Цэндийн Доржготов
Төрийн шагналт, нэрт шог хошин зохиолч, зураач Доржготов 1940 онд Архангайн Хашаат суманд төрсөн. 1990 онд “Бодлын хулгай”, “Будааны хүүхэд” номоороо Д.Нацагдоржийн шагнал, 2005 онд Төрийн шагнал, “Алтан өд” шагнал хүртжээ. Доржготов 2001 онд түүвэр зохиолоо хэвлүүлж, 2005 онд “Улаан орхимжны давалгаан” роман туурвисан бөгөөд нийтдээ 20 орчим ном хэвлүүлжээ.
Улаан гэрэл
Гудамжаар зүсэн зүйлийн тэрэг дохио жингэнүүлэн хурдална. Түвдэн ч хурдаа хассангүй нэмж л явлаа.Замын зөрлөгт түүнийг хүрэв үү үгүй юу улаан гэрэл заавал асна. Түвдэн юманд хөөгдөөгүй, юм элдээгүй, гэвч бухимдаж “Ээлж нь ингээд нэг таарчихаараа явуулдаггүй гайхал шүү” гэж уцаарлана. Машин шинэ бөгөөд хувийнх. Нэг зөрлөг дээр туньтай ногоон гэрлийг хүлээж хүлээж арай гэж хөдлүүт олон гоёмсог тэрэгтэй бяцхан зуур уралдаад хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй олон замын уулзварт иртэл улаан гэрэл бас л гялсхийн асав. Түвдэнгийн урдуур (хөндлөн урсгалаар) эрээн мяраан тэргүүд ногоон гэрлийн урилгаар хөврөх нь атаархмаар ажээ. Энэ зөрлөг маш их хөдөлгөөнтэй учраас тэнд гэрлэн дохионы зэрэгцээ бас зохицуулагч зохицуулж байв. Зохицуулагчийн уран нугалаа хугалаа бүхий хэдөлгөөнийг Түвдэн ногоон гэрэл асахыг хүлээх зуур ажиглаж байтал, тэр зохицуулагч Түвдэнгийн нэг голын найз Балдан байжээ. Түвдэн тэрэгнээсээ толгойгоо цухуйлган “Балдаан” гэж хашхирав. Балдан ийш тийш харснаа “Түвдэн!” хэмээн инээмсэглэсэн боловч байрнаасаа хөдөлж чадсангүй.Тэрбээр ногоон гэрлийн урсгалын дагуу цуврах тэргүүдийг ”Түргэл” хэмээн эрээн модоороо дохино. Автомашины урсгал Түвдэнгийн хамар доогуур хөндлөн хөвөрнө. Түвдэнд гатлахын аргагүй их мөрний эрэг дээр зогсож буй мэт санагдлаа. Тэгээд:
-Хөөе, Балдан! Чи миний ганц найзын хэрэг юу билээ, намайг энэ удаа улаан гэрлийн эсрэг гаргаад өг гэлээ.
Балдан Түвдэнг тоглож байна гэж бодоод:
-Ха ха, алиа муу золигийг гэх нь сонстов. Түвдэн царайгаа төв болгож:
-Би огт алиалаагүй байна. Чи их замын эзэн шүү юм бол ганц муу найзыгаа улаан гэрлийн эсрэг гаргаад аль! Би их яарч явна гэв.
Балдангийн царайд төдөлгүй гайхаш төрж:
-Түвдээн, чи юу ярьж байна. Улаан гэрлийн эсрэг ийм хөдөлгөөнийг гатлуулж яаж болох вэ гэж учирлав.
-За, за, болгоё гэвэл болохгүй юм өнөөдөр манай улсад хаана байна. Чи их юмаар боож дээ. Хавар яаж тус боллоо. Мартаагүй биз!
-Түвдэн минь, би чамайг энэ их хөдөлгөөнийг огтлон улаан гэрлийн эсрэг гаргах гэвэл бөөн мөргөлдөөн болно. Хүмүүс амь насаа алдаж болно. Манай дүрэм олон түмэнд золгүй явдал тохиолдуулахгүйн төлөө байдаг. Энэ дүрмээ бид бүгдээрээ хэдийчинээ чанд баримтална бид бүгдэд өөрсдөд маань төдийчинээ хэрэг болох учиргай юм, найз минь!
-За чи битгий номчирхоод бай. Харин чамаас нэг юм асууя. Хавар би чамд тус болсон уу, үгүй юу?
-Болсон!
-Тэгээд! Чи өөрөө болохоор хүний ажил дээр ирж аминыхаа хэргийг гуйж гувшиж манай байгууллагын дүрэм зааврыг зөрчүүлж байж бүтээчихээд, хүнд болохоор ганц удаа улаан гэрлийн эсрэг гаргаад өгөөч гэхлээр урдаас номноод байдаг, яасан хачин амьтан бэ. Хууль дүрэм тийм сүрхий баримталдаг юм бол чи хавар надаар яаж тийм эвгүй ажил үйлдүүлсэн юм бэ. Аль ч байгууллагын журам адилхан. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр чамайг эхэлж гуйгаагүй бол би чамаас өдийд улаан гэрлийн эсрэг гаргаад өгөөч гэж гуйгаа ч уу, үгүй ч үү?...
-Түвдэн минь, хэдхэн мөч тэсвэрлээч! Одоохон ногоон гэрэл чиний өмнө асна.
-Тэсвэрлэж болно. Гэхдээ энэ олон хүнийг харж байхад би танилтайгаа харуулмаар байна.
-Түвдэн минь дээ, Түвдэн минь! Чи энэ их хөл хөдөлгөөнийг хар! Маш аюултай зүйлийг чи надаас гуйж байна. Харин чи дараа хөл хөдөлгөөн татарсан хойно ирээч. Би чамайг улаан гэрлийн эсрэг хэд л бол хэд гаргаад өгье.
-Үгүй ер өө! Энэ хавар тэр ажлыг бүтээхэд надад тийм амархан байсан гэж чи санаж байна уу? За за, чамайг мэдлээ. “Хууль дүрэм зөрчөөд өөрийнхөө хар толгойд тус болооч” гэж чи хүнээс бол гуйж чаддаг, харин хүн өөрөөсөө тэгж гуйхыг зөвшөөрдөггүй “шударга” хүн шив дээ. Би чамд тийм онош тавилаа. Миний хувьд гэвэл, чамайг надаас гуйсан болохоор хариу гуйсан юм гэж хэлтэл зохицуулагч Балдангийн царай учиргүй ихээр барайгаад гэнэтТүвдэнг улаан гэрлийн эсрэг явахыг эрээн модоороо заалаа. Түвдэн ч тэргэндээ чадлаар нь хий залгиулаад их урсгалыг хөндлөн дайртал энд тэндгүй тар няр хийх дуу хаджээ. Хэд хоносныг бүү мэд. Нэг мэдэхнээ Түвдэнгийн нүдэнд улаан, ногоон, шар гэрэл солонгорсоор ганц цагаан толбо болж тогтсон нь таазнаас сойлттой шохойдсон хөл байлаа. Түвдэн хатсан уруулаа шилэмдэн байж “Би амьд байна аа” гэж дөнгөж хэлээд баярласандаа инээх гэтэл нүүр нь таталдан тэсэхүйеэ өвджээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )