Утга зохиол: “Эрдмийн ажил” буюу ширээ бөхийн дууль

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 12

Самбуугийн Надмид

 

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Надмид 1934 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төржээ. 1966 оноос Монголын хэвлэлд 40 жил ажилласан нэрт сэтгүүлч, зохиолч юм. Надмид “Нарны охид”, “Дааганы уралдаан”, “Нийслэлийн замд”, “Хар нүдэн”, “Жаран дэгдээхэй” зэрэг шүлэг, өгүүллэг, зөгнөлт зохиол, роман төрлөөр хорь гаруй ном хэвлүүлжээ.

 

“Эрдмийн ажил” буюу ширээ бөхийн дууль

Энэ тэмээ хэрээ шувуу ч нисдэггүй, хээрийн боохой ч очдоггүй шахам жигтэй зэлүүд их талын нэгэн бяцхан хонхорт гав ганцаар уяатай хэвтсээр даруй наян тав хоногийнхоо өглөөтэй золгожээ. Түүнийг энд анх яах гэж авчирсан, хожмын нэг өдөр урд хоёр хөлийг төмөр утсаар богочин хэвтүүлээд босохын аргагүй болгож орхисныг Дамбий, Цэрмаагийн хүү хоёроос өөр хэн ч үл мэднэ. Ийнхүү эл өрөвдөлт тэмээ "Айдасын хонхор" хэмээх буйд газар намрын дунд сарын аагим халуунаас дүн өвлийн идэр ес тачигнасан энэ өдрийг хүртэл балга ус уулгүй, чимх өвс зулгаалгүй уяатай хэвтсээр бөгөөд гагцхүү урьд өмнө аварга том гүзээ, жаран цүнхлэгтээ хурааж нөөцөлсөн сэвс усаа эргүүлэн гулгиж, хивж амтлан амь зогоосоор эцэст түүнээ аль хэдийнэ барж дуусчээ. Одоо түүнд арьс нөмөргөсөн араг яснаас өөр юм ч алга. Гэлээ ч янхир биеийн доторх эд эс хямран урваж үлдэгдэл өөхний задарлаар бий болох өчүүхэн төдий илч дулаан битүү хунгар цас тасхийм жавартай тэмцэх эцсийн тэнхээ өгсөөр байх бололтой. Өл хоолгүй бүтэн гурван сар шахам болохдоо цагаан цорой, хомны өөхөө барж, ширээ хоёр бөхөө идэж дуусчээ.Уг нь энэ тэмээ сүргийнхээ дотор хэн бүхний нүдэнд эхэлж тусахаар хар сор гялалзсан хүрэн улаан зүстэй, тарга хүч жагссан үнэхээр содон сайхан амьтан байсан сан. Дамбийгийн "эрдмийн ажил”-д чухам ийм тэмээ хэрэгтэй байсан агаад тэгэхдээ ямар ч эмгэг өвчингүй, хол нутгийн алдуул зуйгуул тэмээ хэрэгтэй байлаа. Чингэхэд эзэнгүй тэмээ сонгоно гэдэг учиртай. Шилмэл сүргээсээ Дамбийд тушааж үйлийг нь үзэхийг хэн хүсэхсэн билээ. Тэр бүү хэл, зэлэн дээрээ юмуу, нүдэнд үзэгдэх газар уяулах хүн яалаа ч олдохгүйг Дамбий сайн мэдэж байв. Мал тарчилгалаа хэмээн хамаг амьтны хараал иднэ гэж болгоомжилсон ч аргагүй. Тэгээд айл мал нутагладаггүй газрын гүйдэлтэй гэх "Айдасын хонхор"-ыг сонгож авсан хэрэг. Аз болоход эзэнгүй бололтой зүс үл таних баахан тэмээ тэнд явж байжээ. Дамбий уяа хүлээ олохоор сумын төв рүү явъя уу гэснээ дөтийг бодож Цэрмаагийнд очихоор уулгалан давхисан нь ардаг тарган атыг ганцаар барьж дийлэхгүй байж болох тул хүүгээр нь туслуулах санаа агуулжээ. Хүү жаахан оёг маягийн гэмтэй боловч өөртөө сайныг тэр мэднэ.Тийнхүү Дамбий туслагчаа дагуулан давхиж ирсэнд нөгөө сүрэг байж л байлаа. Санаснаас мөнөөхөн атанцар сүрхий догширсонгүй баригджээ. Түүнийг товлосон газраа авчраад урт төмөр гадас шаан сайтар уяж бэхлэж эхлэхэд хүү:

-Зоо ах аа! Үүнийг яах гэж байгаа юм бэ? гэж асуув. Цэрмаа хүүдээ зоотехникч гэж хэлэхэд хэцүү ч гэж бодсон юмуу, зүгээр л "Зоо ах" гэж дуудаж байгаарай гэсэн юмсанж. Дамбий шулуухан "Нууц! нууц гэж мэдэх үү?" гэснээ

-Энэ явдлыг хэнд ч хэлж болохгүй! Ээждээ ч дурсах хэрэггүй хэмээсэнд хүү:

"Зоо ах аа, та хэлээч дээ! Одоо учрыг нь хэлэхгүй бол би ээждээ ярина шүү" гэжээ. Ээждээ ярина гэсэн үгэнд цочсон Дамбий арга буюу тайлбарлахаас өөр аргагүй болов.

-Зоо ах чинь монгол тэмээ хэдэн сар өл хоолгүй амьд байж болох талаар эрдэм шинжилгээний ажил хийх гэж байгаа юм. Шинэ нээлт хийхэд өчнөөн төчнөөн нохой, туулай, мэлхийг егүүтгэдэг юм. Ах чинь тэмээ судалдаг болохоор тэмээгээ л сонгож авч байгаа нь энэ! Миний энэ ажил жил тутам хорогдоод байгаа монгол тэмээг аварч ч мэднэ шүү дээ! Буянтай ажил юм шүү гэв.   

Нээрээ монгол тэмээ гэдэг хосгүй тэвчээртэй мал юмсан. Эхний гуч хоногт өнгө зүс,тарга хүчээ огтхон ч алдсангүй. Хэвтрээсээ ч босолгүй тайван хивж хэвтсээр байлаа. Гэтэл гучин нэг дэх хоногоос эхлэн уяанаасаа алдуурах гэж тэлүүлэн орчныхоо газрыг халцалж, хүзүү хүрэх бут, дэрсийг мөлжиж эхэлжээ. Уяаг бэхлэж, төмөр утсаар хоёр өвдгийг нь богочиж хүлээгүй бол алдуураад явчихаж мэдэхээр байлаа. Зул сар гарч, идэшний цаг ирэхэд Дамбий хүнсэнд хэрэглэх тэмээ заазлах ажлаар "эрдмийн ажлаасаа" баахан хөндийрөөд нэг өглөө давхиж ирвэл хөөрхий тэмээ битүү хунгарт дарагдчихсан, амь голтой юм хэвтэж байжээ. Ам хамар, хөмсөг сормуус нь цантаагүйг бодоход түүнээс бүлээн амьсгаа ч гарахаа больсон бололтой. Үзвэл хэн нэгэн энд ирээд явжээ. Хунгар цөмчсөн жижигхэн гутлын мөрийг шинжвэл Цэрмаагийн хүү болохоос зайлахгүй. Бурантгийг таслаж, богочоог тайлжээ. Бүр гайхалтай нь хормой хэртэй ногоон өвсийг омруунд нь хаясан байна. Гэвч тэмээ босч чадсангүй, өвсөнд ч ам хүрсэнгүй. Хоёр завьжаар нь чихсэн бололтой өвсийг ч зажилж чадсангүй, зуусан чигээрээ хүзүү сунган хэвтжээ. Түүний нүдний гал хэдүйнээ бөхөж, хараагүй болжээ. Гагцхүү эхээс анх төрсөн манант цэнхэр говь, амтлах дуртай харгана, хависганы навч намиа, таана, хөмүүлийн ааг шүүс, хэвтэх хөрвөөх дуртай дэрст түнгэ, нурамт үнс мэтээ алсын зөн совингоороо үл ялиг ч гэсэн мэдэрсээр байна уу даа гэлтэй. Дамбий өврөөсөө бяцхан дэвтэр гаргаж, "Яг 85 хоног" гэснээ "Өнөө шөнөөс хэтрэхгүй нь ээ" гэж бувтнав. Чингэтэл үгүй. Тийн сайхь тэмээ дахиад хэд хоног амьд байж, ерэн найм дахь хоногийн үүр цүүрээр өндөр дээд нас сүүдэр зооглосон монгол өвгөчүүл шиг дуу шуугүйхэн их говь, эх байгаль юугаан орхичухай. Тэгэхдээ бөөрлөж унасангүй, яг дөрвөн мөчин дээрээ хэвтсэн янзаар амь тавьсан ажгуу. Ийнхүү Монголын говиос хоёр бөхт буюу базтриан гэж дэлхий дахинаа алдаршсан нэг тэмээ үгүй боллоо.

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top