Нулимстай бөхөн

2017 оны 02 сарын 06

Эрт галавын цагаас үлдсэн цор ганцхан эртний амьтан монгол бөхөн мөхлийн ирмэгт ирээд байна. Бог малын мялзантай төстэй шинж тэмдэгтэйгээр өдгөө нийт бөхөнгийн гуравны нэг нь Ховд, Говь-Алтайн аймгийн  нутагт үхэж, үрэгдэж  байгаа билээ. Үлдсэнийг нь аварч, хамгаалахын тулд Монголын Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбогдох байгууллагынхан, сум орон нутгийнхан бөхөн бэлчээрийн нутаг буюу эрүүл бүсийг өвчтэйгээс тусгаарлахыг хичээж байгаа. Энэ ч төдийлэн үр дүнтэй арга биш ч үүнээс өөрөөр хамгаалах арга одоогоор алга. Мөн нэгэнт халдвар авсан бөхөнгүүдийг үхэж дуусахыг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй. Иймдээ ч Говь-Алтай, Ховд аймгийн нийт есөн сумын нутагт үхсэн бөхөнгийн сэг зэмийг эрэн хайх ажил өрнөж, эрт баларын хийгээд дэлхийд нэн ховордсон амьтан хэмээн хайрлагдан хүндлэгддэг уг амьтны дөнгөж амьсгалд хураасан хийгээд хөлдсөн сэг зэм хаа сайгүй хэвтэж байна.

“Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг Дөргөний хүрэн тал бол бөхөн, хар сүүлтийн хахир хүйтнийг даван туулдаг нутаг. Жилийн өдийд эндээс л бөхөнг хамгийн олноор нь харж болно. Хүйтэн ч гэлээ нялх нь голцуу хаварждаг юм. Дөргөний талыг бөхөнгүй, бөхөнгийн сүргийг энэ газар оронгүй төсөөлөхөд бэрх. Хаврын тунгалаг өдрүүдэд тэнгэр баганадтал тоос татуулан одох нь сэтгэл тэнийлгээд сайхан шүү дээ.

За тэгээд хавсарга тавьж, цасаар шуурч байсан ч ялгаагүй дээ. Ижил сүргээрээ “Бид энэ нутгийн эзэн нь шүү” гэх шиг ийш тийш цахилна” гэх нутгийн ахын яриаг сонссоор Дөргөний хүрэн талын захад ирлээ. Бөхөн хэдэн арваараа сүрэглэх нь битгий хэл хэд гурваараа таарах нь цөөн байв. Хүйсийн говьд тохиосон гамшиг энд ч нүүрлэснийг хаа сайгүй бэлчиж байдаг асан бөхөнгийн сүрэг нутгаа ханхайтал орхисноос нь түвэггүй мэдэж болно. Үүнийг гэрчлэх гэсэн шиг тас шувуу хэд гурваараа энд тэндгүй тонголзоно. Нэлийсэн их талын энд тэнд шувууд нисэн буух нь тэр бүрт бөхөнгийн сэг зэм байгааг илтгэнэ. Үхлээ хүлээн өвчиндөө шаналан хэвтэх бөхөнтэй хэдэн ч удаа таарав. Тунгалаг хар нүдээс нь зам татуулан тасралтгүй урсах нулимс л түүнийг амьд гэдгийг гэрчилж байх шиг санагдана. Хээрийн салхинд ч үл гүйцэгдэм онгон зэрлэг амьтан ийн халдварт өвчинд нэрвэгдэж,  үхлээ хүлээн говь нутгийн ээрэм талд хэдэн зуу, мянгаараа тийчлэн хэвтэж байгаа нь даанч харамсалтай.  Хар сүүлт, цагаан зээр ч ийм маягаар махчин шувуудын  хоол болж байь. Учир нь бидний замд гурван ч цагаан зээрийн зэм таарсан билээ. Тэднээр шувууд тэгж үхжээ гэж хэлэхийн аргагүй болтол хооллож, хоосон яс, өм цөм сэглэсэн арьс нь л үлдээсэн байсан юм.

