Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд баригдсан Спорт цогцолборын барилгын ажил дуусч, улсын комисс ажиллан, байнгын ашиглалтад хүлээн авсан.
Энэхүү Спорт цогцолбор нь иж бүрэн тохижилттой, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой, орчин үеийн шийдэлтэй бөгөөд дүүрэг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаараа бүтээн байгуулж байгаа нь онцлог юм.
Спорт цогцолборын барилга нь гурван давхар, хөлбөмбөг, газрын теннис, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, дасгалын талбай зэрэг спортын бүхий л төрлөөр хичээллэх, хөгжих боломжтой, гадна орчин нь автомашины зогсоол, гэрэлтүүлэг, усан оргилуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх юм. Цогцолборын нэгдүгээр давхарт ширээний теннис, фитнес, боксын заал, албан хаагчдын өрөө, хурлын танхим, ариун цэврийн өрөө, агуулах, хоолны заал, хувцас солих болон бэлтгэлийн өрөө зэрэг шаардлагатай өрөө тасалгааг иж бүрнээр нь шийдсэн. Харин хоёрдугаар давхарт үндсэн сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн заалтай, гуравдугаар давхарт үзэгчдийн суудал, камер болон шүүгчийн өрөө, ашиглалттай дээврийн талбайг бүтээн байгуулсан байна.
Энэхүү Спорт цогцолбор ашиглалтад орсноор дүүргийн 140 гаруй мянган иргэн спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )