ШОНХОР БАРИЛЦСАН МИНЬ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 10

Нэг нь “уншаад” бусад нь дагаад байх юм. Ядаж харуй бүрийг хэлэх үү. Майхны завсраар харлаа. Болдоггүй. Энд байх хугацаа 24 цаг буюу ганц хоног. Унтчихсан байдаг. Оройтож ирсэндээ. Бие засах  гэж буй мэт шулуухан гараад холхон очиж хөндлөн талаас нь харлаа. 

 Бүгд зүүн зүг буюу нар  мандах зүг харж зогсоод урд байгаа нэг нь  сөгдөн, цээжээ өндийлгөн байж босох агаад хэлсэн үгийг ард нь байгаа  дөрвөн эгнээ болж дөрөв таваараа нэгэн шугаманд жагссан хүмүүс хөдөлгөөнийг нь байтугай хэлж байгааг нь нэгэн дуугаар давтах аж. Арабууд  “Аллах” бурхандаа мөргөж байгаа нь энэ. Миний мэдэхээс “Аллах бурханы алдар бадраг” гэсэн утгатай “Аллах акбар” гэсэн үг л тодхон сонсогдож байв. Эд бол Арабын нэгдсэн Эмират  улсаас монголд албан ёсоор  ирсэн мэргэшсэн “шонхорчид”. Харин би  эдний тухай бичих эрх авсан сэтгүүлч нэгэн.

Удалгүй нар мандаж өглөөний цайгаа уулаа. Арабууд жижигхэн шилэн аягаа наран зүг харуулан цайныхаа өнгийг харан их л сэтгэл хангалуунаар уух аж. Мөн маш их уурагтай хэмээн чидуун жимсний дотроо ястай хар үрийг амтархан иднэ. Харин бүхэл мах чанаж идэх дуртай монголчуудад хонины  мах л нэг элбэг байлаа. Учир нь 7-8 шонхор өдөрт нэг хонь “иддэг” аж. Гэхдээ зөвхөн цул махыг нь идэх учир ястай мах элбэг үлддэг байна.

Барьсан шонхруудыг том майханд тус тусад нь газарт шаасан тусгай суудал  дээр хөлийг нь суудалтай нь холбон  шомбойтол суулгаж, нүдийг нь хаасан малгай өмсүүлсэн байх аж. Малгайг нь арабаар “бургаа” гэдэг гэнэ. Идлэг шонхорын эм нь эрээсээ том биетэй байдаг бөгөөд энд нийт 21  шонхор байлаа. Монголын 470-аад зүйл шувуунаас өдрийн идэвхитэй 41, шөнийн идэвхитэй 11 нийт 52 зүйл махан идэшт шувуу байдаг. Шонхор  өдрийн идэвхитэй шувуунд тооцогдох бөгөөд Монголд нийт 10 зүйл бий. Харин идлэг шонхор нь эдгээрээс хамгийн том биетэй тоо толгой, тархацын хувьд ч харьцангуй элбэг. Шонхор нь улирлын нүүдэлтэй шувуу. Монголын Байгаль орчны яамнаас 2002 онд явуулсан хаврын тооллогоор 6000, харин намрын тооллогоор 15 мянга орчим идлэг шонхор тоологдсон бөгөөд жилд  400 орчим идлэг шонхор барьж гаргах зөвшөөрлийг засгийн газраас арабын орнуудад олгодог. Нэг шонхор барих зөвшөөрлийн үнэ 4500 байсан бол одоо 10 000 ам. доллар болсон.

