Домогт жанжин Г.ЖУКОВЫН ХОРИОТОЙ ЯРИЛЦЛАГА

2017 оны 03 сарын 28

Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.


1966 онд дөнгөж байгуулагдсан уран бүтээлийн туршилтын кино студэд Москвагийн дэрэгдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, мэдээжээр хамгийн алдартай Жуков оролцон зураг авхуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Уг кино 1967 онд гарсан. Тэгэхдээ Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газар дургүйцсэн учир арай ядан гарсан байна. Тухачевский, Блюхер, Егоров, Якир нарыг шүүхээр шийтгэсэнтэй холбоотой бүх зүйлийг аргагүйн эрхэнд хассан байна. Гэвч кино ямар ч гэсэн гарсан юм. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй улсын киноны хэрэг эрхлэх газрын асуудлаар гарсан тог­тоолд түүнийг дахиад хэзээ ч байлгахгүйн тулд хальснаас арчиж хая­хаар заасан байжээ. Уран бү­тээлийн туршилтын сту­дыг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студэд өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ.
Одоо та бүхэнд аугаа их маршалын эх орны дайны тухай хэзээ ч, хаана ч гарч байгаагүй ярилцлагыг хүргэе.

 


-Зөвлөлт Холбоот Улсын мар­шал Г.К.Жуков Москвагийн дэр­гэдэх тулалдааны тухай ярьсан нь: -К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ?

-Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий ко­манд­лалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалгавар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Маргааш гэхэд очно гэж би түүнд хэл­сэн. Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэр­гүүд хаана байна? гэдэг тухай ойл­гомжтой илтгэл авч чадахгүй байна. Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм.

Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапош­ников нэмэлт товч мэдээлэл өгөв. Иван Степанович Коневын ко­ман­далж байсан Баруун штаб руу тэр дарай явж билээ. Тэгэхэд Гжевскийн орчимд байрлаж байсан фрон­тын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ан­гиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээр­тэй фронтын штаб холбоо тасар­сан байв.
Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиг­лэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top