Говь-Алтай аймгийнхан сүүлийн жилүүдэд талийгаачдаа ил хөдөөлүүлдэг болсон байна. Тас шувуу хаа сайгүй хэд гурваараа нисэлдэж, заримдаа бүр арав түүнээс олуулаа нүүгэлтэнэ. Олз олсон нь тонголзож, олоогүй нь бараантан нисэлдээд байсны учир нь Дөргөний хүрэн талд идэш ууш болчихоор сэг зэм ихтэй байгаагийнх. Хүн тавьдаг энгэрүүдэд бол бүр олуулаа харагдах аж. Өөрөөр хэлбэл, Дөргөний хүрэн тал хийгээд Говь-Алтай аймгийн бөхөнтэй гэгддэг газруудад тас шувуу, айлын ноход зоолж байна. Эндээс мялзангаар үхсэн амьтны сэг зэм идсэн шувуу, нохой өвчний тээгч болж, өвчлөх магадлал байгаа эсэхийг албаныхнаас тодруулсан юм. Учир нь мялзангийн голомтод бүсүүдэд Улсын мал эмнэлэг үржлийн газар болон Төв лабораторийн судлаач, эмч нар, аймаг, сумын малын эмч нар ажиллаж, бөхөнгөөс эд эсийн судалгаа, дээж авч байгаа юм.

 

Халдвар авсан бөхөн гэдэсний болон бусад хоёрдогч халдвараар үхэж байна

Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуй, мал эмнэлэг үржлийн газрын халдварын их эмч н.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Бөхөн хэдэн зуугаараа үхэж байгаа шалтгааныг мялзан төст өвчний улмаас гэж байгаа ч эцсийн байдлаар энэ өвчний халдвар мөн гэдгийг тогтоосон уу. Мялзангаар өөр ямар амьтан халдварлах эрсдэлтэй вэ?

-Монгол бөхөн мялзан төст өвчин туссантай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна. Энэ өвчний халдвараар бөхөнгөөс гадна хүдэр, бор гөрөөс, аргал, янгир, хар сүүлт, цагаан зээр өвчлөх магадлалтай. Хүнд халдварлахгүй гэсэн зөвлөмж бий.

-Энэ өвчний халдварын улмаас үхсэн бөхөнгийн сэг зэмийг идсэн шувуу, нохой халдвар тээгч болох боломжтой юу?

-Одоогоор шувуу, нохой зэрэг амьтан энэ өвчний вирусээр халдварлахгүй гэж зөвлөж байгаа.

-Эцсийн байдлаар тогтоогоогүй гэсэн үг үү?

-Энэ өвчин газрын хөрсөнд хэр тэсвэртэй, хөрснөөс мал, амьтанд бэлчээр, худаг уст цэгээс халдварлах уу гэх мэт халдвар дамжиж болох эрсдлийг тогтоохоор ажиллаж байна. Мөн мялзангийн хоёр дахь хам шинж нь юу болохыг судалж байна.

-Малчдад бэлчээр, хөрсөөр энэ өвчний вирус халдварлахгүй, дамжихгүй гэсэн зөвлөмжийг хоёр долоо хоногийн өмнөөс өгсөн шүү дээ. Гэтэл одоо хүртэл эцсийн байдлаар хариу гараагүй хэрэг үү?

-Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Кокэнэ өвчнийг амьдаас амьдад халддаг, уст цэгээр халдварлах магадлалтай гэж хэлж байсан. Гэхдээ бид өмнө нь гарч байгаагүй энэ өвчнийг Монголын нөхцөлд эрсдэл, тархац, халдварлах байдал нь ямар байхыг Улсын төв лабораторидоо түшиглэн судалж, зөв тодорхойлохыг хичээж байна. Үхсэн бөхөнгийн сэг зэмээс халдварлахгүй гэсэн зөвлөмжийн дагуу тийм юм байна гээд орхиж болохгүй. Тиймээс өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бүх талын шинжилгээ судалгааг хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.

-Бог малаас бөхөнд халдварласан уу гэдгийг тогтоосон уу?

-Богоос бөхөнд энэ өвчин халдварласан уу, бөхөн юунаас халдварласан бэ гэдгийг ч мөн одоогоор тогтоогоогүй байна. Мялзан нь амьтны дархлааг унагадаг, гэмтээдэг, устгадаг өвчин. Хоёрдогч халдвар, өвчнөөр үхүүлдэг гэж үзэж байна. Тухайлбал, уг халдварыг авсан бөхөн гэдэсний болон бусад хоёрдогч халдвараар үхэж байгаа магадлал өндөр байна. Мөн бага залуу насны бөхөн түрүүлж өвчилж, үхэж байгаа нь дархлаа султай, эсэргүүцэх чадвар бага байдагтай нь холбоотой.

-Шинжилгээний хариу хэдий хугацааны дараа гарах вэ. Та бүхэн нэгдсэн байдлаар шинжилгээнд шаардлагатай дээж, эдүүдийг бүрэн хэмжээнд авч чадсан уу?

-Дээж авах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн дээжнээс шинжилгээний үр дүн  шалтгаална. Ихэвчлэн 3-5 хоногт хариу нь гардаг. Гэхдээ шинжилгээг удаа дараа баталгаажуулсны эцэст ийм байна гэсэн баттай хариу өгдөг. Түүнээс биш нэг удаагийн шинжилгээний хариугаар өвчнийг тодорхойлдоггүй гэсэн юм.

 

Хаваржаа нь мялзангийн голомт учраас малчид хаваржаандаа бууж чадахгүй байна

Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул зэрэг голомттой бүсийн малчдын хаваржаа нь өдгөө бөхөнгийн халдвар тээж буй голомт болох Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал. Иймд иргэдийг шинжилгээний хариу эцсийн байдлаар гарах хүртэл хаваржаандаа буухгүй байхыг Онцгой комиссоос анхааруулж буй. Учир нь уг өвчний вирус хөрс, бэлчээр, ус, сэг зэмдээ хадгалагдаж, дамждаг бол хэчнээн вакцин хийлгэсэн байлаа ч бог мал төллөх үеэр энэ өвчний халдвар тархахгүй гэх баталгаагүй юм. Гэвч говь нутгийн малчид байгалийн онцлогоосоо шалтгаалж ундны усгүйдэж, дээр нь цас багатай учраас мал ч усгүйдэж хаваржаандаа гарахаас өөр аргагүй байгааг хэд хэдэн малчин ярьж байсан юм. Энэ талаар Хөхморьт сумын Ташаагийн талд хаваржаатай малчин Б.Батсүх “Энэ жил цас багатай, их хүйтэн жил болж байна. Ийм болохоор хүн байг гэхэд мал уух усгүй хэцүүдэж байна. Говийн нутаг учраас манай аймгийн малчдын тодорхой хувь нь өдийд  хаваржаандаа буудаг. Гэтэл мялзан өвчний улмаас малчдыг нүүдэл хийхийгээ түр хугацаагаар хойшлуулахыг анхааруулж байна. Нэгдүгээр сарын эхэнд Дөргөний хүрэн талд хар сүүлт, бөхөн их байсан бол одоо цөөрч. Нутгийн малчид бөхөн уул руу их гарч байгааг хэлж байна. Мөн үхсэн сэг зэмээсээ дайжиж байж мэдэх талаар хөгшчүүл ярьж байна. Зарим хүн өвч цухуйхаар энэ өвчний тархалт зогсоно гэж ярьж байна. Үнэн эсэхийг мэдэхгүй. Малчид хаваржаандаа бууж чадаагүй байтал мал төллөх болно. Энэ л хамгийн том эрсдэл, малчдын санааг зовоосон асуудал болоод байна. Мялзангийн вакцин хийлгэсэн эх малаас гарсан төл гурван сарын хугацаанд уг өвчний эсрэг дархлаатай байх юм гэсэн. Тэгэхээр тавдугаар сарын дунд сүүлч хүртэл малчид сэтгэл тайван байж болох ч өөр нэг эрсдэл байна. Тэр нь бөхөнгийн төллөх үе. Бөхөн тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхэнд төллөж дуусдаг. Эрүүл янзага гаргах уу гэдэг нь тодорхойгүй. Вакцинжуулалт эхэлж амжаанүй байтал бөхөнгөөс малд халдварлах вий гэж айж байна” гэсэн юм.  Түүнчлэн тэрбээр “Сүүлийн хоёр жилд манай нутагт ирвэс маш их боллоо. Айлын хот руу дайрах нь энгийн үзэгдэл болж. Саяхан нэг айлын үүдийг өдөржин сахиж, эзэд нь гэрээсээ гарч чадахгүй өнжсөн байсан. Гэхдээ дэлхийд нэн ховордсон энэ амьтан Говь-Алтайн хэмжээнд олон болсон ч дэлхийд цөөхөн юм даа” гэв.

 

Усаар халдвар дамжихаас сэргийлж устгалын цэгийн байршлыг тусгайлан тогтоож өгч байна

Үүнээс гадна уг өвчний халдвар хамгийн хурдацтай бөгөөд олон амьтанд сөрөг нөлөө үзүүлэхээр тархаж болох нэг зүйл нь гадаргын болон хөрсний ус юм. Тиймээс хамгийн түрүүнд мялзангаар үхсэн бөхөн тэргүүт амьтны сэг зэмийг булах нүхээ цэг дайрахаас сэргийлэх нь чухал юм. Үүнтэй холбоотойгоор устгалын цэгийн байршлыг Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргааны Гадаргын усны нөөц, усны чанар экологи хариуцсан мэргэжилтэн Т.Оргилсайхан, Д.Нямбаяр нар газар дээр нь тогтоож өгч байсан юм. Энэ үеэр Т.Оргилсайхан “Бөхөнгийн нутагладаг газар нь Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаанд хамаардаг. Бидний устгалын цэгт ажиллаж буй гол зорилго нь уст цэг, усны эх бүрэлдэх газарт устгалын цэг байгуулж, нүх ухах эрсдэлээс сэргийлэх. Учир нь хөрс, газаргын усаар уг өвчний халдвар мал, амьтанд маш богино хугацаанд тархах магадлалтай гэж үзэж байгаа. Ажиллах хугацаанд устгалын таван цэг уст цэг дайрч байсныг байршлыг нь өөрчлөн тогтоож өглөө. Гадаргын болон хөрсний усан сан бүхий мужид хамаарах уст цэгийг устгалын цэг гаргахдаа дайруулахаас сэргийлж байгаа хэрэг. Газрын байршлыг тогтоохдоо сансрын зураг, сав газрын булаг, рашаан, худаг, усан сан бүхий газар, тусгай хамгаалалттай газрын мэдээллийг нэгтгэсэн баазад суурилан тодорхойлж байна” гэв.

 

“Малаа вакцинжуулаагүй малчинд хариуцлага тооцно”

Бөхөнгийн сэг зэм устгалын цэгүүдэд гурав дахь өдөртөө ажиллаж буй иргэд нэг явахдаа хамгийн багадаа арван сэг зэм авчирч байв. Түүнээс заримдаа нэг хоёрынх нь эврийг мулталж авсан байгааг дурдаж байв. Устгалын цэгийн байдалтай танилцаж явсан Хөхморьт сумын Засаг  дарга Н.Үйтүмэн “Манай сум 2379 хүн амтай, 678 өрхтэй, 150 гаруй мянган малтай. Төрийн байгууллагад 282 иргэн ажил эрхэлж байна. Манай сум бөхөнд тусаад байгаа мялзан өвчний голомтот бүс болохын хувьд хорио цээрийн дэглэмд өндөржүүлсэн байдалд ажиллаж байна. Устгалын гурав, эргүүлийн хоёр пост ажиллаж байна. Хүйс, Шаргын говиос гадна манай сумын Дөргөний талд бөхөн олноороо нутаглаж, нүүдэл сэлгэдэг. Энэ үүднээс он гарснаас хойш манай сумын нутагт олон зуун бөхөн үхээд байна” гэсэн юм. Түүнчлэн тус сумын нэгэн иргэн өнгөрсөн намар бог мал вакцинжуулах улсын кампанит ажлын үеэр малаа вакцинжуулалгүй үлдээсэн гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан байсан юм. Энэ талаар тодруулахад “Малын мялзан өвчин анх Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн оны гуравдугаар сард гарч, ямар өвчин болохыг оношилж чадахгүй явсаар аравдугаар сард мялзан төст өвчин гэж оношилсон байсан. Энэ хугацаанд тус аймгийн 11 сумын 34 багийн 59 голомтод 820 орчим өрхийн  65877 орчим мал өвчилж,15 мянга гаруй  толгой мал үхсэн.Манай аймгийн хувьд мялзангийн халдвараас сэргийлэх арга хэмжээг даруй авч, вакцинжуулж эхэлсэн. Гэтэл аймгаас Ховд аймгийн Алтай сумаас 364 ширхэг ухна худалдан авч, сумдад тарааснаас болж мялзангийн шинж тэмдэгтэй хэд хэдэн ямаа үхсэн. Гэхдээ малаа вакцинжуулсан байсан болохоор хорогдол бага гарсан. 20-иод хонь, ямаа үхсэн байх. Тэр үеэр малчдыг малаа вакцинжуулахын тулд нэгдсэн цэгт аваачиж байсан. Гэтэл Мягмарсүрэн гэж малчных 650 гаруй бог малаа вакцинжуулаагүй үлдээсэн нь сая мэдэгдсэн. Тэд бөхөн мялзан өвчнөөр үхээд эхлэхээр “Манайх малаа вакцинжуулмаар байна. Намар хамруулж чадаагүй” гэж Онцгой байдлын газарт утасдаж хэлсэн байсан. Тиймээс тухайн үед нэгдсэн байдлаар ажиллаж байсан ажлын хэсгийнхэн болоод энэ малчинд хариуцлага тооцож, вакцинжуулах зардлыг өөрсдөөс нь гаргуулна” гэлээ. Үүнээс гадна Говь-алтай аймгийн хоёр сумын 350 мянга гаруй бог малыг мялзангийн вакцинд хамруулж чадаагүй байсан бөгөөд удахгүй вакцинжуулах гэнэ.Ийн байж байтал гаднаас хүүхдийнхээ дээлийн нударганаас зуурч, “Заавал орно” хэмээн хашгичсаар 50 орчим насны эрэгтэй орж ирэв.

 

Мялзангийн вакцин малд тарих үеэр хоёр хүүхдэд шахжээ

Тэрбээр “Би хүүгээ хэзээ үхэх бол гэхээс айж байна. Сэтгүүлч ирсэн гэхээр нь заавал уулзах гээд зориод ирлээ” гэв. Түүнийг П.Гаанжуур гэдэг бөгөөд Хөхморьт сумын уугуул гэнэ. Тэрбээр “Манай хүү Лувсанжамбаа өнгөрсөн аравдугаар сард бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад туслах ажилчнаар явсан юм. Гэтэл хүүгийн маань хөл рүү багийн малын эмч Моломжамц малд тарьж байсан вакцинаа шахчихсан. Албаар биш л дээ. Барьж байсан ямаа нь хөдлөөд алдаад хийчихсэн юм билээ. Гэхдээ түүнээс хойш нэг ч удаа яаж байгааг нь асуугаагүй, тэр үедээ я хүүхэд загнаад хөөгөөд явуулсан байна лээ. Тэр үед туслахаар ажиллаж байсан хүүхдүүдэд хоол унд ч өгөөгүй байж байсан. Одоо хүүгийн минь хөл дээр яр гараад, биеийн дархлаа нь их муудсан. Хүүгээ өдий том болгочихоод алдчихвий гэж айж байна” гэв. Ингээд түүний хүү Г.Лувсанжамбаатай цөөн хором ярилцлаа.

-Тухайн үед юу болсон талаар тодорхой ярьж өгөөч?

