С.Эрдэнийн өгүүллэг: Үлдэгдэл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Тасганы овоо, хуучин өргөн чөлөө хоёрын хоорондох Хятадын есөн гудамжны шавар хэрэм хашаа, байшингууд доогуураа үерт идэгдэн өмхөрсөн модон хана нь хэрзийж нэг сайн өшиглөөд авбал буугаад ирмээр болж, цаанаа их этгээд хачин амьдрал нуусан баймаар санагддаг асан битүү хашаануудын нүсэр дааман хаалга өгөрч яажийгаад, арслан барсын дүрс сийлсэн зэс татуурга, төмөр гинж харжигнуулсан сүрдмээр лут түгжээс нь зэвэрч гүйцжээ. Одоо тэнд есөн гудамжны амьдрал байдлаас үлдсэн юм бараг байхгүй. Оройн нарнаар шавхайт гудамжнаа гадаалж бор шувуу шиг пөөдийтөл зэрэгцэн суугаад үзүүр хязгааргүй яриагаа дэлгэдэг “ядавч янчаантайгаа” луухаанууд үхэх нь үхэж, буцах нь буцсаар байгаад бүр цөөрчээ.

Хүүхэд  наснаас  бараг  гаралгүй харцуулд  биеэ  сул тавин өгч зөвхөн гаднах өнгөөр  албилагч хөнган хийсгүүр явдалт эмсийн журамд орсон хятад цагаан царайтай, монгол хар гэзэгтэй эрлийз хүүхнүүд ч бас өдрийн од шиг болжээ. Өмхий шалбааг, тоос шорооны хажуугаар янз янзын сайхан хоол, жан цуу, шарсан сармис сонгинын хурц үнэр, бас нөгөө битүү хүрээ хашаан доторх үл мэдэгдэх амьдралын үнэр үнэртэхээ байжзэ. Одоо ганц хоёрхон жан цууны газар, төмөрчин, авсчин л байна. Ер нь наймаа нарын хүрэн цуу, зузаан модон авс, төмөр тах л үнэ цэнээ алдаагүй байх шив дээ. Зуны нэг уйтай бөгчим өдөр өргөн чөлөөгөөр дэмий сэлгүүцэж явтал цаадах байшингаасаа өндөр хашааны үүдэнд сарампай модон  самбар дээр  “энэ инжаан  алт мөнгө хийнэ” гэж хар будгаар муруй саруй бичсэн байхыг үзээд яаж алт мөнгө хийдгийг сонирхон, олон жил лавхайн сууж газар шигдсэн нэг муу байшинд орлоо. Наймаа нарын байшин гаднаас харахад арчаагүй навтгар атлаа  дотроо овоо зайтай байдаг юм. Чийг:нялуурсан урт бүрэнхий   тасалгааныхаа дагуу тавьсан вандан  ширээний ард гурван хятад утаа униар татуулж, лааны тосны хиншүү үнэртүүлэн сууж байв. Мөнгөн  хүрээтэй дугуй саравч хөлөрсөн хамар дээрээ тохож, хар торгон оройвч хазгай тавьчихсан,  их халхгар өмдтэй, хөг даг болсон хормогчтой тарган хөх луухаан нүүрсэн шанага дотор хувалзны чинээ алт хийж амандаа төмөр гуурс зуугаад, урд нь асаж байгаа лаанд ойртуулан хацраа үхэр бүрээ үлээж байх мэт бүлхэлзүүлэн байж алтыг лааны дөлөөр цохиулахад нэг хоёрхон  мөчийн дотор алт хайлж туяаран цэлэлзээд алтан хувалз шиг болов.

Түүний хоршоо залуу, хөгшин хоёр инжаан бас л зав чөлөөгүй байна. Тарган хөх аман дотроо ямар нэг дуу аяланхан алтны царцахыг хүлээзнэн, намайг мөнгөн хүрээт саравч дээгүүрээ баахан ёозгүй харж байснаа алтаа шар хийтэл усанд дүрж гар дөш дээр тавиад алхаар давтаж гарлаа. Тунгаагдаж зөөлөрсөн алт давталгын аясыг амархнаа дагаж сунан сунан гялалзана.

Гаднаас нэг эгэл даруухан бүсгүй орж ирээд халааснаасаа торгоны өөдсөнд нандигнан боосон хугархай бэлзэг гаргаж:

-Таны алтаар хийлгэсэн бөгж ингээд хугарчихлаа. Яанаа би гэж тун аргадангуй өгүүлэхэд тарган луухаан өөдөөс нь харж харж:

-Чи юу гэнэ? Миний тунгаасан алт эний насанд хугалаагүй гээд хятадаар хэдэн юм хэлэхэд нөгөө хоёр нь ай хай гэж ирээд л зэвүүцсэн янзтай шуугилдаж гарав.

