Газрын албаны тамганы асуудал прокурорт шилжжээ

2017 оны 08 сарын 16

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын тавдугаар хуралдаан өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус дүүргийн Газрын албаны дарга Ц.Батмандахын танилцуулсанаар хэлэлцэн баталлаа.

Хуулийн дагуу уг төлөвлөгөөг оны эхэнд дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах ёстой байдаг. Гэтэл Газрын албаны өмнөх дарга дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулаагүйн улмаас иргэд хохироод байсан юм.

Дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж олонхийн саналаар дэмжин баталснаар дүүргийн иргэд нь газраа өмчлөх, нэр шилжүүлэх зэрэг эрх нь нээгдлээ. Гэвч Баянзүрх дүүргийн Газрын албаны тамгыг авч зугтаасан өмнөх дарга Д.Бат-Ундрах төрийн тамга, албан бланкийг авч явснаас үүдэн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна.

Тодруулбал төрийн байгууллагын тамгыг авч явсан ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны ажил сар гаруйн хугацаанд зогсоод байгаа аж. Өнгөрсөн хугацаанд иргэдээс 500 гаруй өргөдөл гомдол иржээ. Иймд уг асуудлыг холбогдох байгууллагад шалгуулахаар хандсан бөгөөд дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсээс прокурорт шилжээд байгаа юм байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top