“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр батлагдлаа

2017 оны 06 сарын 09

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус дэд хөтөлбөр нь нийслэлийн эрүүл мэндийн салбарыг дунд хугацаанд хөгжлийн нэгдсэн бодлогоор хангах анхны баримт бичиг юм.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого-2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, үндэсний  бусад бодлого, эрх зүйн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн зорилтыг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, нийслэлд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ.  

Дэд хөтөлбөрийг Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахалсан, өргөн хүрээний төлөөлөлтэй ажлын хэсэг боловсруулж, нийслэлийн нийт эрүүл мэндийн байгууллагаар хэлэлцүүлэн саналыг нь авч тусгасан.

“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн технологи, эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, ил тод байдлын гэсэн нийт 8 чиглэлээр зорилтоо тодорхойлжээ. Хөтөлбөрийг дагалдан батлагдах үйл ажиллагааны төлөвлөгөөнд бодлогын 34 чиглэлээр хэрэгжүүлэх 78 үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу нийслэл хотод шинээр дүүргийн эмнэлгийн, өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барих зэрэг хөрөнгө оруулалт тусгагджээ. Хөтөлбөрийг 2017-2020 онд 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн үр дүнд эрүүл мэндийн үзүүлэлтэнд ахиц гаран эрүүл иргэн, эрүүл өрхийн эзлэх хувь нэмэгдэж,  иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлснээр эрүүл аж төрөх хандлага, дадлыг төлөвшүүлж, халдварт болон халдварт бус өвчин, түүний хүндрэлээс сэргийлэхэд ач холбогдолтой. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын засаглалыг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлснээр  иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top