Эрт цагт  зүүн Азийн ойт хээрээс Унгарын Карпатын нуруу хүртэл тархаж байсан  энэ шувуу Европын төдийгүй Оросын ихэнх нутагт үзэгдэхээ больж,  одоо зөвхөн Сибирийн  болон Хятадын зарим хэсэгт л үзэгддэг болсон бөгөөд харин  Монголд тархац нь хэвээр хадгалагдан үлджээ. Идлэг шонхорын монгол дахь тархац Монгол Алтайгаас Их Хянганы баруун хэсэг хүртэл үргэлжилнэ. Гэхдээ Хөвсгөл, Хэнтий, Хангайн нурууны ой, тайгатай хэсэгт тааралдахгүй. Хурдан шаламгай, дайчин бас хүнд дасахдаа амархан энэхүү махан идэшт шувууны дүрсийг Чингис хааны байгуулсан Их Монгол улс сүлдэндээ дээдэлдэг байсан бол өнөөгийн Монгол улс цагдаагийн байгууллагынхаа сүлд тэмдэг болгосон билээ. Энэ шувууг  XIII зууны монголчууд “шувууны гэр” хэмээн нэрлэгддэг үржүүлгийн газарт тусгайлан адгуулан үржүүлдэг  байсан төдийгүй Хубилай сэцэн хааны үед одоогийн Хятадын Гансю, Сычуан мужид туулай, шар чичүүл, зурам зэрэг мэрэгчид хэт олшрон газар тариалан сүйтгэхэд арван мянган шонхорчид монголоос ирүүлж эдгээр мэрэгчдийг ”хүйс тэмтрэн дарж”  байсан тухай  түүхэн баримт байдаг.

Барьсан шонхортой танилцсаны дараа “ниссан” жийп хөлөглөн хүсэн хүлээсэн шонхор барих ажилд гарлаа. Надад хайрцагтай тагтаануудыг гаргаж өгөх, орчуулагчид тагтаа барьж байх үүрэг оногдов. Удалгүй нэгэн уулын орой дээр гарч ойр орчмын тэнгэрийг хориод минут дурандаж шонхор хаана байгааг тандлаа. Шонхор гээч шувуу үнэхээр өндөрт нисдэг ажээ. Хэдийгээр би амьтан судлаач мэрэгжилтэй ч гэсэн нэлээд заалгаж байж олж харсан билээ. Ингээд нэг шонхорыг сонгож нисэж буй хөндийд нь бууж очлоо. Би өөрийн үүрэг ёсоор нэг тагтаа гаргаж өгөв. Орчуулагч тагтааг барьж  удирдагчийн суудал хэмээгдэх урд суудалд суусан Фахаадад тагтааны нуруунд шонхор барих тор бэхлэхэд нь туслав. Энэхүү тор гэдэг нь 4 х 5 см орчим хэмжээтэй эрчилсэн төмөр  дээр хоорондоо зайтай олон сатуркан гогцоо бэхэлсэн тун ч энгийн  зүйл байх аж. Шонхор тагтааны нурууг хумсаараа цоо базахад хуруу нь энэхүү буцаж сулардаггүй гогцоонд тээглэн сандарсан шувуу тагтааг алдаж тэр нь хөлийг нь унжуулан татаж, нисэхэд нь саад болон амархан эцээдэг аж. Шонхор барих энэхүү торыг арабаар “шабаак” гэдэг гэнэ. Ингээд тороор тоноглосон тагтаагаа машинаас гарган тавингуут өнөө тагтаа ч “эрх чөлөө мандтугай” гээд алга болж өглөө. Хамгийн хачирхалтай нь манай машин тагтаа ниссэн зүгийн эсрэг зүгрүү хар хурдаараа давхиж гарах нь тэр. Энэ нь ч их учиртай юм билээ. Суларч ниссэн тагтааг тэртээ дээрээс харсан шонхор хэдхэн хормын дараа   дайрдаг аж. Шонхор цагт 320 км цагийн хурдтай шумбадаг хамгийн хурдан жигүүртэн болохоор арга ч үгүй биз. Эхний дайралтанд баригдахгүй бол “эрх чөлөө” биш “үхэл” байгааг ойлгосон тагтаа орж нуугдах гэж эргээд машинруугаа бүх хурдаараа “дайрдаг” ажээ. Бид  машинтайгаа хар хурдаараа зугатаж бидний араас тагтаа хөөгөөд тагтааг  шонхор дайраад  баахан давхилаа. Шонхор заавал өндөр авч байж дайрдаг юм билээ. Тагтаа ч сайн бултах аж.  Найм дахь  шумбалтаараа шонхор тагтааг барилаа. Базсан дороо хуруунд нь гогцоо орсон бололтой цочин дэрвэлзэж тагтаагаа сул тавин унжуулж орхив. Манай арабын баярлаж байгаа гэж жигтэйхэн. Одоо харин байдал эсэргээр эргэж бид  тагтаа унжуулсан шонхорыг хар хурдаараа хөөж гарлаа. Дов сондуул, хад, чулууг тойролгүй  дайран гарч байсан агаад шонхор хөөхөд машин хайрлах гэсэн ойлголт л лав арабуудад байдаггүй юм билээ. Тагтаа “чирсэн” шонхор ч өндөрт нисэж чаддаггүй аж. Арваад минут хөөцөлдсөний дараа эцэж цуцсан “ачаатай” шонхор маань дээшээ хараад унаад өглөө.

