Бөхийн төрлүүдийн ДАШТ Францын нийслэл Парист эхлээд байгаа. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 48 дахь удаагийн удаагийн тэмцээн энэ сарын 25-26-нд буюу баасан, бямба гаригт болно. Эйфелийн цамхагт эрэгтэйчүүдийн найман жинд хаанахын хэн гэдэг хүчтэн цойлохыг харах л үлдлээ. Ингээд эрчүүдийн таамагийг дэвшүүлье.
57 КГ:
2015 оны Лас-Вегасын ДАШТ, өнгөрсөн жилийн Риогийн олимпийн медальтнуудаас манай гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр ганцаараа Парист очоод байна. Учир нь, Риод финалдсан Хинчегашвили, Хигүчи нар жин өгсч, Виктор Лебедев зодог тайлж, Хассан Рахимигийн оронд шинэ залуу ирэхээр болсон юм. Бэхээд Риогийн олимпийн алдаагаа цайруулах сайхан боломж гарч ирээд байна. Гэхдээ энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Оросын аварга, дагестаны “шинэ од” Заур Угуев, 23 хүртэлх насны Европын аварга Сулейман Атли (Турк), ДАШТ-ий мөнгөн медальт Владимир Дубов (Болгар), залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов (Азербайжан), 2016 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Андрей Яценко (Украин), 2016 оны Азийн аварга Сандееп Томар (Энэтхэг), энэ жилийн түрүү Юүки Моришита (Япон), ДАШТ-ий хоёр удаагийн тавдугаар байрын шагналт дэд аварга Нурислам Санаев (Казахстан), Дэлхийн цэргийн наадмын аварга Реза Атри (Иран) гээд олон өсч яваа залуус болон хашир туршлагатай өрсөлдөгчтэй нүүр тулна. Дээрээс нь 2016 оны хавар Дэлхийн цомын тэмцээнд манай ОУХМ Т.Түвшинтулгын гайхамшигтай мэхний золиос болж, намар нь Будапештийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Бека Ломтазе нутаг нэгт Хинчегашвилитэй байраа сольж, доод жиндээ барилдах болсон. Түүнийг Парист түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд зүгээр ч нэг оруулаагүй биз ээ. АНУ-аас Томас Жилман хэмээх улсынхаа аварга болсон залуу энэ жинд зодоглоно.
61 КГ:
Олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гүржийн Владимир Хинчегашвили Парист жин өгсөн барилдана. Тэрбээр энэ жилийн ЕАШТ-д 61 кг-д түрүүлсэн болохоор түүнд асуудал гарахгүй болов уу. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2014, 2015 оны дэлхийн аварга Гажи Алиев (Азербайжан), өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аварга Логан Стейбер (АНУ), 2016 оны насанд хүрэгчдийн, 2017 оны 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Рашидов (ОХУ), энэ жилийн Азийн аварга Бехнам Эхсанпур (Иран), Туркийн нэрийн өмнөөс ДАШТ-д анх удаа зодоглох Европын гурван удаагийн аварга тува эр Чингисхан Эрдоган (Опан Сат) гэсэн бие биеээ гол гаргах эдгээр эрчүүдийн дундаас энэ жингийн аварга бараг тодрох болов уу. Харин Кубын Жейми Куинтана хэмээх туршлагатай эрийг медаль авах бөхчүүдийн тоонд оруулья. Тэрбээр энэ жилийн Пан Америкийн аваргаар дэлхийн отгон аварга Стейберийг ялж “шуугиулсан”. 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт Даулет Ниязбеков (Казахстан) болон Харфоол (Энэтхэг), Андрей Препелита (Молдав), Хусейн Шахбанов (Беларусь) нарыг тооцооноос хасч болохгүй. Түүнчлэн Азийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга “Бооёо” буюу ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга нэг формдоо орчихвол хэнийг нь гол гаргаж мэдэх “салхитай” барилддаг залуу дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ.
65 КГ:
Сүүлийн гурван жилийн олимп, дэлхийн медальтнуудаас нэгэн ч энэ жинд зодоглохгүй. Риогийн олимпийн аварга Сослан Рамонов олимпоос хойш ганц ч тэмцээнд оролцоогүй. Харин Италийн Чамизо, манай Г.Мандахнаран, Украины Наврузов, Молдавын Сава нар жин өгч, Азербайжаны Асгаров допингийн олимпоос нэг жилээр эрхээ хасуулж, Ираны Сейд Мохаммади улсынхаа аваргаар эрхээ авч чадаагүй. Тэгвэл энэ жинд дэлхийн шинэ аварга төрөх нь тодорхой. Долоон жилийн дараа ДАШТ-д дахин барилдах болсон “Москва-2010” ДАШТ-ий дэд аварга, 2012 оны Европын аварга ОХУ-ын Алан Гогаев, Азийн АШТ-ий медалийн иж бүрэн цуглуулгатай Бажранг Бажранг, өнгөрсөн жилийн Азийн аваргын түрүү Мейсам Насири (Иран), дээд жингээс орж ирж барилдах болсон ЕАШТ-ий нэг алт, гурван мөнгөн медальт Польшийн дагестан бөх Магомедмурад Гажиев нар түрүүлэх бөхчүүдийн өнгөнд байна. Дээрээс нь 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт Франклин Гомес (Пуэрто Рико), ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Азамат Нуриков (Беларусь), Пан Америкийн аварга Франклин Кастилло (Куба), олимпийн хошой аварга Мавлет Батировын төрсөн дүү Азийн аварга Адам Батиров (Бахрайн), ЕАШТ-ий медальт Зураб Якобашвили (Гүрж), Мустафа Кайя (Турк), цэргийн дэлхийн хошой аварга Агагусейн Мустафаев (Азербайжан), Азийн АШТ-ий хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга Нармандахын Лхамгармаа (Монгол), Америкийн аварга Зейн Ретерфорд (АНУ) нар бичигдэнэ. ОУХМ Н.Лхамгармаа сүүлийн нэг жилийн хугацаанд хойд хөршид болдог Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Али Алиевын нэрэмжит чансаа өндөртэй ОУТ-д оролцож хүрэл медалийн төлөө барилдсаныг эс тооцвол хилийн чанадад өөр тэмцээнд оролцоогүй. Жингийнхээ бусад шиг судлагдаагүй. Тиймээс цахиур хагалж, таамаг эвдэж мэднэ шүү.
70 КГ:
2014 оноос хойш багтсан жин. ОХУ-ын бөхчүүд энэ жинд гурван ДАШТ-д “босоо” байсан. Тодруулбал, 2014 онд Хетиг Цаболов, 2015 онд Магомедрасуль Газимагомедов, 2016 онд Магомед Курбаналиев нар аваргалсан. Энэ жил дагестаны Магомедхабиб Кадимагомедов хэмээх энэ жилийн улсын аваргадаа түрүүлсэн даруухан амжилттай залуу Парист очоод байна. Тэрбээр нутгийнхаа аваргуудын амжилтыг залгуулахыг хүсч байгаа нь тодорхой. Гэхдээ 70 кг-д Оросуудын түрүүлсэн цуврал энэ жил зогсох магадлал өндөр. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, 2015 оны дэлхийн аварга Франк Чамизо тэдний дараалсан түрүүнд завсар оруулах хамгийн өндөр магадлалтай нь. Дуурийн эх орон Итали улсын куба “легионер” энэ жилийн ЕАШТ, Али Алиев, Йон Корнеанугийн нэрэмжит ОУТ-д шинэ жиндээ түрүүлж форм сайтай байгаа. Чамизогийн гол өрсөлдөгчид нь ДАШТ-ий хошой хүрэл медальт манай гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузов (Узбекистан), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Якуп Гор (Турк), 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Жеймс Грин (АНУ), өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт Мостафа Хоссейнхани, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт Акзурик Танатаров (Казахстан) нар байх болов уу. Дээрээс нь энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров (Азербайжан), Зураб Эрбоцанашвили (Гүрж), Семен Радулов (Украин), Амит Кумар (Энэтхэг) нарт ч боломж бий. Монголын бөхийн хорхойтнууд Мандахаа гавьяатыг Риод “луйвардуулсан” Узбекистаны Наврузовтой дахин таарахыг хүсч хүлээж байгаа.
74 КГ:
“Рио-2016” олимпийн наадамд хоосон хоцорсон Сэм авгын бахархал Жордан Барроуз Парист ногт ганзгалж ирэх нь тодорхой. Өдгөө барилдаж байгаа эрэгтэй бөхчүүдээс хамгийн олон буюу гурав түрүүлээд байгаа Барроуз дөрөв дэх алтаа Парист авах итгэл дүүрэн байгаа. Түүнд саад болох өрсөлдөгч хэд хэд бий. Тодруулбал, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, сүүлийн хоёр жилийн Европын аварга Сонер Демирташ (Турк), олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Жабраил Хасанов (Азербайжан), 2014 оны Ташкентийн ДАШТ-ий доод жингийн аварга Хетик Цаболов (ОХУ), Риогийн олимпийн наадамд Барроузыг ялсан ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Бекзод Абдурахманов (Узбекистан), ДАШТ-ий хошой хүрэл медальт Али Шабанов (Беларусь) тэргүүтэй “эвгүй” өрсөлдөгчид байгаа. Ер нь энэ жинд олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга ОХУ-ын Аниур Гедуеваас бусад хууччууд бүгд Парист зодоглоно. Түүнчлэн 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Сосүкэ Такатани (Япон), 2015 оны Азийн аварга Пейман Ярахмади (Иран) нарыг тооцооноос хасч болохгүй. Найман жилийн ДАШТ-д оролцох Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт манай ОУХМ Доржваанчигийн Гомбодорж “нэгийг бодож, хоёрыг тунгааж” байгаа нь лавтай.
86 КГ:
Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй ОХУ-ын Абдулрашид Садулаев жин өгссөнөөр энэ жингийн гол “фаворит” нь Риогийн олимпод доод жиндээ түрүүлсэн Хассан Яздани (Иран) зүй ёсоор нэрлэгдэж байна. Цол дагаж бяр гэгчээр иран эр шинэ жинд шилжсэнээс хойш ганцхан (хоёрдугаар сард Керманшахад болсон Дэлхийн цомд АНУ-ын Дэвид Тэйлорт дийлдсэн) ялагдсан. Түүнд хүчтэй эсэргүүцэл үзүүлэх хүн нь 86 кг-д өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай ОХУ-аас Владислав Валиев гэдэг залуу байгаа. Осет эр Парист зүгээр ч нэг очоогүй бөгөөд сүүлийн хоёр жилийн Европын аварга Даурен Куруглиев, Шамиль Кудьямагомедов нарыг гэрт нь үлдээснийг бодолцох хэрэгтэй. Дагестанаас гаралтай олимп, дэлхийн аварга Шариф Шарифов (Азербайжан), олимп, дэлхийн дэд аварга ингуш цустай Селим Яшар (Турк), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Жейден Кокс нар баараггүй медальд нэрлэгдэж байгаа. Түүнчлэн одоогоос долоон жилийн өмнө энэ жинд дэлхийн аварга болсон Михал Ганев (Болгар), Европын АШТ-ий хошой мөнгөн медальт Александр Гостиев, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Оргодолын Үйтүмэн (Монгол), энэ жилийн Азийн дэд аварга Азамат Даулетбеков (Казахстан), Пан Америкийн хошой аварга Юрески Торребланка (Куба), Риогийн олимпийн тавдугаар байрын шагналт Педро Фуэнтес (Венесуэль) нар нэмэгдэнэ.
97 КГ:
Чөлөөт бөх сонирхогчдын хамгийн их анхаарал татаж буй жин. Учир нь “Рио-2016” олимпийн наадам, Ташкент, Лас-Вегасын дэлхийн аварга 21 настай “Орос танк” Абдулрашид Садулаев, “Рио-2016” олимпийн наадам болон, Лас-Вегасын дэлхийн аварга 22 настай “Америк баатар” Кайл Снайдер гэсэн өнөө цагийн шилдэг бөхчүүдийн дуэлийг бөхийн хорхойтнууд бид Парист харна. Дагестан залуу өнгөрсөн дөрөвдүгээр сард жин өгсч барилдахаар мэдэгдсэнээс хойш “сошиал” ертөнцөөр “Садулаев, Снайдерийн хэн нь илүү вэ” гэсэн “маргалдсан”, “мэтгэлзсэн”, “талцуулсан” үг хүчтэй өрнөсөн. Тэгвэл үүний хариултыг бид Парист үзэх нь ээ. Мэдээж тэд нэг хэсэгт орчихгүй бол финалд хоорондоо таарах нь тодорхой биз ээ. Тэдний уулзалтад том саад хийх өрсөлдөгч одоохондоо алга. Харин 10 жилийн өмнө дэлхийн аварга болж байсан Георгий Кетоев (Армен), “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Магомед Ибрагимов, ДАШТ-ий хүрэл медальт Павел Олейник (Украин), энэ жилийн Европын аварга Риза Йылдрим (Турк), Европын анхдугаар наадмын дэд аварга Элизбар Одиказе (Гүрж), Азийн аварга Магомед Мусаев (Киргизстан), энэ жилийн Ираны аварга Амир Мохаммади болон Асланбек Албаров (Азербайжан), Александр Гуштын (Беларусь) нар үлдсэн хоёр медалийн төлөө гол нэр дэвшигчид байх болов уу.
125 КГ:
Хүнд жинд “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын дөрвөн удаагийн Туркийн Таха Акгуль энэ жиндээ сүүлийн хэдэн жил “босоо” байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд ердөө хоёрхон ялагдсан нь дээрхийг илтгэнэ. Махмут Демир, Зекерия Гючлю, Айдин Полатчи гэсэн “гүлливерүүд”-ийн залгамж 26 настай Акгуль 2013 онд Будапештийн ДАШТ-д Украины Алан Засеев, жилийн өмнө ЕАШТ-д Гүржийн Гено Петриашвилид тус тус ялагдсан. Түрэг эрд саад хийх өндөр магадлалтай эрчүүд гэвэл нь олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гено Петриашвили (Гүрж), Узбекистаны нэрийн өмнөөс барилдах болсон өөр нэгэн гүрж эр “Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт Давид Мозманашвили нар юм. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Жамалудин Магомедов (Азербайжан), ДАШТ-ий мөнгөн медальт Алан Засеев, хүрэл медальт Леван Берианизе (Армен) нар медалийн шанстай. Харин Ник Гваздовски (АНУ), Ядоллах Мохеби (Иран), Анзор Хизриев (ОХУ) гээд “битүү морь” байх болов уу. Хэдийгээр ДАШТ-д анх удаа оролцож байгаа хэдий ч тэд бөхийн орон Америк, Иран, Орос улсын аварга гэдгийг гэдгийг бодолцоход илүүдэхгүй. Дээрээс нь ЕАШТ-ий медальт Даниэль Лигети (Унгар), Роберт Баран (Польш), Азийн АШТ-ий медальт Айал Лазарев (Киргизстан), Нацагсүрэнгийн Золбоо (Монгол) нар эв таарвал тивийн аваргын медалиа дэлхийнх болгосон байхад хэн ч гайхахгүй биз ээ.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )