УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэр баргийн юманд дуугараад байдаггүй. Тэр ам нээвэл бас хэнээс ч дутахааргүй жинтэй үг хэлнэ. Монголдоо гайгүй эдийн засагчдын тоонд багтаж яваа болохоор тэр биз. Сүүлийн 10 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн бараг зураа дахин өссөнийг тэр “Дэлхийд ийм өсөлт бараг гараагүй” гэж байна. Гэтэл яагаад ард түмэн ядуу хэвээрээ, ажилгүйчүүд улам өсөөд байгаа нь тун сонин. Түүний тайлбарлаж байгаагаар бол улсын төсвийг хэн дуртай нь юу хүссэндээ хамаа намаагүй цацаж, нийгмийн салаа мөчир бүрд жигд хуваарилж чадахгүй байгаатай холбоотой ажээ. Нөгөөтэйгүүр Засгийн газрын нүсэр том бүтэц, сул дорой ажиллагаа гай болоод байна гэнэ. Засгийн газар маань яг л шаварт суусан машин шиг хий эргээд байх юм хэмээн тэр шүүмжилжээ. Ер нь Сү.Батболдын Засгийн газрыг юм хийхгүй байна гээд огцруулахыг хүссэн хүн маш олон байгаа бололтой. Гэвч МАН УИХ-д олонхи байгаа үед Засгийн газар хэдий муу байлаа ч гэсэн дараагийн сонгууль хүртэл мөлхөөд байх хойно доо. Саяхан Д.Зоригт сайдыг нь огцруулах гэтэл хамгаалаад аваад үлдэж байгааг харахад ийм дүр зураг ажиглагдаад байна. Гэхдээ асуудлын гол нь бас Д.Зоригтод байгаа хэрэг биш болов уу. Хамгийн чухал нь нам дамжсан олигархиудын хэлхээсийг тас цохих улс төрийн шинэ тогтолцоо хэрэгтэй болсон юм байна. Р.Амаржаргал гишүүн ч “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ. Тэрээр “Нам дамнасан сүлбэлдээн Д.Зоригт сайд шиг олон залуусыг золиослон сүйтгэж байгаа нь гунигтай байна” гэв. Тийм ээ. Яах аргагүй үнэн. Намын далбаан дор ямар ч муу зүйл хийж болдог, хийсэн гэм нүглээ халхавчилж амждаг ажээ. Үүнийг өнөөгийн улс төрчдийн үйл ажиллагаанаас жирийн иргэд сайтар харж, ойлгож байгаа. Харин Р.Амаржаргал өөр бас нэг зүйлд хартай эхнэрүүд шиг аашилдаг болчихсон байна. Тэр нь өнөөх сонгуулийн тухай хууль ажээ. Ойрноос УИХ-ын гишүүд сонгуулийн шинэ хуулийг хийхдээ холимог тогтолцоон дээр санал тогтлоо гээд байсан чинь үгүй бололтой. МАН-ын зарим гишүүд өөр бодолтой хэвээрээ байгаа аж. Тиймээс энэ хуулийн хувь заяа ихээхэн бүрхэг болжээ. Түүний хардаад байгаа нь, хэрвээ энэ янзаараа явбал хаврын чуулганаар сонгуулийн хуулиа баталж чадахгүй болох юм байна. Тэгээд намрын чуулганаар хэлэлцэн баталвал иргэд хүлээн зөвшөөрөхгүй, Үндсэн хуулийн цэцэд хандан бүр жонхуурч магадгүй гэлээ. Ийм нөхцөлд сонгуулийн шинэ хууль юу ч биш болж, хуучин хуулиараа 2012 онтой золгож мэдэх юм байна. Заримдаа сайн тунгаасан хардлага үнэн байдаг биз дээ. Хартай эхнэрүүд шиг болоод байгаа Р.Амаржалын үг ортой байж болох л юм.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )