Мөнхбатын Уранцэцэг энэ нэрд бид бүгдээрээ хайртай. Монгол Улс дэлхийн аваргатай болж, хүн бүхэн баярлан, бахархан байгаа энэ өдрүүдэд дөрвөн жилийн өмнө тохиосон нэгэн их бахдалыг, тэр баярыг бидэнд авчирсан Урнаагийнхаа ялалтыг санаж байна.
2013 оны наймдугаар сарын 27. Энэ өдөр Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын тамирчин М.Уранцэцэг жүдогийн эх орон Японы бөх Харуна Асамиг гарт нь өчих мэхээр цэвэр ялж бид дэлхийн аваргатай болж байлаа. Монголын жүдогийн түүхэнд эмэгтэй тамирчдын анхны алт, дэлхийн аваргын хоёр дахь медалийг энгэртээ гялалзуулан, алтан соёмбот төрийн далбаагаа Рио-гийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхдээ баяр, бахархлын нулимсаа өмсгөлийнхөө ханцуйгаар шудран зогсох Урнаагаа дагаад бид ч бас уйлсан. Энэ агшин дөрвөн жилийн дараа давтагдаж гавьяат тамирчин Д.Сумъяа монголчууддаа том ялалт, их баяр авчирлаа. Итгэл, найдвар алддаггүй Урнаа ч мөн дэлхийн медалиа ихэрлүүлж, эх орныхоо төрийн далбааг Будапештийн тэнгэрт өргөлөө. Ийнхүү тэрбээр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн монголын анхны эмэгтэй жүдоч болж байгаа юм.
Монголын жүдо бөхийн түүхэнд анхны эмэгтэй дэлхийн аварга төрсөн тэр тэмцээнийг эргэн саная. -48 кг-ын жингийн дэлхийн шилдгүүдийн хурд хүч, уран мэх, авхаалж самбаа, эр зориг, хариуцлага, сэтгэлзүйн тулаанд Монголын жүдоч М.Уранцэцэг ялж дэлхийд нэрээ дансалсан. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украины бөх Марина Кротыг, дараа нь Колумбын жүдоч Эблин Лукули, Кубын тамирчин Мария Селия Лаборде нарыг цэвэр ялснаар хэсгийн аварга болов. Ийнхүү дараагийн тойрогт Бразилийн жүдоч, олимпийн аварга Сара Менезесийг ялж, аваргын алтан медалийн төлөө Японы бөх 2010 оны дэлхийн аварга Харуна Асамитай барилдахаар шалгарахад бид зурагтынхаа өмнө догдлон, залбирч суусан. Өөртөө итгэлтэй, зоримог М.Уранцэцэг барилдаан эхэлснээс хоёрхон минутын дараа өрсөлдөгчөө цэвэр ялж, 2016 оны олимп товлосон орны дэвжээнээс ялалт, бахархал, их ерөөл тээж ирсэн билээ.
Урнаа тив, дэлхийн дэвжээнд аваргалан биднийг баярлуулж, огшуулсан амжилт, ялалтын түүх арвин. 2014, 2015, 2016 онд жиндээ дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдсэн, сая дэлхийн мөнгөн медаль хүртсэнээр дахин тэргүүлэхээр боллоо. “Рио-2016” олимпын шагналт V байр, 2013 оны ДАШТ-ий алт, дэлхийн мастеруудын аварга, Их дуулга ангилалд 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль, Ази тивийн аваргаас 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, Гран при ангилалд 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль, Дэлхийн цомын тэмцээнээс 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт... гээд түүний хөлс урсгасан ялалт, биднийг баярлуулж авчирсан амжилтын буухиа уртаас урт үргэлжилнэ.
Самбо бөхийн дэлхийн хоёр удаагийн аварга, кураш бөхийн дэлхийн аварга тэрбээр Монголын жүдогийн эмэгтэй тамирчдын дунд Токиогийн их дуулгаас 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн, Парисын их дуулгаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль зүүсэн цорын ганц жүдоч. 2009 оноос хойш дэлхийн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг амжилтыг жагсаасан жагсаалтад Монгол Улсын жүдоч М.Уранцэцэг 17 алт, 13 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн амжилтаар наймдугаарт эрэмбэлэгдсэн байна. Түүний амжилт ялалт бүхэн бидний бахархал, Монголын алдар хүнд билээ.
Амжилт, ялалтдаа эрдэж бардан өчүүхэн онгирдоггүй тэрбээр даруухан тамирчин, эгэл цагдаагийн алба хаагч юм. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Мөнхбатын Уранцэцэг. Тэсвэр тэвчээр, хурд хүч, эр зориг, нарийн ухааныг цэгцэлж, тангараг өргөсөн цагдаагийн алба, хариуцлага өндөртэй тамирчны үүргээ амжилттай биелүүлж, Монгол Улсын төлөө зүтгэж явна.
“-48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Мөнхбатын Уранцэцэг” энэ үг, энэ нэрд эх орон, ард түмэн чинь хайртай.
Б.Будхүү
Сэтгэгдэл ( 5 )
Уранцэцэг мундаг шүү.
ЭНЭ ОХИН МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ
mongolchuuddaa bayar hurgeye
Болж, байна. Сайныг магтах нь зөв...
Энэ охинд Хөдөлмөрийн баатар өгөх болсон шүү Монгол улсын ерөнхийлөгчөө !