Цөмийн хаягдлын тухай яриа мөддөө тасрахгүй бололтой. Социализмын үед ч манайд яригдаж байсан юм. Харин хэт үзэл сурталжсан тухайн үед энэ талаар маш нууц, цөөн хэдэн хүний хүрээнээс хальдаггүй байлаа. Зохиолч, нийтлэлч Л.Пүрэвдорж гуай нэг удаа энэ талаар нэгэн танилдаа ам нээсэн гэдэг. Тэгэхэд чинь Намын Төв Хороо гэж лут газар байлаа шүү дээ. Мань хүн тэнд хэлтсийн орлогч эрхлэгч хийж байсан юм. Ардчилсан хувьсгалын дараахан нэгэн номоо бичиж суухдаа “Ингэхэд ер нь энэ оросууд юу ч хийж магадгүй шүү. Цаадуул чинь манай говь нутагт харийнхны болон өөрсдийнхөө цөмийн хаягдлыг нууцаар авчирч булахаас сийхгүй. Манай нэг даргатай Оросын томоохон зүтгэлтэн ам халан ярьж суухдаа битүүхэн дурссан юм шиг байна лээ. Мөн ийм оролдлого ч хийж байсан юм” гэжээ. Үүнийг давхар нотлох гэсэн мэт саяхан Ногоон эвслийн ерөнхий зохицуулагч О.Бум-Ялагч “Хэдэн жилийн өмнө гадаадынхан манайхыг энэ талаар сонирхож байсан” гэв. Энэ үнэн ажээ. 2005 онд судлаач Д.Ганхуяг энэ талаар мэдээлэл олж аваад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-д албан ёсоор мэдэгдэж байсан байна. Харамсалтай нь хэн ч хариу өгөөгүй. Тэр үед Оросын Төрийн Думын зарим гишүүд атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг өөрсдийн нутагт өндөр үнээр булшлах шийдвэр гаргуулж байжээ. Тэдний энэ шийдвэрийг цөмийн хаягдлаасаа салахыг хүссэн Тайвань улс хүлээн авч гэрээ хэлцэл хийн эхний ээлжийнхийгээ Орост аваачиж булжээ. Оросын ийм санаачлагаас манай улс төрчид санаа авч Тайваний атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг нь эх орондоо булшлах боломжийг эрж хайх болсон байна. Ингээд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Чулуунбатыг Тайвань руу явуулж албаны хүмүүстэй нь уулзуулж байжээ. Тэгэхээр цөмийн хаягдал Монголд өнөөдөр гэв гэнэтхэн дуулиан тариад босоод ирж буй хэрэг биш байгаа биз. Дэлхийн хэмжээнд ойрын жилүүдэд атомын 60 гаруй станц нэмж байгуулагдах гэж байгаа. Эдгээрийн зарим нь ашиглалтад орох дөхсөн гэнэ. Түүнчлэн жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа атомын цахилгаан станцаас гарах тэрхүү хаягдлыг хаана булшлах вэ гэсэн асуудал газар нутаг багатай, тэнгис далайгаар хүрээлэгдсэн хөгжилтэй улс орнуудын толгойн өвчин болжээ. Японы хувьд бүр ч хүндхэн байгаа болов уу. Газар хөдлөлтийн улмаас хоёр дахь атомын цахилгаан станц нь зогсоход хүрч байна. Хамгийн сайн технологитой, өндөр сахилга баттай япончуудын энэ сургамжаас болоод дэлхийн нэлээд улс орнууд атомын цахилгаан станцаасаа татгалзахад хүрлээ. Гэхдээ одоогоор энэ нь зөвхөн санал төдий байгаа юм. Цаашдаа тухайн орны төрийн бодлогын хэмжээнд яригдсаар байх биз. Эдгээрээс үзэхэд Америк, Японтой манай гадаад харилцааны ажилтнуудаас цөмийн хаягдлыг булшлах талаар санал солилцсон нь бодит үнэн болж таараад байгаа юм. Энэ талаар олон жил судалгаа хийсэн Японы “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч Айкава Харуюкитай “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Долзодмаа интернетээр ярилцлага хийсэн байна. Айкава Харуюки үүнийг итгэлтэйгээр нотолж байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сард АНУ-ын Эрчим хүчний яамны орлогч дарга Понэман Монголд ирснээр энэ асуудал идэвхтэй яригдаж эхэлжээ. Японы тал харин үүний дараахнаас гурван талт хэлэлцээрт оролцох болсон юм байна. Японы талаас тус улсын Эдийн засаг худалдааны яам, манайхаас Гадаад харилцааны яам оролцжээ. Мөн Монгол улс 2020 оноос Арабын нэгдсэн Эмират улсад атомын цахилгаан станцын түлш нийлүүлэх тухай ч яригдаж байна. Ингэхдээ Эмиратаас 2040-2050 онд цөмийн хаягдлыг нь буцаагаад Монголдоо авчирч булшлах хэтийн төлөвлөгөө хийсэн бололтой. Энэ үед мэдээж тээвэрлэлтийн асуудал хөндөгдөнө. Эмиратын цөмийн хаягдал Хятад, ОХУ-ын нутгаар дамжин манайд ирнэ. Цөмийн хаягдал бол аюултай ачаа тээвэрт тооцогддог. Иймээс төлбөрийг Эмиратаас хийж таарна. Энэхүү төлөвлөгөөг Америкчууд ч мэдэж байгаа ажээ. Тиймээс тэд манайд хандахдаа “Та нар тэгвэл Эмиратын цөмийн хаягдалтай хамт манай цөмийн хаягдлыг аваад эх орондоо булшилж болохгүй юу” гэсэн санал тавихад хүрсэн болов уу. Ер нь цөмийн хаягдлыг булшлах технологи бол нэлээд өвөрмөц бөгөөд газрын гүнд 100 мянган жилийн турш найдвартай байхаар тооцоолж хийгддэг онцлогтой юм байна. Гэтэл Гадаад харилцааны сайд Занданшатар энэ бүхнийг үгүйсгэхдээ бас тийм байж болохыг ч хүлээн зөвшөөрсөн мэт хоёрдмол санаа цухалзуулжээ. УИХ-ын гишүүн О.Чулуунбат саяхан цөмийн хаягдал булшлах нь асар өндөр өртөгтэй бизнес хэмээн ярьсан нь Тайвань улсад ийм ажлаар очиж байснаа дахин нотлоод байх шиг. Түүний хувьд энэ нь мөнгө олох арга гэж үзэж байж болох юм. Гэвч алс ирээдүйд Монголд булшлагдсан цөмийн хаягдлаас ямар гамшиг учир болохыг таахад тун хэцүү байгаа юм.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )