УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах хөтөлбөр, бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал оруулсан нь дэмжигдлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, дэмжье гэдгээр санал хураалт явуулсан нь дэмжлэг авлаа. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хөвсгөл аймгийн Ханх хилийн боомтын асуудлыг олон улсын болгон өөрчлөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ажлын явцын талаарх асуулт"-ын хариуг сонсов. Оросын тал зэрэглэлийг нь унагаад явсан, манай тал ч хариу арга хэмжээ аваад бүтэхгүй байгаа энэ боомтын асуудап зөвхөн манай тойргийн асуудал бус Монгол Улсад хэрэгтэй, Хөвсгөлийн тэр хавийн иргэдэд тун ач тустай асуудал байгаа юм гэдгийг Ц.Сэдванчиг гишүүн онцлоод, тэнд ажиллаж байгаа төрийн албадын уялдаа холбоо тааруу, хэдэн тийшээ харсан амиа аргацаасан байдал нь ажлын үйл явцад нөлөөлж, иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаад санаа зовниж буйгаа хэлсэн. Мөн Оросын тал асуудалд маш хүндрэлтэй ханддаг, монгол иргэдэд дарамттай хандаж, чирэгдэл бэрхшээлтэй үйлчилгээгээ явуулдаг талаар иргэд гомдол санал ихтэй байдаг юм билээ гэж байв. Мөн түүний санаачилгаар 2009 онд хоёр тал нэг уулзалт хийсэн боловч баахан амарч, идэж ууж байгаад хоёр тийшээ одсон тухай нутгийн иргэд ярьсан гэж хэллээ. Тус боомтын дэд бүтцийн талаар энд нэлээд хөндөгдлөө. Оросууд болохоор асуудлыг баримттай тавихыг манай талаас хүсдэг гэдгийг хуралд ирсэн мэргэжилтнүүд ярьж байв. Ц.Сэдванчиг гишүүн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэ асуудалд Гадаад харилцааны сайд анхаарал хандуулж, санаачлагатай ажиллахыг эцэст нь хүссэн юм. Мөн боомтын дэд бүтцийн асуудалд УИХ-ын гишүүд анхаарал хандуулж, зам тавих асуудлыг эхлүүлж байгаа талаар хэллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )