Нутгийнхан цөм л юу болов гэж гайхан тэр газарт ирвэл машинтай хүмүүс түүнийг булга татаад хүч хүрээгүй бололтой орхиод явсан байжээ. Банзар өвгөн шогширч:                                              

-Бүтэлгүй моньдууд, үлийгээ хийж үүнийг сандаачдаг байна. Хайлаасаар... айргийн зүйдэлгүй сум хийхээс өөр ид шид байхгүй. Бидэнд бол газар усны минь гол шүтээн байсан юмсан...гэж ганцхан салаа үндсэнд тогтож үлдсэн өнчин хайлаасыг налж суугаад залбирч байлаа. Түүний амин булаг аль эртээ татарчээ. Өвгөн ургаш бохирон суухдаа модыг түшиж , эвэршсэн алгаараа илэхдээ:                                        

-"Гөрөөсөн толгойтой хүрнийхээ тоосыг би дахиад үзэхгүй нь дээ. Одоо ган гачиг нүүрлэх нь гарцаагүй..." гэж цээжиндээ мэгшүүлж байлаа.

Zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top