Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
НЭМҮТ-өөс өгч буй мэдээллээр сүүлийн жилүүдэд манай улсад эхийн сүүгээр хооллолт буурчээ. 2010 онд нялхсын 66 орчим хувь эхний 6 сар эхийн сүүгээр дагнан хооллож байжээ. Гэтэл 2013 онд 50 хүрэхгүй болтлоо буурсан байна. Мөн хүүхдийн дундах өвчлөл ихэсчээ.
Ингэж буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй зэргээс улбаалж байна. Цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүргэж нэгэн том шалтгаан юм.
Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг. Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг аж.
Мөн эхийн сүүгээр хооллолт нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасдаг. Улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг.
Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч, цаашлаад бодлого тодорхойлогчид эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хэрэгтэй.
Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүй. Үүн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ. Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон. Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )