Монгол улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх хөрөнгийг гаргах зорилгоор Хөгжлийн банкийг шинээр нээж өчигдөр албан ёсоор үүдээ нээлээ. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар шийдэж, бондод нь баталгаа гаргах болсон байна. Урьд нь Монгол Улс олон улсын хэмжээнд бонд гаргаж байгаагүй. Харин Хөгжлийн банк анх удаа Засгийн газраас баталгаажсан үнэт цаас гаргах гэж байна.
Төрийн өмчийн хорооноос зарласан олон улсын тендерийн сонгон шалгаруулалтанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн Банк /KDB/ шалгарчээ. Гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэд байх бөгөөд МУ-ыг төлөөлөх Тэргүүн дэд захирлаар Лувсандоржийн Болормаа томилогдлоо. Банкны ерөнхийлөгчөөр солонгос эрхэм ажиллах юм байна. Тус банк 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн Газрын II байр буюу Сангийн яаманд байрлаж байгаа. Хөгжлийн банк эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийг бондын арилжаанаас босгох юм. Өөрөөр хэлбэл, 800 тэрбум төгрөгийн өрийн бичгийг арилжаалахыг Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банкинд зөвшөөрсөн. Энэ нь “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол ёсоор таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн өрийн бичиг байх юм. Хөгжлийн банк Засгийн газрын шууд хяналт дор ажиллах ба Санхүүгийн зохицуулах хороо мөн байнгын хяналт тавих гэнэ. Ерээд оны дунд үеэс анх яригдаж, 2009 оноос хүчтэй өрнөсөн Хөгжлийн банкийг байгуулах шийдвэрийг Засгийн газар 2010 онд албан ёсоор гаргаж дүрмийн санг нь баталсан юм. Уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг ивээн тэтгэж, улс орны хөгжилд гол түлхэц өгөх тус банкны дүрмийн санг 16,7 тэрбумаар тогтоосон бөгөөд жилээс жилд дүрмийн сангаа нэмэгдүүлэх явцтайгаар доод тал нь 100 тэрбумд хүргэхээр төлөвлөж буйгаа Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун мэдэгдсэн удаатай. Дүрмийн сангийн анхны хөрөнгийг төсвөөс гаргах юм байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )