Танин мэдэхүй: Халимны гэдсэнд 16 цаг амьд байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 15

Тэр буман зүйлийн загас сүлжилдсэн гадаад их далай, ус мөрөн манай дэлхийн гадаргын 79 гаруй хувийг эзэлдэг бөгөөд 360 сая хавтгай дөрвөлжин км талбайтай. Энэ элцэлгүй их усанд халим хэмээх аварга загас чөлөөтэй амьдарч, үзсэн харсан бүхнийг гайхшируулдаг ажээ. Тэр том амьтны гэдсэн дотор хүн 16 цаг "амьдарч", эргээд золоор ертөнцтэй амьд мэнд учирсан нэгэн хачирхалтай түүх XIX зууны сүүлчээр болсон байх юм. Тэр тухай өгүүлсүгэй. "Дорнодын од" хэмээх гоё бөгөөд сүржин нэртэй Английн усан онгоцныхон нэлээд зайтай газраас халим харжээ. Яаравчлан агнахаар хоёр завийг  усанд буулгав. Эхний завийнхан халимд ойртоод жад шиджээ. Шарх авч уурласан халим огцом эргээд усны гүн рүү орсноо төдхөн заналт амьтдаас өсөө авах гэсэн мэт эргээд гарч ирэв. Сүүлээ ганцхан цохиод завийг усанд живүүлчихэж. Энэ үеэс хоёр дахь завьчид хүрэлцэн ирж халимыг жадлан цааш харуулжээ. Гэтэл эхний завийн найман хүнээс хоёр нь алга.

Халимыг усан онгоцонд хүргээд өвчиж янзалжээ. Маргааш өглөө нь халимны ходоодыг яртал дотроос нь өчигдрийн алга бологчийн нэг Бартли гэгч гараад ирэв. Тэр амьд байлаа. Биеийг нь далайн усаар угааж байтал төдхөн мань эр нүдээ нээв. Хөөрхий Бартли хэнийг ч танихгүй, юу ч мэдрэхгүй, үе үе дэмийрч, солиорсон мэт байдал үзүүлж байлаа. Долоо хоногийн хойно бүрэн ухаан оржээ. Ингээд Бартли хуучин хэвэндээ бүрмөсөн эргэж орсноор барахгүй удалгүй ажилдаа орох нь тэр. Бартлид ганцхан өөрчлөлт оржээ. Ердөө л түүний нүүр, гар, толгойн арьс нь цав цагаан болчихсон аж. Бартли том шонхор хамартай эр санж. Нөхөд нь түүнд "Цагаан толгойт бүргэд" гэдэг шинэ нэр хайрлав. Бүргэд маань халимны гэдсэн дотор яг арван зургаан цаг байсан аж. Тэр урт хугацаанд яаж амьд байсан юм бол... Түүний хариуг судлаачид ийн тайлав. Халимны хоолойн өргөн нэг метр тул Бартли тийшээ төвөггүй заларсан нь мэдээж. Хоолойны эхний хэсэгнь 1,5-1,8 метр урт, нэг метр өргөн. Доод шүд нь төө орчим урттай, маш хурц 40-42 ширхэг. Тэгэхлээр Бартли золоор тэр аймшигт шүдэнд өртөлгүй, өргөн хоолойгоор цааш эсэн мэнд давжээ. Халимны ходоодонд агаар байдаггүй.Түүний оронд хоол боловсруулдаг 120 метр орчим шингэн зүйл байдаг. Гэтэл хүн агааргүй амьдрах гэж юу байхав. Хүн жирийн байдалд нэг минутанд 21 хувь хүчилтөрөгч бүхий 7-8 литр агаар хэрэглэдэг. Тэгвэл Бартлид 16 цагт 8000 метр цэвэр агаар шаардлагатай байсан аж. Халимны биеийн халууны хэмжээ 37,5-38,5 С байдаг. Агааргүй ийм халуун орчинд Бартли яаж тэсэж байсан нь гайхалтай. Зарим хүмүүс түүнийг маш их айснаас ухаан алдаад таг унтчихсан байж мэдэх юм гэдэг. Халим ч аугаа том, Бартли ч маш бөх, бас азтай эр юмсанжээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top