Сүүлийн үед улсын төдийгүй нийслэлийн хэмжээнд ихсээд байгаа сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулахад салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой зөвлөлдөх уулзалт өнөөдөр нийслэлийн төр захиргааны Хангарди оронд эхэллээ.
“Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог сайжруулъя” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээж үг хэлсэн бөгөөд “Халдварт өвчин, түүний дотор сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах томоохон зорилтууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгөх халдварт өвчний өнөөгийн байдлын талаархи мэдээллийг сонсоод салбар бүр өөр өөрсдийн чиглэлээр ямар ажил хийх боломж, хүсэлтэй байгаагаа харилцан ярилцаж, санал бодлоо солилцож дээрхи зорилтыг хэрэгжүүлэх, үр дүнтэй ажлуудын санал санаачлагыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний саналд үндэслэн цаашид салбар дундын хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөг боловсруулан гаргах нь өнөөдрийн уулзалтын маань гол үр дүн байх болно” хэмээгээд тус зөвлөлдөх уулзалтад идэвхи санаачлагатай оролцож хамтран ажиллахыг уриаллаа.
Зөвлөлдөх уулзалтын гол зорилго нь сүрьеэ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дүүргийн ЗДТГ-ын удирдах ажилтан, шийдвэр гаргагч нарт мэдээлэл өгөх, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, зөвлөмж гаргахад оршиж буй юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй уг зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, НЗДТГ болон харьяа дүүргийн Засаг даргын тамгын газрын асуудал хариуцсан орлогч дарга, хэлтсийн дарга нар, НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд орсон хэвээр байгаа бөгөөд сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ өвчин нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгээр өвчилж байгаа бөгөөд 2012-2016 онд 10,000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин (14.1) тогтмол буюу хөдлөл зүй багатай ч, 2016 онд Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдол 59,6 хувь байгаа нь цаашид өвчлөл нэмэгдэх хандлагатайг харуулж байгаа юм.
Харин олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын тоо болон 100,000 хүн амд ногдох өвчлөлийн түвшин жил бүр нэмэгдэж, эмэнд мэдрэг болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эдгэрэлтийн хувь, эмчилгээний амжилт жил дараалан буурч хяналт алдагдах, үр дүнгүй болох зэрэг эмчилгээний сөрөг үр дүнгүүдийн эзлэх хувь нэмэгджээ.
Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) сүүлийн таван жилд эрчимтэй нэмэгдсэн төдийгүй 2016 оны байдлаар нийт халдварт өвчний дотор 18.3 хувийг эзэлж байгаагаас 49.9 хувийг тэмбүү, 28.1 хувийг заг хүйтэн, 28.9 хувийг трихомониаз тус, тус эзэлж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 64.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 62.5 хувийг 15-39 насны залуучууд, 31.3 хувийг ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс эзэлж байна.
ХДХВ, ДОХ-ын нийт 229 тохиолдол бүртгэгдсэнээс 99% нь бэлгийн замаар дамжсан болох нь тогтоогдсон бол, нийт бүртгэгдсэн тохиолдлын 19.5 хувь нь эмэгтэйчүүд байгаагийн дотор 25.5 хувь нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд (ЭБҮ) эзэлж, 60 гаруй хувийг 25-39 насны хүн ам эзэлж байгааг харуулсан статистик үзүүлэлт гарчээ.
Сэтгэгдэл ( 0 )