Шонхорын хүчирхэг хумсанд базуулахгүй, ангайсан махир хошуунд нь оногдохгүй барина гэдэг үнэхээр мэрэгшил шаардсан ажил аж. Баригдаж сандарсан шонхорын муухай дуугарахыг яана. Малгай өмсүүлсний дараа шонхороо нарийвчлан судалж эцэст нь хэмжлээ. Тэгээд буцаагаад тавьчихлаа. Энэ шонхрын далавчны урт тохирохгүй байсан гэнэ. Ер нь арабууд шонхорыг монголчууд хурдны морь шинжиж байгаа мэт сонгон авдаг аж. Хориод шонхор барихад нэг нь  таарч байвал их юм гэнэ. Нүд, өнгө зүс, нас, хүйс, хэмжээ, биеийн галибар, зан араншин, нисэж байгаа байдал  гээд олон шалгуур давах ёстой аж.

Дараагийн шонхор, тавьсан тагтааг хоёр дахь дайралтаараа л барилаа. Гэтэл хаанаас гараад ирсэн нь бүү мэд, нэг сар  зүүгдэж явсан тагтааг хажуугаас нь шүүрээд гурвуулаа орооцолдон газарт уначихдаг байна. Яаж салгана гэж бодож байтал Фахаад харин нь ч амархан салгалаа. Их удаавал, том биетэй хүчирхэг  сар харьцангуй жижиг биетэй шонхорыг “барьчихдаг” аж. Та бидний  бахархаад байдаг шонхорыг сар, бүргэд тэр байтугай адгийн муу хар хэрээ хүртэл дээрэлхээд олзыг нь булаачихдаг гэнэ. Харин тэд шонхор шиг шаламгай биш болохоор холхноос дагаж олзоо барингуут нь очиж булаадаг байна. Шувууд ч гэсэн хүмүүн бидэнтэй төстэй л зан араншинтай дамшигнууд байдаг аж.