-Өнгөрсөн аравдугаар сарын 18-20-нд бимал вакцинжуулахад туслах малчин хийхээр очсон юм. Ер нь манай сумын миний үеийн хүүхдүүд бүгд тэр үед дайчлагдсан  Моломжамц эмч вакцин хийх гээд би ямааг нь барьж байсан юм. Яг хийх гэтэл ямаа хөдөлсөн. Тэгээд миний өвдөгний тэр хавь руу зүүгээ оруулаад жаахан шахчихсан байсан. Тухайн үедээ жаахан часхийсэн. Уг нь ямааны хүзүү рүү вакцинаа хийх ёстой юм. Гэтэл намайг “Ямааны толгой дийлэхгүй байхдаа яадаг юм” гэж загнасан. Хөлийг минь үзэж, шалгаагүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Надаас гадна А.Батбаатар гээд хүүхдийн хөл рүү минийхээс ихийг шахчихсан байсан. Санаатайгаар биш ч хариуцлагагүй байгаа биз дээ.

-Эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэсэн үү?

-Сумын эмнэлэгт үзүүлсэн. Бас аймаг руу явж шинжилгээ хийлгэсэн. Зүгээр байна л гэсэн. Гэхдээ вакцин чинь мялзан өвчний амьд вирус гэсэн шүү дээ. Түүнээс хойш бие нэг л сул оргиод байгаа. Тэгээд ч мялзан өвчин манайд анх удаа гарч байгаа болохоор яаж эмчлэх, шинжлэхээ ч мэдэхгүй байгаа гэж яригдаж байгаа шүү дээ. Мялзан туссан малыг хэрхэх тухайгаа мэдэхгүй байгаа юм чинь хүнд таривал яахыг бүр мэдэхгүй байх гэж бид ярилцаж байгаа.

-Биед чинь ямар нэг зовиур байгаа юу?

-Их ядардаг болсон. Бас хөлийн энд тэнд жижиг жижиг яр гараад байгаа.

-Вакцин тарьсан эмчтэйгээ эргэж уулзсан уу?

-Нэг ч удаа уулзаагүй ээ. Биднийг худал хэлж мөнгө авах гэлээ гээд хүмүүст яриад яваад байгаа. Бас нэг юм хэлчих үү.

-Хэл л дээ.

-Манай аав ээж хоёр ардчилсан намын хүмүүс. Гэтэл одоо хүмүүс “Ардчилсан нам унасан болохоор сумын Монгол Ардын намын нэрийг унагах гэж ийм хэл ам гаргалаа” гэж яриад байх юм. Эмчийн хариуцлагагүй байдал намтай ямар холбоотой юм бэ гэж бодож байгаа.

-Улаанбаатар явж эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй байх. Бас шүүхэд хандаж үзсэн үү?

-Улаанбаатар явах гэхээр мөнгөгүйдээд байгаа. Шүүхэд хандсан чинь ийм өргөдөл хүлээж авахгүй гэсэн гээд хөл дээрх яршсан шархаа харуулав. Уг вакцин хүний биед хэрхэн нөлөөлөх талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын их эмч “Хөхморьт суманд болсон явдлын талаар ярьж байна уу. Тэр сүйдтэй нөлөөлөхөөр их хэмжээгээр шахаагүй гэсэн. Ямаа тийчлэхээр гар нь цохигдоод нэгэнд нь зүүнийхээ үзүүрийг хальт зоосон, нөгөөх нь бага хэмжээтэйг шахчихсан гэсэн” гэсэн юм.

Хөхморьт сумаас Баян-Уул руу явах  хоёр ч тас шувуу үхсэн байхтай таарлаа. Тас шувууны дэргэд мялзан өвчнөөр үхсэн бололтой хоёр бөхөнгийн сэг зэм байсан юм.

Үргэлжлэл бий.

Б.Энхмарт

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүүд зөвлөх нь(122.201.24.76) 2017 оны 02 сарын 07

Нэг зүүгээр олон мал тарьж байгаа үед мялзангийн вирүс биш ч малын биед агуулагддаг бусад үүсгэгч, мөн орчны бохирдлоор зүү бохирдсон байгаа. Тэгэхээр эртхэн эмнэлэгт үзүүлж, антибиотик хийлгэсэн нь зөв. Антибиотик вируст үйлчлэхгүй, бактерийн элдэв бохирдол цусанд орсон бол үйлчилнэ. Тоохгүй яваад байж болохгүй.

0  |  0
Top