-Уржигдархан хийлгэсэн шүү дээ гзж бүсгүй учирлан хэлэв.

-Ай чи дэмий яриваа. Ужигдал холин хүүхэн хийсэн. Холин хүүхэн чадаагүй хаа байна гэж уцаарлан алхаа дөш дээр тасхийтэл буулган “Чи бид хоёрын яриа үүгээр дуусваа” гэсэн янзтай буруу харахад бүсгүй арга тасарч үүдний дэргэд    уруу царайлан зогслоо.Тийн байтал нэг их ганган авгай “Сайн байна уу, инжаанаа” гэсээр  салхи татуулан орж ирэв. Махлаг майга хөлөө хар торгон оймсоор чандайтал бариулж, шүхэрлэн дэрвэсэн эрвээхэй цоохор банзал доогуур өвдгөө ил гаргаж, нүдэндээ нарийхан хар шил зүүж, үсээ хэт өндөрлөн овоолж идэрхэн охидоос ялгаагүй маягласан тэр авгай шууд инжааны ханз дээр хормой сөхөсхийн суугаад,

-За чи миний нөгөөх зааз алтыг янзалсан уу? гэхэд

-Ай янзахгүй яах вэ. Чиний заазаа ч сайхаан заазаа гэж луухаан ажлаа орхиод том шаазантай цайнаас хэд балгаж урт соруулд хятад янжуур хийж асаахдаа нүд нь сэргээд ирэв. Хүүхэн хэдийгээр бүрэнхий газар орж ирсэн боловч нүднийхээ шилийг авсангүй. Нас жаахан явчихсаны хамгийн содон тэмдэг нүдний орчим байдаг болохоор арга ч үгүй биз ээ. Инжаан цай ууж тамшаалан:

-Ай заазаа бол ч зааз шүү. Ёсутай сайн алт бол ч нигээ цэн таван зуу хүрнэ гэхэд хүүхэн цүнхээ уудлан,

-Инжаанаа миний ярьдаг энэ. Ёстой бээжин шижир шүү гэж зүүн гарын бугуйд зүүсэнтэйгээ ив ижилхэн шижир бугуйвч гаргаж өгөв. Луухаан бугуйвчийг алган дээрээ багцаалан цэгнээд:

-Ай нигээ лан болно ваа гээд намалзтал мушгин үүдний дэргэд зогсож байгаа нөгөө охинд үзүүлж:

-Чи хар! Ийм алт яаж хугална. Манай холин хүүхэн хийсэн хугалаагүй гэхэд ганган авхай

-Ай яанаа! Хорин хүүхэн хийсэн гэнэ шүү ха-ха-ха гэж хөлөө өргөж толгойгоо цагнайлган инжааны төмрүүд ханхийтэл хөхрөөд,

-Хайран бугуйвч минь. Хосоороо байсан юмыг салгалаа. Нөгөө гурван зуун сувдтай даруулгаа таваар (мянгаар) өгсөн. Урьдны юм ул болсон хойно доо. Аавын хураасан хөрөнгөний үлдэгдэл ингээд дууслаа хөөрхий гэхэд инжаан хүүхний хөл доорх явган сандал татаж суунгаа;

- Ай үлдэгдэл бас бий ваа гэж тал засав. Хүүхэн “За ингээд боллоо” гэсэн янзтай нуруу хотойлгон суниагаад,

-За инжаанаа би явъя. Гурав дөрөв хоноод ирнэ гэж толгой дээгүүр нь банзлаа дэрвүүлэн гарч одов.

Лааны хиншүү үнэртсэн бүрэнхий тасалгаа, зальтай луухаан, хайлмал алтан хувалз энэ бүхэн аль хэдийний улирч баларсан юмны үлдэгдэл бөгөөд орчин цагийн янз маягт орж ядсан саяны авгай ч бас л нэг үлдэгдэл юмаа гэж бодсоор гарч явав.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Энхцэцэг (202.179.31.50) 2017 оны 01 сарын 16

Маш сайхан өгүүллэгүүд. Та бүхэндээ баярлалаа. Ажилд тань улам их амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

0  |  0
(202.126.89.246) 2014 оны 10 сарын 16

маш их баярлалаа сайхан өгүүллэгнүүд байна

0  |  0
Top