Эрүүгийн нөхцөл байдлыг судалжээ

2017 оны 01 сарын 11

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас харъяалан ажилладаг сумдын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдлыг 2016 оны байдлаар судалжээ.

Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас 2016 онд нийт 228 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хэргээр буюу 14.2 хувиар буурсан байгаа бөгөөд 2015 онд нийт 194 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2016 онд нийт 189 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэг 5 хэргээр буюу 2.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2016 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн хэргийн ангилалаар нь авч үзвэл хөнгөн хэрэг 16-аар буюу 21.9 хувиар, онц хүнд гэмт хэрэг 1 буюу 33.3 хувиар өссөн, хүндэвтэр хэрэг 17-оор буюу 17 хувиар, хүнд хэрэг 6-аар буюу 35.1 хувиар тус тус буурсан байна. 2015 оны мөн үед бусдыг санаатай алах гэмт хэрэг 1 гарч байсан бол 2016 оны байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 2 үйлдэгдсэн нь 1-ээр буюу 50 хувиар өссөн байна.

Нийт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн газар, нутаг дэвсгэрийн харъяаллаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 16 хэрэг буюу 8.5 хувь нь, Хархорин суманд 82 хэрэг буюу 43.3 хувь нь, Бат-Өлзий суманд 31 хэрэг буюу 16.4 хувь нь, Хужирт суманд 31 хэрэг буюу 16.4 хувь нь, Есөнзүйл суманд 8 хэрэг буюу 4,2 хувь нь, Бүрд суманд 12 хэрэг буюу 6.3 хувь нь, Өлзийт суманд 9 хэрэг буюу 4.7 хувь нь тус тус үйлдэгдсэн байна.

Тухайн сумдад гарсан гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 71 буюу 37.5 хувь, хүчиндэх гэмт хэрэг 4 буюу 2.1 хувь, танхайрах гэмт хэрэг 4 буюу 2.1, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 буюу 11.6 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 82 буюу 43.3 хувь, албан тушаалын эсрэг гэмт хэрэг 1 буюу 0.5 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 4 буюу 2.1, Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1 буюу 0.5 хувь, гарсан байгаагаас дүгнэж үзэхэд иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас 28 хүн нас барсны 2 нь буюу 2.8 хувь нь бусдын гарт амь үрэгдэж, 10 нь буюу 35.7 хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас, 16 нь буюу 42.8 хувь нь золгүй учралаар нас барсан байна.

Сумдад үйлдэгдсэн дээрх гэмт хэргүүдэд нийт 148 этгээд холбогдсон ба насны байдлаар нь авч үзвэл 17 хүртэлх насны этгээд 8 буюу 5.4 хувийг, 18-35 насны этгээд 85 буюу 57.4 хувийг, 35-аас дээш насны этгээд 55 буюу 37.1 хувийг тус тус эзэлж байгаа ба хүйсийн хувьд авч үзвэл 142 нь буюу 95.9 хувь нь эрэгтэй, 6 нь буюу 4.1 хувь нь эмэгтэй байгаагаас дүгнэж үзэхэд 18-аас дээш насны эрэгтэй хүмүүс ихэвчлэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 9 буюу 6.2 хувь нь бүлэглэж, 15 нь буюу 10.3 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.

Дээрх төрлийн хэргүүдийн 98 буюу 66.2 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй, ажилчин, малчин 28 буюу 19.8 хувийг, 6 буюу 4.1 хувийг сургуулийн сурагчид, 16 буюу 11 хувийг төрийн албан хаагчид үйлдсэн байна.

Дээрх төрлийн гэмт хэрэг гарахад дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж дүгнэсэн байна. Үүнд:

1. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг тааруу, нийгэмд биеэ авч явах ухамсар сул дорой,

2. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн шунахай сэдэлт, нөгөө талаас иргэдийн амьдралын түвшин, боловсрол, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амар хялбар аргаар мөнгө, эд зүйл олох гэсэн сэтгэхүйтэй, архидан согтуурах, хардалт зэрэгтэй холбоотой,

3. хохирогч, иргэдийн хайхрамжгүй байдал буюу малаа хариулгагүй орхидог, гэр, байшингаа олон хоног, сар, жилээр эзэнгүй орхидог, малчид хашаа, саравчаа орхин нүүдэллэн амьдардаг нь гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлж байгаа ба бусдын эд хөрөнгийг хулгайлах, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, хяналтын байгууллага болон орон нутгийн төр захиргаа, өөрөө удирдах байгууллагуудын уялдаа холбоо дутмаг, гэмт хэргийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг шат дараатай, үр дүнтэй авч хэрэгжүүлдэггүйтэй холбоотой байна гэж дүгнэлээ.

Судалгааны дүнд үндэслэн харъяа 7 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, сумын Засаг дарга нарт прокурорын мэдэгдэл, танилцуулга хүргүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top