С.Эрдэнийн өгүүллэг: Чөдөр

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 15

Зуны өглөө наран эрт Ногоон гэрлийн тал дахь арван цагаан гэр. Арван цагаан гэрийн өмнө зуун унаганы зэл. Зуун унаганы зэлний дэргэд хоёр  өвгөн хүүрнэлдэн   суув.

-Ваанчиг аа, чи над нэг сайн чөдөр зангидаж өгнө байгаа. Манай тэнэг хар, чөдөр ногтоо гээсээр байгаад гар суллалаа гэж атигар хөх өвгөн өгүүлэхэд:

-Аа бололгүй дээ. Харин тэнэг хар гэж муучилдаг чинь, хай мэдэхгүй. Миний номоор бол чиний банди сайхан эр болж явна гэж лужир улаан  өвгөн хариу  өчив.

-Сайхнаа ч алд. Одоогийн багацуулыг сайн дарж байхгүй бол чөдөр ногт байтугай ухаанаа ч гээж мэднэ дэгээ.

-Хай мэдэхгүй Дорлиг минь.  Чи   бид хоёр эдний насанд гээх ч ухаангүй явсан байхаа.

-Соёл сурталгүй гэхээс биш, хар ухаанаараа ч дагуулахааргүй явсан  л даа гэж Дорлиг өвгөн үг зөрөв.

Арын эгнээний захын гэрээс богинохон улаан банзал хар торгон цамц өмсөж, үс гэзгээ задгай орхиж хөл гараа тууш ил гаргасан хориод насны өндөр бор охин гарч ирээд Ногоон гэрлийн тал дахь бяцхан горхины  зүг явав. Дорлиг түүний  хойноос   хяламхийгээд:

-Ваанчиг аа, Халзангийн энэ охин чиний номоор ямар харагдана  вэ гэж ёжлонгуй   асуув.

-Хай   мэдэхгүй.  Жунгаа  шиг гэх юм уу даа  гэв.

-Гэсэн ч чи бидний мөргөж байсан Дарь эхийн дүр банзал ч үгүй мөртөө сайхан л харагддаг сан даа гэж цаашлуулахад Дорлиг өвгөн уурлаж төөлүүр  хорхой шиг атисхийн,

-Ай хар  нүгэлт! Цагаа ирэхээр хүн гэдэг адгууснаас ялгаагүй болно бий вий гэв.

Халзангийн охин  Дарь эхийн хөлнөөс дутуугүй гоолиг урт хөлөө хачин  маягтай    солбилзуулан,  оготор улаан банзлаа дэрвэлзүүлэн явах нь хуучны хүний нүдэнд гаж буруу харагдахаасаа нэг их зовохгүй байдалтай, Ваанчиг өвгөн ертөнцийн  шалдар балдар бүхнийг үл тоомсорлогч  мэргэдийн нигүүлсэнгүй  нүдээр түүний  хойноос харж  “Дорлиг минь, чи   ганц  хүүгээ тэнэг мангуу гэдэг чинь  нэг муу    сэжиг авсных биз. Одоогийн ёсондоо таарсан энэ амьтан хүүгийн чинь нүдэнд ямар харагддагийг  чи  бид хоёр яаж мэдэх вэ дээ, хөөрхий” гэж  бодож  суулаа.

Ногоон гэрлийн талд бэлчсэн бараан сүрэг адуун дундаас удган цагаан морьтой хүн гарч горхины эрэгт сууж байгаа Халзангийн охиныг чиглэн давхив. Ваанчиг өвгөн хэн болохыг даруй таниад инээд нь хүрч суулаа. Дорлиг баахан гилбэлзээд;

-Ваанчиг  аа,   манайд орж айраг уу гэхэд:

-Өлөн элгэн дээр айраг зохихгүй болоод байна шүү, Дорлиг оо. Тэр Халзангийн охин руу хийсгэж яваа цагаан морьт чинь хэн бэ гэхэд мань өвгөн баахан шазав татав хийгээд;

-Манай тэнэг хар  л байна  гэж эгдүүцэн  өгүүлэв. Дорлигийн “тэнэг хар”  Халзангийн  охин дээр шуугиулж  ирээд хажууд  нь бууж байгаа  харагдана. Ваанчиг өвгөн мөрийгөө авсан юм шиг урамтай   мушилзаж;

-Одоогийн хүүхдүүд ч илүү маяггүй сайхан болж дээ гэхэд  Дорлиг   өвгөн   тэссэнгүй:

-Чи намайг бүү цаашлуулаад бай! Халзангийн жунгаад тархи нь эргэсэн хар хэрээ чамайг даа би... гэж хүүгээ зүхээд босон харайж гэрийн зүг майжигнав.  Ваанчиг   өвгөн бах нь ханасан янзтай инээгээд;

-Дорлиг оо, чи надаар чөдөр зангидуулбал зангидуул л даа гэхэд цаадах нь эргэж ч харсангүй.

Ногоон гэрлийн талд Дорлигийн хүүгийн удган цагаан морь цулбуураа чирэн сул явж харагдана. Тэр хүү үнэхээр хамаг чөдөр ногтоо гээж дууссан юм биш  байгаа  даа...

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахахахахаха(59.153.113.88) 2024 оны 04 сарын 28

БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна даа

1  |  0
Жамка(66.181.161.59) 2024 оны 04 сарын 28

Хэдэн онд бичигдсэн зохиол вэ

4  |  4
ану үжин (202.9.42.11) 2023 оны 12 сарын 23

энэ ѳгүүллэгийг уншаад уран уншлашын тэмцээндэа сайн оролцноо баярлалаа. Зиндаа

8  |  6
лооооо(202.9.40.126) 2022 оны 11 сарын 30

оолдщшггг

3  |  3
Дашдулам(103.229.120.115) 2023 оны 02 сарын 07

сэтгэлд хүртэл бичсэн байнаа

6  |  4
Top