Гэр хорооллын хүүхдүүдийн цуснаас хар тугалга их хэмжээгээр илэрчээ

2017 оны 02 сарын 09

Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим /АШУҮИС/, GoGo агентлаг хамтран Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, Хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон авч, цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийжээ. Шинжилгээний дүнд хүүхдийн цусанд огт байх ёсгүй хар тугалганы агууламж ихээр илэрсэн байна.

Тус цэгүүдэд хоёроос дээш жил амьдарсан 7-10 насны 15 хүүхдэд шинжилгээ хийжээ. Шинжилгээний үр дүнгээр Баянхошуу орчимд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалны хэмжээ 15.9-22.6 мкг/дл, Техникийн зах орчимд амьдардаг хүүхдүүдийнх 5.7-10 мкг/дл, хотын төвд амьдардаг хүүхдүүдийнх 4.2-8мкг/дл, Нарантуул зах орчимд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 4-4.3 мкг/дл хэмжээтэй илэрсэн байна. Харин Зайсан орчимд амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалга огт илрээгүй аж.

Түүнчлэн орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 3.7 мкг/дл, гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалагын агууламж 10.8 мкг/дл илэрсэн бөгөөд үүнээс үүдэн гэр хорооллын хүүхдүүд илүү аюулд өртөж байгааг байгааг харж болох юм.

Судалгааны баг агаарын бохирдол ихтэй цэгүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн цусанд хар тугаллга их хэмжээгээр илэрч байгаад үндэслэн голлон нөлөөлж байгаа зүйлийг агаарын бохирдол гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийсэн байна.

Хар тугалга эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл юм. Хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай аж. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг байна. Хүний цусан дах хар тугалгын хэмжээ 0-10 мкг / дл хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна. 

Ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй

-Тархины хөгжилд сөрөг нөлөөтэй

-Сэтгэн бодох чадвар бууруулдаг

-Сонсголд сөргөөр нөлөөлдөг

-Хүүхдийн өсөлт

-Мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгодог

-Бөөрний үйл ажиллагаа

-Нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөөллийг үзүүлдэг байна.

Хар тугалганы эх үүсвэр:

  1. Хоолны сав, суулга – дотор талыг нь өнгөлөх
  2. Гоо сайхны будаг (нүдний, үсний будаг)
  3. Шилэн эдлэл (улаан, шар өнгө гарах) шаазан эдлэл өнгөлөх
  4. Барилгын материал (будаг)
  5. Хөргөх төхөөрөмж
  6. Машины түлш (бензин), автомашины утаа нь хар тугалга, хөө тортог, бензинперин,азотын давхар исэл зэрэг 260 гаруй нэр төрлийн хорт бодис ялгаруулдаг аж
  7. Төрөл бүрийн зай
  8. Хүнсэнд (чихрийн үйлдвэрлэл)
  9. Химийн үйлдвэрлэл
  10. Усны хоолой бүрэх
  11. Загас, ангийн зэвэрдэггүй хэрэгсэл үйлдвэрлэх зэрэгт өргөн хэрэглэгдэж байна.

Зургаа хүртэлх насны хүүхэд хар тугалганы эрсдэлд илүү өртөмгий байдаг.

Учир нь:

- Хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг.

- Хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү  байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).

- Хоол тэжээлийн дутагдлаас үүдэн (төмөр, витамин Д гэх мэт) хар тугалгын шимэгдэлт дутмаг.

- Цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top