Монгол улсын Засгийн газар хөрөнгийн зах зээлийнхээ цаашдын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, хамтран ажиллах Лондонгийн хөрөнгийн биржийн "сургалтын зардалд" 14.2 тэрбум төгрөг хүртэл хуваарилаад байгаа. Энэхүү таатай мэдээтэй давхцан нэгэн таагүй мэдээлэл сүүлийн өдрүүдэд чих дэлсэх боллоо. Монголын нөлөө бухий бизнесмен, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ хууль бус аргаар буюу тодруулбал, биржийн бус замаар хувьцаа худалдаж авсан тухай баримт хэвлэлээр дэлгэгдэж, салбарынхан нь дэлхий нийтийн чихнээ хүрчихвий хэмээн яс нь хавталзаж сууна. Монгол улс стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулж дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгохоор санаархаж буй яг энэ цаг үед экс гишүүний удирддаг компанитай холбоотой энэ мэт таагүй мэдээлэл гарсан нь тэднийг ийн хавчигнахад хүргэсэн нь мэдээж. Байдал цаашид муугаар эргэвэл зөвхөн салбарынхан төдийгүй Монгол улсын Засгийн газар нүүрээ хийх газаргүй болох юм. Хоёр хүний хоорондын наймааны төлөө ийн сүржигнэхийн хэрэг юу байна хэмээн уншигч та алгуурлаж болох юм. Эл хэрэг хөрөнгийн зах зээлийн талаар дутуу мэдлэгтэй манайханд энгийн мэт санагдаж буй ч энэ салбар өндөр хөгжсөн улс орнуудад бол байж болшгүй үйлдэл. Дээр нь хамгийн гол нь энэхүү хэрэгт нэгэн цагт хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, хууль эрхийн акт батлалцаж явсан эрхэм оролцсон гэдэг нь бүүр ч хүндрүүлэх шалтаг болж болохоор байгаа аж.
Тэгээд ч 2010 оны 2-р сарын 6-нд ОХУ-ын иргэн Романовскийтэй байгуулсан «Таван толгой транс» ХХК-ийн 10231 ширхэг хувьцаанд холбогдох энэхүү гэрээ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа аж. 2002 онд батлагдсан "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-д "... Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг арилжааны хэлцэл, өв залгамжлах эрхийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ, ТӨХ болон СЗХ-ны шийдвэр, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн гүйцэтгэнэ ..." хэмээн заасан байдаг. Түүнчлэн хуулинд зааснаар хувьцааг бусдад шилжүүлэх дөрвөн төрөл зүйлийг зөвшөөрсөн байна. Нэгд, "Арилжааны хэлцэл" буюу хөрөнгийн бирж дээрх үндсэн арилжаа, хоёрдугаарт, «Өв залгамжлах эрхийн гэрчилгээ» буюу өмчлөгч нас барсан нөхцөлд шилжүүлэх харилцааг зохицуулах хэлбэр, гуравдугаарт "Бэлэглэлийн гэрээ" харин дөрөвдүгээрт "Шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлэх". Экс гишүүний мэдлийн компани дөрөв дэх заалтаар түрүү барьж бусдын хувьцааг өөрийн болгохоор санаархаж энэхүү үйлдэлдээ шүүхийнхнийг санаатай санамсаргүй татан оруулсан хэмээсэн нь даарин дээр давс нэмэв гээч болоод байна.
Эх сурвалж: Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )