УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: Банкны салбараар тоглодог гадныхны бүх сувгийг хуулиар хаасан

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16


УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрээр одоогоос жилийн өмнө баталсан "Банкны тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, "Банкны тухай хууль"-ийн төслийн шинэчлэсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.

-УИХ хууль тогтоохоос гадна  хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байгууллага. Одоогоос жилийн өмнө баталсан Төв банкны тухай болон Банкны тухай хуулиудын хэрэгжилт ямар байна вэ. Энэ хуулийг батлан гаргах зайлшгүй шаардлага юу байв?

-Банкны хоёр шатлалтай систем бол Монголд шинэ тутам зүйл. 1990 оноос хойш л бий болсон шүү дээ. Анх 1990 онд баталсан Банкны тухай хууль тойм төдий л хууль байв. 1996 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Түүнээс хойш Төв банкны болон Банкны тухай хуульд үзэл баримтлалын, бодлогын дорвитой өөрчлөлт хийгээгүй. Харин 2010 оны хоёрдугаар сард баталсан хуулиуд бол сүүлийн 20 жилийн алдаа оноог цэгнэсэн, олон улсын банк, санхүүгийн жишигт нийцүүлсэн, тэдний стандарт руу дөхүүлсэн хууль болсон гэж баттай хэлж чадна. Олон шинэ зүйлийг банкны тогтолцоонд нэвтрүүлсэн. Ялангуяа Төв банкнаас арилжааны банкинд тавих хяналтын тогтолцоог онцолж хэлэх байна.

-Энэ талаар яг ямар өөрчлөлтүүд хийсэн бэ. Жишээ нь, арилжааны банкны эзэд өөрчлөгдөх бүрт, мөн банкны хувьцааг эзэмшдэг компанийг хүртэл зарах, бусдад шилжүүлэхдээ Монгол банкнаас зөвшөөрөл  авдаг болсныг олон нийт зөв алхам болжээ гэж дүгнэж байна?

-   Ерөөсөө арилжааны банкны үйл ажиллагааг хянахтай   холбоотой асуудал нарийн туссан. Тухайн арилжааны банкны дүрмийн сангийн тав ба түүнээс дээш хувийн хувьцааг аливаа иргэн, хуулийн этгээд эзэмших бол Монголбанкинд мэдэгдэж байхаар хуульчилсан. Монголбанк тухайн асуудлаар ямар шийд гаргана, Үнэт цаасны хороо түүнд нь тулгуурлан бүртгэж авдаг нарийн тогтолцоо бүрдсэн. Одоо Тээвэр хөгжлийн банкин дээр асуудал гарч байна шүү дээ. Энэ бол шинэчлэн баталсан хуулийг мөрдөөгүй, энэ хуулийн агуулгыг баримтлаагүй, сайн ойлгоогүйгээс үүдэлтэй маргаан. Банкны хуульд юу гэж заасан байна, түүгээр л явна.

Ингэж хянах болсны цаад шалтгаан нь юу байв?

-Дөнгөж бүрэлдэж, тогтож байгаа залуу тогтолцоог мөнгө угаах гэмт хэргээс сэргийлж байгаа алхам. Элдэв хууль бус аргаар олдсон мөнгө оруулж, банкны системийг доголдуулах вий гэсэн болгоомжлолын үүднээс оруулсан заалт. Нэгэнт л Монголбанк арилжааны банкуудад хяналт тавьж байгаа бол тухайн банкны дүрмийн сангийн хэдэн хувийг хэн гэдэг хүн, ямар хуулийн этгээд хаанаас олсон эх үүсвэрээр авч байна гэдгийг мэдэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь явуулж байсан үйл ажиллагаа, санхүүгийн, татварын х у в ь д ямар нэгэн асуудалгүй байх ёстой ч гэдэг юм уу. Олон хаширласан зүйл заалтыг хуульд оруулж өгсөн дөө.

-Ийм зохицуулалтгүй байснаас болоод Худалдаа  хөгжлийн банкин дээр асуудал гарч байсан байх аа?

-Худалдаа хөгжлийн банкны төрийн мэдлийн хувьцаа нэлээн олон хүний гар дамжсан. Эцэстээ монгол хүний гар дээр ирэх шиг боллоо. Ер нь Монгол Улсын санхүү, эдийн засгийг тунгалаг байлгахад банкны салбарын шударга ёс, ил тод байдал хамгийн их нөлөөтэй. Юу гэхээр, ганц Худалдаа хөгжил ч биш олон банкин дээр хувьчлал нэг тиймэрхүү байдлаар л явсан шүү дээ. Харин 2010 оны хуулийн шинэчилсэн найруулгаар бол цаашдаа иймэрхүү зүйл гарахгүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголбанк 50 хуулийн этгээд банк байгуулах  зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс 20 нь дампуурчихсан. Цаашид гадаадын этгээдүүд компаниар дамжуулан хөрөнгө оруулж банк байгуулж тоглодог, компаниа зарах нэрээр байгуулсан банкийг дураараа гар дамжуулан худалддаг, банк нь компанитайгаа худалдагддаг гээд банкны салбараар тоглодог гадныхны бүх сувгийг энэ хуулиар хаасан. Тэгэхгүй бол эцэстээ хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэн таран хийгээд, эдийн засгийг бүхэлд нь донсолгож хаячихаад "Та нар үүнийгээ татаж авбал ав" гэж төр рүү нялзаадаг бүхий л сувгийг хаалаа. Ийм олон гашуун сургамжийг бодолцож баталсан хууль даа. "Ард" шиг, "Анод" шиг, "Зоос" шиг явдал гаргуулахгүй байх баталгааг бий болгосон хууль гээд тодорхойлж болно.

-Шинэ   хуулиар Монголбанкны  эрх хэмжээг нэлээд нэмэгдүулжээ, янз нь?

-Тийм шүү. Хуучин Монголбанк хуулийн дагуу хяналт тавих эрхтэй байсан. Гэхдээ арилжааны банкны үйл ажиллагаа хэвийн байна уу, муу байна уу гэдгийг Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн нэг улсын байцаагч л арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Шалгалтаар очиход нь саатаад байдаг арилжаа нь хэвийн болчихсон, чанаргүй зээлийн ангилал нь өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр хянан шалгагч элдэв дүгнэлт тавьж чаддаггүй л хэвийн гээд явдаг байлаа шүү дээ. Гэтэл үнэндээ энэ бүхэн нь зохион байгуулсан,  шалгалтад бэлдсэн зүйл байдаг байсан. Банк санхүүгийн бизнес эрхэлж байгаа хүмүүс чинь бүлэглэл болчихсон. Уул уурхай, даатгал, боловсруулах үйлдвэр, мал аж ахуй, газар тариалан гээд бүхий л салбарт холбоотой. Банкийг үүсгэн байгуулсан этгээдүүдийн сонирхлын зөрчилтэй бизнесийг шалгах эрх нээгдээгүй байлаа. Харин одоо Монголбанк хүсвэл гааль, татвар, шүүх, цагдаа гээд хүсэлт тавиад л доголдоод байгаа банкны үйл ажиллагааг зохиомол төлбөр тооцоо байна уу, хэвийн ажиллаж байна уу гэдгийг шалгуулах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, банкны эздийн холбоотой компаниудын  санхүүд шалгалт хийх эрхийг нь олгочихсон. Энэ мэтчилэн хяналт тавих эрхийг нь Монголбанкинд боломжийн хэмжээнд олгосон шүү.
Эх сурвалж: Монголын нэг өдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top