Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш... гэх үг бий. Энэ удаад хотод хийж хэрэгжүүлэх шийдвэр нь гарсан ч өдгөө цэгцрээгүй байгаа ажлуудын талаар ажил хариуцагчид хийгээд албан тушаалтнуудад
сануулахыг зорилоо. Магадгүй хэн нэгэн ямар ажил хариуцаж байгаагаа мартсан байж болно шүү дээ. Хотын даргын даалгавар авсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа хүмүүс ямар ажил хариуцаж буйгаа эндээс мэдэж болох юм.
Сануулга 1. Траншейнд хүн дахин унаж үхэхийг хүлээж байгаа хэрэг үү
Нийслэлийн тулгамдсан асуудлын нэгд онгорхой траншей багтах нь гарцаагүй. Учир нь траншейд хүн унаж бэртэх, улмаар нас барах явдал Улаанбаатарт бишгүйдээ олон тохиолдсон. Хүний амь насанд аюул учруулж буй уг асуудалд албан тушаалтнууд хэн нэгэн хорвоог орхисны дараа хэсэгхэн зуур яриад л намждаг нь нууц биш.
Хэзээ ч амь насаа алдаж болзошгүй аюултай нийслэлд бид амьдарч байна. Хэн нэгэн траншейнд унаж золгүй байдлаар хорвоог орхисны дараа нэг хэсэгтээ л түүнийг таглах тухай яриа өрнөдөг. Үнэнийг хэлэхэд нийслэлийн удирдах ажилтны хоёр шуурхай хуралдааны үеэр л энэ асуудал хөндөгддөг гэж болно. Эхний хуралдаан дээр хүн амь насаа алдсаныг нийтэд дуулгаж, болгоомжлохыг сануулж хотын дарга бүх онгорхой траншейг таглах үүрэг өгдөг.
Харин хоёр дахь шуурхай дээр ажил хариуцагчид тэдэн онгорхой траншейг тагласан хэмээн мэдээлэл хийгээд уг асуудал намждаг. Хэрэв хотын даргын өгсөн үүргийн дагуу энэ ажил хиигдсэн бол өнөөдөр нийслэлд онгорхой траншей тааралдахгүй байсан биз ээ. Гэвч алхам тутамд л онгорхой траншей байсаар байна. Одоо траншейнуудыг таглах асуудал бүр алсарлаа. Учир нь траншейнд хүн унаж амь насаа алдахгүй байгаа болохоор үндсэндээ энэ асуудал намжаад байна.
Заавал хэн нэгэн бэртэж, амь насаа алдсаны төлөөсөнд траншейг таглах асуудал яригдах ёстой хэрэг үү. Эзнээ хүлээсэн ажил нийслэлээр дүүрэн байна. Зуун метр хүрэхгүй зайд гурван траншей онгорхой байна шүү. Хүмүүс ээ, газар шагайн болгоомжтой алхаарай.
Сануулга 2. Хог цэвэрлэхийг шоу болгосон нь
Хотын дарга дүүргийн Засаг дарга нарт банга хүртээж, "Хотын удирлага та нарын ажлыг бүх л бололцоогоороо дэмжиж байгаа. Гэтэл та нар ядахдаа дүүргээ хогноос нь салгачихаж чадахгүй байна шүү. Би өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар төмөр замын удирдлагуудтай хот дундуур дайран өнгөрч байгаа төмөр замаар явж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн зохицуулалтын шинэ гарцын талаар чухал асуудлуудыг судалж, шийдвэрлэх хэмжээнд ажилласан.
Та нарын арчаагүй байдлаас болж төмөр зам даган хөглөрөх хог новшийг хараад хамт явсан төмөр замынхан, сэтгүүлчдээс үнэхээр санаа зовлоо. Ингэж ажиллахгүй шүү нөхөд өө" хэмээн бухимдсан үе саяхан. Ийнхүү хотын дарга өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд хуралдсан шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэл, дүүргийнхэн дөрөв, тавдугаар сарыг гэр хороололд ажиллах cap болгон зарлаж, энэ ажлын хүрээнд гурван ажил хийнэ хэмээн мэдэгдсэн.
Тэрээр иргэдийг ажлын байраар хангах болон их цэвэрлэгээ, орчны тохижилтыг онцолж, энэ гурван чиглэлээр хоёр сарын турш гэр хороололд ажиллана хэмээсэн билээ. Гэтэл өнөөдөр хэлсэн хугацаа нь талаасаа өнгөрч явахад хийсэн ажил нь нүдэнд харагдахгүй байна. Нэг л жишээ дурдъя. Хотын даргын энэ үүргийг өгсөн шуурхай хуралдааны дараагийн долоо хоногоос эхлээд дүүргүүдэд их цэвэрлэгээ өрнөсөн. Хүний гар хүрсэн юм хойно зарим газрын хог өмнөхөөсөө дээрдсэн ч дүүргийн ажил хариуцагчид хог цэвэрлэхээсээ илүү шоу хийх сонирхолтой байлаа.
Учир нь их цэвэрлэгээ зарласан өдөр хэвлэлийнхнийг хайсан хүмүүс олон байсан. Тэд ажил хийхийг шоу болгон хувиргаж, уварч цуварч ирэх хэвлэлийнхнийг хүлээн хамаг цагаа барж байсан юм. Ингээд дараагийн шуурхай хуралдаан дээр хог цэвэрлэж, тээвэрлэсэн гэсэн хэдэн тоо л цаасан дээр буусан. Ингэж халтуурдан цэвэрлэснийх нь гор өнөөдөр ч харагдсаар л байна. Хотын даргын үүрэг өгсөн өдрөөс хойш гэр хороололд их цэвэрлэгээ тасралтгүй үргэлжилсэн бол өнөөдөр хогтой газар ховор байх биз. Гэвч нийслэлийн хаана хур хог үүссэн байсан, яг л тэр газар өнөөдөр ч хог байсаар л байна.
Сануулга 3. Кабель утаснуудыг буулгаж, цэгцлэхээ мартав уу
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар их л бухимдангуй нэгэн мэдээлэл хийсэн нь нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах гэрэлтүүлгийн шон, троллейбусны багана дээр тогтоосон кабель утсыг буулгах байв. Тэрээр "Хотын хаа сайгүй байгаа энэ кабель утаснуудыг цэгцлэхгүй бол хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна. Ямар ч төлбөр төлөлгүй дуртай газраа шугам кабель утаснууд байрлуулах юм" хэмээгээд энэ асуудлыг хариуцах эзэн хотод байхгүй учраас өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байгааг онцолж байсан.
Хотын дарга энэ асуудалд анхаарлаа хандуулж, цэгцлэх даалгаврыг тэр шуурхай зөвлөлгөөний үеэр даалгасан билээ. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлын нэг яахын аргагүй мөн. Замбараагүй байрлуулсан кабель утаснууд хотын өнгө үзэмжийг гутаагаад зогсохгүй гэрлийн шонгийн бат бэх чанарт ч сөргөөр нөлөөлж буй нь үнэн. Хэрэв энэ газар цахилгаанд гэмтэл үүсч, гал гарвал ямар их хохирол учрахыг шонгийн модонд өлгөөтэй байгаа кабель утаснуудаас харж болохоор байна.
Аалзны тор шиг хэрсэн кабелиудыг цэгцлэх ажил шуурхай зөвлөлгөөний үеэр анх ярьснаас хойш хэдэн сарын дараа ажил хэрэг болж эхэлсэн билээ. Хотын ерөнхий менежер Ч.Бат "Энхтайваны өргөн чөлөө, зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх бүх шон дээрх кабелийг цэгцэлнэ. Хотын тохижилтод сөрөг нөлөө үзүүлж буй шон дээгүүрх нөөцийн олон утсыг цэгцэлж, хайрцаглах юм.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, "Мэдээллийн холбооны сүлжээ" компани зэрэг байгууллагатай хамтран бүх кабелийг газар доогуур хийх сувагчлалын төлөвлөгөө гаргана. Харин шаардагдах мөнгийг зөвхөн нийслэлээс бус, тухайн утаснуудыг ашигладаг байгууллагуудаас хөрөнгө төвлөрүүлэх замаар зохион байгуулна. Тэгэхээр энэ ажил ирэх жил үргэлжилнэ" хэмээн өнгөрөгч оны аравдугаар сард мэдээлж байсан. "Дуншиж, дуншиж" эхэлсэн уг ажил нэг хэсэг эрчимтэй өрнөж байсан ч тэгэсхийгээд л бас алгуурлах шатандаа шилжсэн юм.
Нэг хэсэг хэвлэлийнхний бичих сэдэв болж байсан эл асуудал өнөөдөр дурсагдахаа ч больжээ. Бүх кабель утсыг цэгцлээд дахиж энэ талаар дуугаралтгүй болсон юм болов уу гэтэл бас үгүй аж. Хэрэв та хотын даргын даалгаврыг ажил хариуцагчид хэр сайн биелүүлснийг мэдэхийг хүсвэл ердөө дээшээ харахад л болно. Эсвэл энэ даалгаврыг ор тас мартаж орхив уу.
Энэ мэт ярьдаг ч ажил хэрэг болоогүй асуудал Улаанбаатарт байсаар байна. Эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэх талаар хотын дарга даалгавар өгөхөд нийслэлчүүд сайшаан хүлээн авч байсныг ч санаж байна. Өвлийн хүйтнээс болоод дээрх ажлууд саатсан байж болох ч зам засварын ажил эхэлж, урин цаг хэдийнэ айлчилсан өнөө үед хийгдэж эхлэхгүй байгаа нь сонирхол татах юм.
Аль шатандаа ажил замхарсныг хэлж мэдэхгүй ч ам алдвал барьж болдоггүй гэдэг. Ажил хийхийг даалгасан, тийм даалгавар авсан нь ч эдгээр орхигдсон асуудлыг эргэн нэг хармаар байна. Хагас дутуу хийгээд орхисон ажлууд өдгөө ч хийх эзнээ хүлээн байгаа гэдгийг ажил хариуцагчдад дахин нэг сануулъя. Хотын даргын мартагдсан даалгаврууд хэзээ биелэх вэ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )