Тавдугаар цахилгаан станц баригдахыг хүлээвэл хотынхон хөлдүүс болоод дуусна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 14

Нийслэл хотод цахилгаан, дулааны шинэ эх үүсвэртэй болохыг мөрөөдсөөр бид хориод жилийг ардаа орхижээ. Хамгийн сүүлд 2008 оны сонгуулиар МАН-АН сонгогчдоос оноо авахын тулд “Шинэ цахилгаан станцын суурийг тавина, тэгээд удахгүй ашиглалтанд оруулна” гэж байлаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт сонгуулийн өмнөхөн томоос том хашаа хүртэл бариад “Та бүхэн харж байна уу. Энэ бол тавдугаар цахилгаан станц” гэж Пи Ар хийцгээсэн. Харамсалтай нь хашааг нь хүмүүс хулгайгаар нурааж зөөсөөр дуусгасан. Үүний адил станцын яриа ч нэг хэсэгтээ нам жим болсон. Тэгвэл саяхнаас хуучин станцынхаа барилгыг ашиглаж, ялимгүй өргөтгөл хийсэн болоод нөгөө горьдлогын станцаа барьж эхлэх тухай их л сүр бадруулан ярьцгааж байна. Тэр нь тэгээд урьдын адил нүүрс шатааж цахилгаан дулаан гаргах юм байна. Хотын утааг яая даа гэж дээр дооргүй шаналцгаах атлаа хамгийн их хорт утаа ялгаруулдаг нүүрсээ ашигласаар байх нь л дээ. Нүүрсээр баян улс гэдгийг маань одоо дэлхий тэр аяараа мэддэг болсон. Нүүрснээс шингэн түлж гарган ашигладаг технологи бас дэлхийгээр дүүрэн болоод байна. Эдгээрийг ашиглах талаар хэн ч ярихгүй юм. Тэгэхээр ядаж тийм түлшээр ажилладаг цахилгаан станцтай байх нь яав даа гэж хожим өөрсдөө амаа барин зогсож таарах гээд байна. Одоо гайхуулаад байгаа станц нь 6 жилийн дараа ашиглалтанд орох юм гэнэ. Хотын цахилгаан, дулааны ачаалал ямар байгаа билээ дээ. Тэгээд энэ станц нь баригдаад дуусахаараа агаар бохирдуулсан гэж торгууль төлж эхэлнэ. Ийм систем дэлхийд тогтож байгаа. XXI зуун соёлын гайхамшгийг дэлхийн нийтээрээ харах, үр шимийг бодитоор амсах шинэ үеийг авчирсан. Гэтэл өнөөдөр хот маань зарим хэсэгтээ, ялангуяа захын хорооллууддаа харанхуй хэвээрээ байж л байна. Өрхийн орлого дээшилж чадаагүй байхад цахилгаан дулааны мөнгө нэмэгдсээр байгаа. Атомын цахилгаан станцтай болох тухай бас дарга нар ярьж байлаа. Гайхалтай нь нефть боловсруулах үйлдвэргүй. Энэ нь хэзээ бий болохыг бурхан ч мэдэхгүй. Уран олборлолт бүр сураггүй болсон. Канадууд манайхаас уран гаргаж хамтран ажиллах болтол Оросууд атаархаад түүнийг нь булаагаад авсан тул тэд одоо олон улсын арбитрын шүүхэд өгчихөөд байна. Асуудал шийдтэл лав гурван жил болох юм гэнэ. Тэгээд  уранаас бүтээгдэхүүн гаргаж аваад атомын станцаа ажиллуулах гэсээр байтал монголчудын бараг бүтэн нэг үе бурхандаа яваад өгөх бололтой. Ингээд цахилгаан станц маань мянгуужингийн үлгэр лугаа үлдэх нь дээ. УИХ-ын зарим гишүүд бас ярьж байх юм аа. Нүүрс, цөмийн түлшээр ажилладаг станцын аль нь ч хэрэггүй. Тэгснээс нарны энергиэр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж байна. Үнэ өртөг маш хямдхан юм байх. Баруун аймгуудад баахан дэмий, илүү зардал болсон усан цахилгаан станцуудаас хамаагүй дээр гэцгээх ажээ. Ийм станцыг усан цахилгаан станцтай хамтруулаад ашиглавал бүр сайн бололтой. Гэвч нар, салхины эрчмийг ашиглах боломжтой улирал гэж бий. Мэргэжлийн судлаачид манай оронд салхин сэнс ажиллуулах хэмжээний салхитай өдөр жилийн бүх өдрүүдийн дөнгөж 30 хувьд нь л байдаг байна. Ийм нөхцөлд бас л хэцүүднэ. Гэхдээ нар салхины эрчмийг дахин сэргээх боломжтой. Иймэрхүү техник хэрэгсэл хаа сайгүй байж л байдаг юм байна. Эрчим хүчийг ийнхүү сэргээгдэх  нөхцөлөөр нь шийднэ гэвэл манайд 5 сая сэнс үйлдвэрлэх юм уу, олж авчрахад хангалттай гэсэн тооцоо гарчээ. Үүнийг шийдэж чадвал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм бараг үгүй. Дэлхийн хэмжээнд атомын цахилгаан станцаас татгалзах хандлага их боллоо. Үүнийг бид Японд болсон аймшигт явдлаас бэлээхэн харж байна. Герман зэрэг соёлтой оронд сэргээгдэх эрчим хүчээр улс орноо хангана гэсэн зорилт тавьжээ. Америкт гэхэд хоёр сая гаруй хүнтэй хотыг ийм эрчим хүчтэй болгохоор ажиллаж байгаа гэнэ. Мундаг байгаа биз. Улаанбаатар хэдэн хүнтэй билээ дээ. Агаарын бохирдолгүй байхыг хүсвэл сэргээгдэх эрчим хүчийг л ашиглахаас өөр найдвартай гарц одоохондоо бидэнд алга байхад заавал амбасын үеийн нүүрсээр ажилладаг станц барих гээд байгаа нь тун ойлгомжгүй байна. Ойлгомжгүй ч юу байхав дээ, бас л энд нөгөө томчуудын шахааны бизнес цэцэглээд байгаа ажээ. Станцыг нь тэгээд хүлээсээр суутал хотынхон цөмөөрөө хөлдүүс болоод дуусах юм шиг байна. 
Б.Отгонбаяр.Zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top