 Фахаад маань сарыг тавьж явуулчихаад шонхороо “судлах” ажилдаа орлоо. Тэгээд баахан толгой сэгсэрч амандаа юм үглэж байснаа шонхорын хөлийг үзүүллээ. Нэг хөл нь овон товонтой болчихсон байв. Энэ нь их халдвартай өвчин гэнэ. Уг нь энэ шонхор бүх шалгуурыг давсан байсан боловч тавихаас өөр аргагүй аж. Гуравдахь шонхор арав гаран удаа дайраад ч тагтаагаа барьж чадсангүй. Нөгөө тагтаа нь бүр сүүлдээ газарт буугаад нам хэвтчихлээ. Гэхдээ шумбан дайрах  шонхороос бултаж чадаад байв. Фахаад машинаас буун дурандаж байснаа  нэг юм хэллээ. Хэт хөгшин шонхор  учраас тагтаагаа очиж авья гэж байгаа аж. Машинаас гарч дөхөөд очтол нөгөө тагтаа маань  усанд сэлж байгаа хүн шиг хоёр далавчаараа газар самардаад шууд надруу элгээрээ мөлхөж гарах нь тэр. Өндийвөл шонхорт бариулна гэдгээ сайн мэдээд байгаа аж. Гар дээрээ автал, нүд нь бүлтэлзэн, зүрх нь түг, түг хийтэл цохилох нь мэдрэгдэх биш бүр сонсогдож байв. Хичнээн өрөвдмөөр  гээч. Тагтаа ч гэсэн амьдрах  гэж  адгийн муу амьтан хүнээс  хүртэл амь гуйдаг  байна. Энэ тагтаа  уг нь шонхор гэдгийг огт мэдэхгүй хотын уугуул шувуу гэнэ. Гэтэл ийм ухаантай байдаг. Надад бэлэглэчих гэж Фахаадаас гуйтал, надруу нэг том харснаа муухан инээмсэглэн толгой дохилоо. Ингээд үдийн хоолны цаг болсон тул бид буцав. Шонхор сурвалжлахаар тохиролцсон  хугацаа ч дууслаа. Нар шингэх гэж байхад хотод ирэв. Өвөртөө хийсэн нөгөө тагтаа маань замын туршид огт хөдөлсөнгүй. Хотын төвд ирээд тавьтал хол ч ниссэнгүй ойролцоох цонхны ирмэг дээр очиж суугаад өд сөдөө янзалж байснаа  өндөрт нисэн гарч хэсэгхэн зуур тогтносоноо үүрээ хаана байгааг мэдсэн бололтой   баруун хойш чиглэн алга боллоо.        Шонхор барих гэдэг товчхондоо нэг иймэрхүү л ажил байдаг  аж.

 

Г.Амарсанаа

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.9.41.97) 2022 оны 10 сарын 18

Shonhoroo barij taviad bhaar gemtehgui yu?

1  |  0
A(203.91.115.39) 2022 оны 10 сарын 18

Odoo ene zavhralaa boliul

1  |  0
зочин(93.87.123.10) 2022 оны 10 сарын 18

Шонхор барихаар ирсэн арабуудад өөрийн орны иргэдээсээ илүү үйлчилдэг Буянт-Ухаагийн гаалийн ажилтнууд юунд нь ингэж хөл алддаг байнаа гэмээр үйлчилдэгийг анхаараасай билээ гаалиас тэгэвэртээ гарсан Ганбат гэгч эмэгтэй нь Арабуудад үйлчилчихсэн явж байдаг гаалийнхандаа зүгээр байдаггүй гэдэн юм билээдээ Ганбат бол манай тагнуулийнхантай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй нөхөр нь тагнуулын байгууллагад ажилладаг, ингэхээр манай төрийн тусгай алба ийм л дүр төрхтэй байна даа

1  |  0
ДОРЖ(202.9.42.161) 2021 оны 01 сарын 10

Манайхаас авалсан шонхороо Куйветууд зэргэлдээх орну баячуудад 7-25 дахин нугалан зардаг. Манай Байглийн яамныхныг худалдаад авчихсан, МУ-ын уудам нутгийн эзэн болчихсон, түүнийг там болтол давхиж , улаан номонд орсон амьтан хүртэл агнаж нутагтаа байгаагаасаа илүү эрх эдэлж дураараа авирласаар 20 жил боллоо. Арчаагүй төрийн хэдэн авилгач түшмэд цулайхаас, МУ нь өрөнд орж уруудсаар..... Каз,Турк,... мэт шонхороо бариулдаг бусад орон ийм ан хийлгэх холбогдох хууль журамтай, хатуу хяналт, өндөр шаардлага тавьж, заасан газартаа тогтсон багино хугацаанд өндөр ханштай бариулдаг. Оюунхорол сэрээсэ

1  |  0
Bolor(202.70.46.227) 2022 оны 10 сарын 18

Nudend haragdtal bichsen bna . Bi ooroo hamt yavaad irsen yum shig l bolloo.

1  |  0
Ц.Чимэддондог(124.158.77.7) 2022 оны 10 сарын 18

Сайн бичжээ. Сурвалжилгын үндсэн элемэнт болох дүрслэлийг гойд гаргаж. Манайхан ингэж л бичих хэрэгтэй юм.

1  |  1
Top